8o
Улаанбаатар хот
mobile menu

Зэрлэг амьтадтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх Нийслэлийн шуурхай багийг байгуулжээ

2019-10-22 13:00:00

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/1059 дугаар захирамжаар суурьшлын бүсэд орж ирэх зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий нийслэлийн хэмжээнд ажиллах Шуурхай багийг Нийслэлийн Байгаль орчны газрын орлогч даргаар ахлуулан Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн анчдын холбоо, Агнуур судлалын нийгэмлэгийн төлөөллийг оролцуулан байгууллаа.

Аюулд өртөж болзошгүй зарим газар нутгаас айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, анхааруулах ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, Шуурхай багийн гишүүдийг сургах, тэдний байнгын бэлэн байдлыг хангах, нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд хүрэн баавгай зэрэг зэрлэг амьтан аюул учруулах бодит нөхцөл үүссэний улмаас тухайн амьтныг аюулгүй болгосон тохиолдолд батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу газар дээр нь ажиллаж үнэлгээ, дүгнэлт гарган тухай бүр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгдэж ажиллахыг Шуурхай багийн ахлагч С.Санжмятавд, зэрлэг амьтдыг эрсдэлгүй шилжүүлэн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, зөөвөрлөх тор, шаардлагатай техник хэрэгслийг бэлтгэх, биотехникийн арга хэмжээ авч, идэш тэжээлийн нөөц бүрдүүлж ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгад тус тус даалгалаа.

Нийслэл хотын хэмжээнд амьтан хамгааллын ажлыг үе шаттай авч хэрэгжүүлсний дүнд өнгөрсөн хугацаанд манай улсын хувьд одоогоор ганц байгаа Амьтан хамгааллын төвийг байгуулж, амьтны эмчийн орон тоог гарган, хот суурин газарт орж ирсэн, гэмтсэн бэртсэн 32 амьтныг эмчилж байгальд нь тавих, өвөл, хаврын улиралд туруутан амьтдад идэш тэжээл тавих биетехникийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн боловч өнөөдрийг хүртэл унтуулгын буу, амьд баригч болон бусад шаардлагатай техник хэрэгсэлгүй ажиллаж ирсэн юм. Тэгвэл уг захирамжаар дээрх зардлыг шийдвэрлэхээр болж байна.

Нийслэлийн иргэд та бүхэн зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх зөвлөмжтэй танилцаж, зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд Шуурхай баг (99995899), Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв (11310005)-д цаг алдалгүй мэдэгдэхийг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл