8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Шахмал түлшний уутан дээр яагаад бүх төрлийн зууханд ашиглаж болно гэж бичсэн юм бэ

2019-10-22 09:00:00

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл  Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сайжруулсан шахмал түлшний талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонслоо. Хуралд УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд, АН-ын дэд дарга нар болон Бодлогын зөвлөлийн гишүүд оролцов. Мөн Нийслэлийн засаг даргын Байгаль орчин хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ОБЕГ Т.Бадрал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө.  Мэдээллийн зарим хэсгийг товчлон хүргэж байна.

Шахмал түлшинд хордсон асуудлаар 206 дуудлага ирж,  549 хүн хордож,  8 иргэн амиа алджээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээлж буйгаар “2019 оны аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш шахмал түлшинд хордсон асуудлаар нийт 206 дуудлага ирж 549 хүн угаарын хийд хордож тэдгээрээс найман иргэн амиа алдсан. 199 тохиолдолд хэрэг бүртгэл нээн явуулж байна” гэлээ.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт нийтийн байранд ээж, охин хоёр угаарын хийд хордсон хэрэг гарсан. Угаарын хийд хордсоны улмаас гурван настай охин газар дээрээ нас барж, ээж нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ухаангүй байгаа юм.

Мөн энэ сарын 19-20-нд шилжих шөнө 19 өрхийн 52 хүн түүн дундаа 24 хүүхэд 28 том хүн хордсон гэх мэдээлэл өглөө.

Хуралдааны үеэр АН-ын зөвлөлийн гишүүд, дарга нар шахмал түлш яагаад иргэдэд аюул урчуулж байгаа болон түүний үр дагаварыг арилгах тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар холбогдох байгууллагын удирдлагуудаас мэдээлэл авч, энэ тухай өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг нэгдэж ярих ёстой

-Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө бүх төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байх ёстой. Зууханд, иргэдэд буруугаа үүрүүлж болохгүй. Одоо бол ниргэсэн хойно нь хашгирахтай адил зүйл болж байна. Тиймээс хариуцлага яригдах ёстой. Энэ асуудлыг улс төрийн хонжоо харсан байдлаар хандаж болохгүй. Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг бид нэгдэж ярих ёстой. Өглөө болгон иргэддээ мэдээлэл өгмөөр байна?

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан: -Маш олон төрлийн туршилт явагдсан. Гэр хорооллын иргэдийн бараг 99 хувьд буюу 174 мянган айл өрхийг сайжруулсан зууханд шилжүүлсэн байсан. Харамсалтай нь айл өрхийн 65 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй зуухтай байна. Түлшний уутан дээр ханын пийшин болохгүй гэж бичихээс илүүтэй үндэсний хорооноос айл бүрээр орж мэдээлэл өгсөн. Борлуулалтын бүх цэгт мэдээллийн самбар байрлуулсан байгаа. Айл өрхүүдийг зуухаа шийдэх болон дээр нь угаарын хийн мэдрэгчээр хангах шийдвэрийг Засгийн газраас гарган ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-ний дотор шийднэ. Эхний ээлжинд зургаан дүүргийн галлагаагаа шийдсэн айл өрхүүдэд угаар мэдрэгч нийлүүлнэ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Шахмал түлшний уутан дээр яагаад бүх төрлийн зууханд ашиглаж болно гэж бичсэн юм бэ

-Улс оронд үүсээд байгаа олон эрсдэлтэй асуудлын нэг нь энэ утаа. Тэр 500 гаруй иргэдийн эрүүл мэндийн байдал цаашид хэрхэн яригдаж байна. Хордсон хүний эрүүл мэнд заавал уршиг үлдэнэ. Ялангуяа хүүхдүүдэд. Хордлого тайлаад зүгээр болоод явсан гэж яриад байх юм. Дотор эрхтэнүүдийн хордлого, тэндээс үүсэх эмгэг урт хугацаанд гарна. Алдаа гаргасан бол уучлалт гуйх хэрэгтэй. Дараагийн асуудал нь яагаад дуудлага өгөхөөр цагдаа нь түрүүлж ирээд байгаа. Цагдаа нь ирээд иргэний эрүүл мэнд гэхээсээ өмнө худал дуудлага өгсөн үү, ард түмэнд буруу ухуулга таниулга хийсэн үү гэж ард иргэдийг дарамталдагаа болиоч. Иргэд сүүлдээ дуудлага өгөхөөс айж байна. Цагдаа нь ирээд нөхцөл байдлыг шалгах ёстой болохоос иргэнээс байцаалт авах ёсгүй байх. Тодруулга авч болохоос дарамт учруулж болохгүй. Хотын даргын “Шахмал түлшний талаар буруу ташаа мэдээлэл тараавал хариуцлага тооцно” гэсэн утгагүй мэдэгдэлээс болоод хувь хүний эрх чөлөөг хөндөж, төрийн нэр барьж төрийн хувцас өмссөнөөр иргэдээ айлгаж болохгүй. Энэ үлгэр чинь энэ мэт яригдсанаар цаашид хичнээн иргэн амиа алдах вэ? Та бүгдийн гэр бүл, үр хүүхэд чинь амиа алдахад ингээд налайгаад л, угаасаа өмнө нь хордож байсан, хортой хоргүйг нь шалгаж байна гээд суугаад байж чадах уу. Хүний амь тийм хямд юмуу, өдөр бүр л хүн хордож байна гэсэн мэдээлэл гараад байна.

Үндсэн үүргээ биелүүлээгүй байж худал үнэн халаа сэлгээ хийгээд суух юм. Хордсон иргэд, нас барсан хүний ар гэрт нөхөн олговор олгож байгаа юмуу? Утааг багасгахын тулд бүх улс төрчид ажиллаж байсан ч ард иргэдийнхээ амь насаар туршилт хийж явсан удаа байхгүй байх. Сайжруулсан түлшийг хэрэглэхэд ханан пийшин болохгүй, цооролттой зуух болохгүй гэсэн анхааруулга алга. Уутан дээр нь бүх төрлийн зуух ашиглаж болно гэсэн байгаа. Уутаа өөрчилж, залруулахгүй юм уу. Иргэдэд буруу өгч болохгүй. Нөхөн олговорыг яаралтай шийд. Бас нэг зүйл байна. Дунд сургуулийн сурагчдыг гэр хороололоор явуулан галлагааны талаар иргэдэд мэдээлэл хийнэ гэсэн байна. Дүүргүүдийн сургуулиудаар хувиар гаргасан байналээ. Ингэж болох юм уу?

Нийслэлийн эрүүл мэндийн газар, н.Зэндмаа: Эмчилгээ хийлгээд гарсан иргэдийг бүрэн эмчлэгдсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн хүний бие дээр гарсан өөрчлөлт, зовиур дээр үндэслэн бүрэн эмчилгээ хийгээд, эмчилгээний үр дүнг холбогдох шинжилгээ үзлэгийн дүнгээр баталгаажуулж байгаа. Тодорхой үлдэцтэй байгаад дахин зовиур илэрсэн тохиолдолд хяналтандаа авч өрхийн эрүүл мэнд, дүүргийн эрүүл мэндийн төвүүд хаяг, нэртэй нь тодорхой хүлээлгэн өгч байгаа.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр:Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан бид онцгой анхаарч ажиллаж байна. Нэг бэрхшээл тулгарч байгаа нь урсгал зардалын тооцоолол байгаа. Мөн нэг иргэний хордлогод орсон эрхтэн тогтолцооны байдлаас шалтгаалж эм тарианы хэрэглээ янз бүрээр нэмэгдэж байгаа ч бид холбогдох шаардалгыг хүлээн авч ажиллаж байна.  

УИХ-ын гишүүн: Я.Санжмятав: Найман хүний амь нас эрсэдсэн байхад үүнээс илүү эмгэнэл гэж юу байх вэ?

Сайд нар нь яагаад ирэхгүй байна. Байгаль орчин, хууль зүй, эрчим хүчний яамны сайд нарт хамааралгүй асуудал юм уу. Дэндүү хариуцлагагүй хандаж байна. Хэний Засгийн газар хийж байгаа нь чухал биш. Хэн ч байсан хийх ёстой. Гэхдээ нэг нь зөв юм хийж байхад Ардчилсан нам эсэргүүцээд л, ард түмэнтэйгээ нийлээд улс төржүүлээд байна гэсэн энэ гажуудалтай зар сурталчилгаагаа болиоч та нар. Яасан их мөнгөтэй юм бэ? Тэрнийхээ оронд зөв сурталчилгаа хий. Хотын дарга айлд очсон, гал түлээд сууж байна билээ. Хэдэн айлд очиж гал түлэв. Нэг айлд баахан телевизийхэнтэй очоод гал түлсэн бол буруу тийшээ харсан Засаг дарга байна. Тэр мэт айлуудад түлээд яваад байгаа юмуу? Хамгийн ноцтой зүйл бол энэ засгийн газар, хотын удирдлага буруугаа хүлээсэн сурталчилгаа хийгээгүй. Энэнийхээ төлөө уучлалт гуй л гээд байгаа юм. Найман хүний амь нас эрсэдсэн байхад үүнээс илүү эмгэнэл гэж юу байх вэ? Д.Ядамдоржоо чи ардын хүүхэд, найман хүн алтан амиа алдчихаад байхад ямар хариуцлагагүй үг хэлж байна. Дуудлагаас бусад тохиолдол нь өөрсдөө хордсон, өөрсдөө очиж эмчлүүлсэн гэх юм. Бас түлшнээс гадна бензин шатахуунд хордсон гэх юм. Тэр зуух дэлбэрсэн айлд бензин байсан юмуу, амь насаа алдсан гэр бүл бензинд хордсон юмуу? Гэтэл энэ засгийн газрын хүүхэд шиг л ярих юм. Найман хүн тодорхой бус шалтгаанаар амиа алдсан гэх юм, Ж.Батбаясгалан. Цагдаагийн газраас чинь 4 нь тодорхой болсон гэж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Айл өрхрүү оруулж байгаа хор уршигаа  сайн шалгаач. Нийт айл өрхийн 65 хувь нь энэ түлшийг хэрэглэх зуух байхгүй байна гэх юм. Тэр 65 хувьд багтах айл өрхөө хордож үх гэж байгаа юмуу? Маш буруу ноцтой мэдэгдэл хийгээд сууж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Найман хүний амь хохирч, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст хариуцлага тооцно

-Шахмал түлшний ард маш их бизнес явагдаж, маш их мөнгө хуваарилагдсан. Тэр мөнгийг хулгайлсан, буруу хүсэл шуналдаа хөтлөгдсөн хүмүүс эрдэнэт хүний амь хөнөөж байна. Хөрөнгө зарцуулалттай холбоотой албан тушаалтнууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Албан тушаалтнуудыг хүн амины хэрэг хийсэн гэдгээр нь жилийн дараа шоронд явуулна. Хариуцлагаас мултарна гэж байхгүй. Өнөөдөр найман хүний амь хохирч, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст хариуцлага тооцно. Тиймээс бодолтой байгаарай. Хэн нэгэн даргыг хамгаалах юм бол өөрсдийн чинь толгой дээр бууна гэдгийг сануулъя. Бид хариуцлага тооцдог нам шүү.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гайхмаараа
АНусууд авч идэхээ л боддогоос хариуцлага тооцдог нам билүү
2019/10/23 103.212.118.28