8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг л танил хэрнээ нэрнээс цаашгүй эрх

2016-03-15 11:07:00

Хэрэглэгчийн эрх ашиг... нэг л танил хэрнээ нэрнээс цаашгүй эрх чухам хэнд нь үйлчилээд байна вэ гэх зүйлтэй тааралддаггүй хүн үгүй биз. Томоохон үйлчилгээний байгууллагууд, дэлгүүр, худалдааны төвүүд зурагтаар “Хэрэглэгч та хаан” гэж өөрсдийгөө сурталчилдаг ч бэлэгдэлийн чанартай энэ үгээр үйлчлүүлэгчидээ хуураад л өнгөрдөг. Чанаргүй бүтээгдэхүүн борлуулж, хугацаа нь дууссаныг нь харсан ч хараагүй мэт царайлна. Ялангуяа баяр ёслолын үеэр хоолны хордлого, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэснээс болж хохирсон гэх иргэд хаана өөрсдийн хохь болоод л дуусдаг. Гэвч өөрөө худалдаж авчихаад өөрөө хордчихдог энэ үзэгдэлд хэн хариуцлага хүлээх вэ?

Бидний үйлчлүүлж, хэрэглэж байгаа зүйлс хааны хэмжээнд дөхөх ч үгүй. Хаан бус харин зарц шиг наад захын үйлчилгээг авах гэж дээрэнгүй үгээр чичлүүлж, мэдэхгүй, ойлгохгүй зүйлээ асуувал, мэдрэл муутайгаараа хүртэл дуудуулах нь холгүй ширэв татсан харцаар шилбүүрдүүлэх нь энүүхэнд. Эсвэл юм асуухаар дуу нь гарахгүй, үгүй юм аа гэхэд хэн үнэтэй үйлчилгээ авч байна, тэр хүнд тал засах янзтай ялгаварлан харьцдагийг захын нэгэн хэлнэ. Нөгөөх дэлхий нийтээрээ тунхагласан “Хэрэглэгчийн эрх” хаана байна вэ?

Өнөөдөр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр. 1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дахь жилдээ тэмдэглэж байна. Хэрэглэгчийн эрх гэдгийг гадарлаад 30 жил болж байхад “Зарагдсан барааг буцаахгүй” гэх бичиг өлгөсөн хэдэн лангуу байгааг та зүгээр л тоолоод үзчих. “Тавтай морил” гэдэг хэллэг шиг хаалга, хана, цонх, лангуу бараг шалан дээрээ хүртэл бичиж наах нь холгүй болчихсон энэ үгний ард нөгөөх яриад байгаа эрх ашиг уланд гишгэгдэж, урагдаж байгааг эрх биш харж л байгаа байлгүй. 

“Зарагдсан барааг буцаахгүй” гэдэг үгийг тайлж ойлговол “Манай дэлгүүрийн бараа чанаргүй, найдваргүй, та авбал ав. Авсан хүний хохь учраас бидэнд хамаагүй холуур бай” гэсэн утгатай мэт. Худал зүйлийг мянга сонсвол үнэн болдог гэдэгчлэн хэн нэгний зохиолд итгэсэн хэрэглэгчид хохироод үлддэг нь өнөөгийн төрх.

Гэтэл дэлхийн бусад оронд үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчээ хамгийн ихээр анхаарч дээдэлдэг. Бүр худалдан авсан бараагаа дахин солиулах бүтэн жилийн эрхтэй байдаг. Хэрэглэгчээс ирсэн гомдлыг зохих байгууллагад уламжилж хохирлыг нь барагдуулдаг. Худалдааны компаниуд “өнөөдрийн алдагдлаас, маргаашийн ашиг” гэх зарчмыг илүүд үздэг тул хэзээ ч зарагдсан барааг буцаахгүй хэмээн гүрийж, элдэв хэрүүл маргаан үүсгэдэггүй.

Гэтэл монголчууд бараа бүтээгдэхүүнээ буцаана гэвэл худалдагчдад элдвээр хэлүүлж, зодуулах дээрээ тулаад л урамгүйхэн гэрийн зүг гэлдрэх хэрэг гарна. Хамгийн аймшигтай нь энэ үгийг манай монголчууд хүлээн зөвшөөрдөг болчихож. Ийм үг бичсэн дэлгүүрээс юм авсан бол буцаж орох боломжгүй гэдгийг тархиндаа шингээчихсэн бололтой.

Цаашилбал, томоохон байгууллагуудыг өөд нь татаж ядсан олон гуншин энд бас их хамаатай. Монгол улсын найдвартай татвар төлөгч компани, Үндэсний ТОП-100 Аж ахуйн нэгж гээд л тоочвол бас цөөнгүй бий. Сүүлдээ хэдэн халтар төгрөгөөр цол гуншин авч, тийм ч тэргүүн, ийм ч шилдэг гэнэ. Манай худалдаа, үйлчилгээний салбаруудын чадварыг иймэрхүү даавуу, өргөмжлөл, цом, таваг, сүржин номинаци, цол гуншингаар хэмждэг бол бид дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хэдийнэ хүрчихсэн байх биз. Харамсалтай нь тэд хүнд үйлчилгээ үзүүлж байна гэдгээ ухамсарлаж чадахгүйн дээр үйлчлүүлбэл үйлчлүүл, үгүй бол болино л биз гэсэн байр суурьнаас ханддагаас болоод дэлхийн хэмжээнд өндөрт тавигддаг Хэрэглэгчийн эрх ашиг манайд “ноль” байгаа юм биш үү.

Өнөөдөр бид техник технологи хөгжсөн эрэн зуунд амьдарч байна. Хүн болгон ухаалаг утас барьж, хүн болгон машин унаж байгаа энэ үед чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэж чадаж байгаа үгүйгээ мэдэхгүй сууна. Бид хэдийгээр цахим ертөнцөөр генийн өөрчлөлтэй хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг нэг нэгэндээ шейрлэдэг ч өдөр болгон тийм хүнсээ өөрсдөө хэрэглээд байгааг ч анзаарахгүй л байна шүү дээ...

Нэг л танил хэрнээ нэрнээс цаашгүй эрхээ бид хэзээ эдлэх вэ?

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл