Япон Улсын Цаг уурын агентлагийн мэдээлж буйгаар энэ оны хамгийн хүчтэй гэгдэж буй “Хагабис” 19 дэх хар шуурга энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Япон Улсын төв хэсэг буюу Тоокай, Канто бүсээр дайран өнгөрч байна.
Уг хар шуурганы үеэр эдгээр бүс нутагт хүчтэй аадар бороо орж, ширүүн салхи салхилж буйн улмаас үер усны гамшиг, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд гарч болзошгүйг Цаг уурын агентлаг анхааруулж байна.
Өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар тус улсын Шизүока мужийн Кикүгава, Гүнма мужийн Үэно, Токио хотын Оошима хотод хүчтэй аадар борооны улмаас аюулын дөрөвдүгээр зэрэглэлийн сэрэмжлүүлэг өгч, 3,000 гаруй айл өрхийн 8,000 гаруй иргэдэд хоргодох байранд шилжин нүүх чиглэлийг өгөөд байна.
Мөн Гүнма, Чиба, Канагава, Яманаши, Шизүока, Миэ мужууд болон Токио хотын бусад хот, дүүрэг, тосгодын 88 мянган айл өрхийн 1 сая 790 мянга гаруй иргэдэд хар салхины үеэр аюулгүй газар, хоргодох байранд шилжин нүүх шаардлагатай буйг мэдэгдэж, сэрэмжлүүлэг өгөөд байгаа аж.
Далайн хар шуургатай холбоотойгоор Японы төмөр замын компаниуд үйл ажиллагаагаа зогсоож байна. Тухайлбал, “Тоокүй” төмөр замын компани өглөөний 10:00 цагаас эхлэн, Одакүй, Сагами, Тама Тоши Монорайл, Тобү, Кэйо, Сэйбү, Токио хотын Цүкүба экспресс, Юрикамомэ, Токио Монорайл зэрэг төмөр замын сүлжээнүүд 12:00 цагаас эхлэн тус тус бүх чиглэлд, JR компани хэсэгчилсэн байдлаар хөдөлгөөнөө зогсоогоод байна.
Токио хотын метронууд 12-ны өдрийн үдээс хойш үйл ажиллагаагаа мөн зогсоож байна. Үүнээс гадна томоохон супер маркет, барааны дэлгүүр, 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрүүдийн ихэнх салбарууд 12-ны өдрөөс ажиллахгүйгээ мэдэгдэж, Токио хот болон Канагава мужид “Family Mart” сүлжээ дэлгүүрийн 660 салбар, “Lawson” сүлжээ дэлгүүрийн 435 салбар дэлгүүрүүд хаалгаа бариад байна.
Далайн хар шуургатай холбогдуулан ард иргэдийн зүгээс хоол хүнс, ус, дулаан хувцас, газ, гар чийдэнг урьдчилан бэлтгэх зэрэг байгалийн болзошгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж байна. Мөн зарим нэг бүс нутгуудад хоол хүнс, усыг иргэд их хэмжээгээр худалдан авч байгаатай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний хомсдол гарч эхэлснийг хэвлэл мэдээллээр мэдээлж байна.
Иймээс Япон Улсад буй манай иргэд дор бүрнээ анхаарал сэрэмжтэй байж, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага, онцгой байдал эрхэлсэн нэгжээс олон нийтэд түгээж буй мэдээ, мэдээлэл, зааварчилгаанд анхаарч, аюулгүй байдлаа хангахыг хүсье.
Шаардлагатай үед энэ хаягаар орж, тус ЭСЯ-тай холбогдоно уу.