8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хамтдаа Хамгаалъя" цуглаан Сүхбаатарын талбайд боллоо

2019-10-11 14:03:00

Өнөөдөр олон улсын охидын өдөр. 2012 онд энэхүү өдрийг Олон улсын охидын өдөр болгон  тэмдэглэж байхаар НҮБ-аас тунхагласан юм. Энэхүү өдөр дэлхий нийтэд охидын эрхийн талаар сануулж, хүчирхийлэл болон насанд хүрээгүй охидын гэрлэлт, хүчээр нөхөрт гаргахыг эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэн өнгөрүүлдэг юм. 

Он гарсаар эхний долоон сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 464 бүртгэгдсэний 354 нь хүчиндэх гэмт хэрэг байна. Хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын ердөө 5-хан хувь нь өөрсдөө гомдол гаргадаг. Мөн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл анхны тохиолдолдоо шууд илрэх нь цөөн бөгөөд 6-аас дээш жил хүчирхийлсэн тохиолдол нийт гарч байгаа хэргийн 50 хувиас дээш байна. Ялангуяа гэмт хэрэг үйлдэгчдийн 85% нь төрсөн эцэг, хойд эцэг, хамаатан садан, хөрш, таньдаг хүн, зэрэг эргэн тойрны танилын хүрээнд байна.Энэ мэт охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх харамсалтай тоо гарсаар байгаа тул МЭХ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр Сүхбаатарын талбайд “Хамтдаа Хамгаалъя” тайван цуглааныг зохион байгууллаа. 

Тус цуглааны зорилго нь “Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ноогдуулах ялын дээд хэмжээ 20 жил гэж заасан боловч ялын доод хэмжээг заагаагүйгээс ял завших тохиолдол гарч байна. Тиймээс ялын доод хэмжээг 10 жил болгож, одоо мөрдөгдөж буй ялын бодлогыг чангатгах. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод бие махбодийн хохирлоос гадна сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг болгох” зэрэг саналыг эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд оруулахад иргэдээс гарын үсэг авсан юм. 

Мөн  #Хамтдаа_Хамгаалъя цуглааны хүрээнд охид, бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад УИХ-ын гишүүдийг аав хүний зүгээс, ээж хүний хувьд анхаарал хандуулж, тодорхой хуулиудад яаралтай буюу намрын чуулганаас хэтрүүлэхгүй нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлж, эдгээр бяцхан туулайгаар дамжуулан УИХ-ын чуулганы танхимд албан хүсэлт, саналуудаа байрлуулсан байна. Даунтай хүүхдүүдийн ээжүүд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө сэтгэлээ шингээн бүтээсэн эдгээр бяцхан туулайнууд томчууд биднээс өмгөөлөл хамгаалал хүсч буй үрсийг төлөөлнө.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл