8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хамтдаа Хамгаалъя" цуглаан Сүхбаатарын талбайд болно

2019-10-10 09:00:00

Он гарсаар эхний долоон сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 464 бүртгэгдсэний 354 нь хүчиндэх гэмт хэрэг байна. Хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын ердөө 5-хан хувь нь өөрсдөө гомдол гаргадаг. Мөн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл анхны тохиолдолдоо шууд илрэх нь цөөн бөгөөд 6-аас дээш жил хүчирхийлсэн тохиолдол нийт гарч байгаа хэргийн 50 хувиас дээш байна. Ялангуяа гэмт хэрэг үйлдэгчдийн 85% нь төрсөн эцэг, хойд эцэг, хамаатан садан, хөрш, таньдаг хүн, зэрэг эргэн тойрны танилын хүрээнд байна.

Энэ мэт охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх харамсалтай тоо гарсаар байгаа тул МЭХ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр буюу 10-р сарын 11-нд Сүхбаатарын талбайд “Хамтдаа Хамгаалъя” тайван цуглааныг зохион байгуулах гэж байна.

Тус цуглааны зорилго нь “Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ноогдуулах ялын дээд хэмжээ 20 жил гэж заасан боловч ялын доод хэмжээг заагаагүйгээс ял завших тохиолдол гарч байна. Тиймээс ялын доод хэмжээг 10 жил болгож, одоо мөрдөгдөж буй ялын бодлогыг чангатгах. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод бие махбодийн хохирлоос гадна сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг болгох” зэрэг саналыг эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд оруулахад иргэдээс гарын үсэг авах юм.

2016-2018 онд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн наян хавтаст хэрэгт хийсэн судалгаанаас харахад насанд хүрээгүй хохирогчийн 40 хувь нь огт өмгөөлөгч аваагүй, мөн 93 хувь нь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ аваагүй байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах, сэтгэл санаа болон бие махбодийн хохирлыг нь нөхөн сэргээх үйлчилгээг одоогоор "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв" болон "Үжин төв" ТББ-ууд үзүүлж байна. Нөхөн сэргээх эмчилгээний зардал нь хохирогчийн нас, гэмтлийн байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. Тиймээс МЭХ "Хамтдаа хамгаалъя" хөдөлгөөний хүрээнд "Ирээдүйнхээ төлөө нэгдэж" бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын сэтгэл санааны болон бие махбодийн хохирлыг нөхөн сэргээх эмчилгээнд зориулж хандивын аян эхлүүлсэн. Хандивын аянаар цугларсан мөнгийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг зорилтот байгууллагад хандивлана.

“Хамтдаа Хамгаалъя” цуглаан 10-13 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд өгөх саналд иргэдээс гарын үсэг цуглуулж, УИХ-ын даргад хүргүүлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл