8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Өнөөдрийн олонхид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхзүйн чадамж байхгүй

2019-09-10 09:47:32

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэн, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зайлшгүй  орох шаардлагатай улс оронд хэрэгтэй заалтууд

манай саналаар дамжуулан унасан

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад Ардчилсан нам өөрсдийн сүүлийнхээ дүгнэлтийг гаргаж байна гэж та бүхэн ойлгож болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт зарчмын гол гол заалтуудыг илэрхийлсэн 25  саналыг хүргүүлсэн. Товчхондоо хэлэхэд энэ нэамэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт Ардчилсан нам маш идэвхитэй байр сууриа илэрхийлж оролцсон. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр Ардчилсан нам өөрсдийн Ардчиллыг бэхжүүлэх сонгодог парламентаа хамгаалах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дутагдаж байгаа зарчмын саналуудаа нэмж оруулах талаар маш идэвхитэй ажилласан. Харамсалтай нь зайлшгүй орох шаардлагатай Монгол улс цаашид олон зууны туршид хөгжих энэ боломж манай санал унаснаар үндсэндээ хаагдаж байна. Тийм учраас бид хэлэлуүүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Харин өнөөдөр Ардчилсан нам энэ бүх байдалд дүгнэлт цаашид оролцохуу үгүй гэдэг тодорхой болж байна. Хасагдсан гол зарчмын заалтуудыг дахин сануулбал:

Нэгдүгээрт: Ерөнхийлөгчийг УИХ болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгоё гэдэг гол заалт бол дэмжигдээгүй.

Хоёрдугаарт: Сонгуулийн тогтолцоогоор холимог тогтолцоог сонгож намуудын хариуцлага зохион байгуулалтыг хөгжүүлэх, үүгээр дамжин УИХ-ын сахилга хариуцлага зохион байгуулалт бодлоготой байх, улсын хэмжээний төлөөлөл болон орон нутгийн төлөөллийг жигд хангах гэсэн бидний энэ санал мөн дэмжигдээгүй унасан.

Гуравдугаарт: Шүүхийн хараат бус байдлыг бүрэн хангаж, бие даасан байдлыг хангах гэсэн чухал заалтууд дэмжигдээгүй унасан байгаа.

Мөн биднийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс гарсаны дараа Парламентын тогтолцоог дордуулсан хоёр заалт дэмжигдээгүй унасан байна. Энэ бол засгийн газрын гишүүнтэй холбоотой томилгоо. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын энэ үйл ажиллагааг, бие даасан байдал, улсын их хурлаас хараат бус байдал, гүйцэтгэх засаглалыг чадваржуулах хэмжээнд орж ирсэн, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн энэ заалт эсрэгээрээ явсан. Олон жил яригдсан давхар дээлийн тухай асуудал төслөөр орж ирсэн боловч дахин хэвээр үлдсэн. Төрийн эдийн засаг төсөв санхүүтэй холбоотой асуудлууд, татвар хураамжийн асуудлууд бүгд унасан. Мөн онцолж хэлэхэд Засгийн газрын өрийн хэмжээ 60 хувиас дээшгүй байна гэсэн бидний санал ч унасан. Ингээд харахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарчмын ямар ололт амжилт гарав, үнэхээр сонгодог Парламентыг төгөлдөршүүлэх, цаашдыг хөгжлийг хангах ийм ул суурьтай өөрчлөлт болж чадавуу гэвэл үгүй. Тиймээс өнөөдөр бид нар энэ бүх санал санаачлага унасан учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан саналуулаа татаж авах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс бид цаашид хэлэлцүүлэгт орохгүйгээр зогсохгүй өөрсдийн гаргасан саналуудаа татаж авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

С.Эрдэнэ: Өнөөдрийн олонхид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхзүйн чадамж байхгүй

Хоёр зүйлийн нэмэлт мэдээллийг сэтгүүлчдэд хүргэж байгаагийн нэг болох онцлох зүйл бол Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс гарч, саналуудаа бүрэн хэмжээгээр нь албан ёсоор татаж байгаагаа мэдэгдэж байгаа нь энэ юм. Өнөөдрийн олонхид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхзүйн чадамж байхгүй.Дараагийн асуудал бол  УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн талаар Ардчилсан нам байр сууриа илэрхийлж байна. Өнөөдөр Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хааж, хөсөрдүүлж байгаа өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагааг бол бид удаа дараа эсэргүүцэж байсан. Хэнтийн 42-р тойргийн иргэд сонгогчдын төрд төлөөлөх эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлхийг эрх баригчдад шаардсан. Өнөөдөр энэ тойрог дээр эрх баригч намын дарга сүр дуулиантайгаар очиж олон хөрөнгө оруулалт, бүтээх байгуулалт, амлалтууд өгөөд ирсэн. Түүнээс хойш дөрвөн сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Гэтэл энэ хугацаанд нэг ч зүйлийг хийж хэрэгжүүлсэнгүй. Тэгэхээр энэ бол хий хоосон хийрхэл, улс төржилтөөр асуудлыг шийдэх гэж оролддог өнөөгийн эрх баригчдын үнэн нүүр царайг харуулж байгаа бодит нотолгоо юм. Нөгөө талаараа Хэнтийн 42-р тойргийн иргэд сонгогчдын төрд төлөөлөх эрх, Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг эрх баригчид хөсөр хаяж, тус тойргийн иргэдийн итгэлийг уландаа гишгэлээ. Тиймээс үүнд Ардчилсан нам хариуцлагатайгаар хандаж, Хэнтийн аймгийн сонгогч иргэдийн сонгох эрхийг зөрчсөн 2019 оны 02 дугаар дүгнэлтээ хүчингүй болгохыг Үндсэн хуулийн цэцээс шаардаж байна. Мөн Цэц өөрийн гаргасан дүгнэлтээ хүчингүй болгож байсан тохиолдолд Цэцийн түүхэнд хэд хэд гарч байсан. Тухайлбал Цэцийн 1994 оны 01 тогтоол, 2000 оны 01 тогтоолоор урьд гарсан дүгнэлтээ өөрчилж байсан жишээ байдаг. Тэгэхээр энэ асуудлаа шийдвэрлэхийг шаардаж байна.

Мөн Ардчилсан намын зүгээсМонголулсынерөнхийсайдУ.Хүрэлсүхээс асуулга хүргүүлсэн. Үүнд: Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрт 150 сая долларын нууц гэрээ хийгдсэн тухай мэдээлэгдсэн. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр  “Эрдэнэт үйлдвэрт 150 сая долларын нууц гэрээ хийсэн эсэхийг шалгуулна” гэж мэдээлсэн байдаг. Тэгэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга өөрөө энэ онцгой байдыг санаачилж байсан байж, өөрөө мэдээгүй байна гэдэг туйлын хариуцлагагүй асуудал. Улсын Бага Хурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хэрэгжүүлж, Таны тэргүүлсэн   Засгийн газар 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-нд Онцгой дэглэм тогтоох тухай шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр ХХК нь 6 сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газрын шууд хяналтад ажиллах болсон.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын шууд хяналтад ажиллаж байгаа гэх Эрдэнэт үйлдвэр ХХК-нд олон сая долларын гэрээ байгуулагдсан байхад мэдэхгүй, шалгуулна гэж байгаа нь хариуцлагаас зайлсхийхийг оролдсон туйлын хариуцлагагүй мэдэгдэл гэж үзэж байна.

Улсын Бага Хурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж... байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай...” гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ зургаан сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэр дээр явагдаж байгаа аливаа гэрээ хэлэлцээр, санхүүгийн үйл ажиллагааг мэдээллэж байх үүрэгтэй. Их хуралд биш юм гэхэд, холбогдох байнгын хороонд мэдээллэх үүрэгтэй. Таны тэргүүлсэн Засгийн газар хуулиар олгосон онцгой эрх эдэлсэн боловч, хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлсэнгүй. Тодруулбал  Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн талаар өнгөрсөн зургаан сард Улсын Их Хурал, олон түмэнд мэдээлсэнгүй.

Иймд Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т тус тус заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тогтоосон онцгой дэглэмийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурал /Улсын Бага Хурал/ болон олон нийтэд мэдээлнэ үү.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т  “...тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө Монгол Улсын Бага Хуралд оруулж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай. Монгол Улсын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэж заасан.

Эрдэнэт үйлдвэр ХХК-нд тогтоосон онцгой дэглэмийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Гэвч онцгой дэглэм тогтоосон хугацааг сунгах эсэх асуудлыг Улсын Их Хурал /Улсын Бага хурал/-д оруулж, шийдвэрлүүлсэнгүй. Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-нд онцгой дэглэм тогтоох нөхцөл байдал арилсан эсэх талаар Улсын Их Хуралд мэдээллэхийг шаардаж буй асуулгыг хүргүүлсэн байгаа.

З.Нарантуяа: Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвхөн  сонгуулийн ялалт байгуулах, өөрсдөдөө давуу байдал олгох хуулийн төсөл болгож байгаад харамсч байна

Монгол түмэн маань Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын тогтвортой байдал, төрийн бодлогын тууштай залгамжтай байх улс төрийн орчны төлөвшлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулаасай гэж олон жил хүссэн. Харамсалтай нь энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа эрх баригч намыхан маань хэтэрхий их эрдэж, бусад нам улс төрийн хүчнүүд болон, эрдэмтэн судлаачдын саналыг бүрэн дүүрэн тусгаагүй, зөвшилцөөгүй төслийг анх өргөн барьснаар энэ үйл явдал өнөөдрийг хүртэл амжилтгүй төгсөх үндсэн шалтгаан болоод байна. Тиймээс анхнаасаа зөвхөн парламентад суудалтай намууд гэх бүх улс төрийн намуудынхаа, нийт ард иргэдийнхээ саналыг хууль дүрмийн дагуу авч бүгдийн саналыг тусгасан байсан бол энэ төслийг бид анхнаасаа 100 хувь дэмжээд явах сэтгэл чин зориг бидэнд байсан. Анх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг зөрчөөд, Ерөнхийлөгчөөс хүртэл санал авахгүйгээр өргөн барьсан хууль бус үйлдэл юм. Цаашлаад энэ хууль бус үйлдэл улам илүү лавшраад,эрхбаригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвхөн  сонгуулийн ялалт байгуулах, өөрсдөдөө давуу байдал олгох хуулийн төсөл болгож байгаад харамсалтай байна. Манай зөвлөлийн гишүүдийн хувьд өөрсдийн бүх л боломжоор өргөн барьсан төслийг илүү сайжруулах, цаашид дараа дараагийн жилүүдэд Монгол улсын хөгжлийг тодорхойлоход чухал гэж үзсэн саналуудаа цаг ямагт хүргэж байсан. Тэрнээс Ардчилсан нам идэвхигүй сул өлбөгөр дорой байсан гэх шүүмжлэлийг хоёр талаас нь харж нийтэд хүргэх нь чухал. 62-ын эсрэг зургаа, долоохон гишүүн зогсоод ямар ч үр дүнгүй юм байна гэдгийг хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцож байх үед бид мэдэрсэн. Бид үнэхээр сонгуулийн тогтолцоог өөрчилье, Засгийн газар, ерөнхий сайд нь эрх мэдэлтэйгээ, их хуралтайгаа хяналт тэмцлийн зохицол нь бүрдсэн ийм зүйл заалтуудыг дэмжиж байсан. Харамсалтай нь тэд өөрсдөө унагасан. Аливаа зүйлд улс төржих биш зарчмын байр суурь дээр хандах нь Ардчилсан намын үндсэн зарчим байсан. Тиймээс цаашдаа ч бид Монгол улсын Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийн зарчим дээр хэзээд байна гэдгээ дахин хэлье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment