8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын оролцоо чухал

2019-08-21 11:28:12

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох “Улаанбаатарын Бага хурал” боллоо.

Улаанбаатар Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун зэрэг албаны хүмүүс болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Форумыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай үйл ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой Азийн төлөөх Боао форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглээд Бага хурлыг Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буйг онцолсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг форумд оролцогчдод танилцуулж, илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 46 хувь нь амьдарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг үйлдвэрлэж, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 67.4 хувь, их дээд сургуулиудын 95.8 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 31.1 хувь, хүүхдийн цэцэрлэгийн 45.5 хувийг тус тус эзэлж, улс орны эдийн засаг, нийгэм, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна.

Тогтвортой хөгжил, амьдрахад таатай орчныг бий болгохын тулд ухаалаг технологид суурилсан шийдэлтэй, экологийн тэнцвэртэй ногоон хөгжилтэй, олон улсад өрсөлдөх чадвартай, дэд бүтэц хөгжсөн хүртээмжтэй, бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн, иргэд нь ажилтай орлоготой, эдийн засгийн чадавхтай, эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийг шинэ түвшинд гаргах зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ХОТ концепцыг боловсруулсан. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр шинэ суурьшлын бүсийг бий болгох зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ хүрээнд эхний ээлжид Азийн хөгжлийн банктай хамтран Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Цаашид хотын хүн амыг шинэ хотууд болох Аэро сити, Майдар зэрэг хотууд руу суурьшуулахаар төлөвлөж байна. Хотын найман бүсүүдэд урьдчилсан байдлаар 22.000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна. Ингэснээр агаар, орчны бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх боломж нь үүсч байна. Нийслэлийн Орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй “Буянт ухаа-2” орон сууцны төсөлд иргэдийг хамруулах ажлыг нээлттэй зарлаж, зохион байгуулсан. Тус үйл ажиллагааны хүрээнд 35.000 айл өрх системд бүртгүүлсэн нь Улаанбаатар хотод орон сууцны зах зээлийн эрэлтийг харуулж байна. Нийслэл Улаанбаатар хотын хүн амыг ажлын байраар хангахын тулд шинээр аж үйлдвэрийн паркуудыг бий болгох нь зүйтэй. Эхний ээлжинд Налайхын аж үйлдвэрийн паркийн ажлуудыг эхлүүлж байна. Цаашид Эмээлт, Багануур, Багахангай зэрэг аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын ойр орчимд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэснээр хувийн аж ахуйн нэгжүүд татваргүй эдийн засгийн бүсэд үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Нийслэл хотын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй хамтран томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар Хөгжлийн корпораци, Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежментийн компаниудыг шинээр үүсгэн байгуулсан. Ингэснээр Улс болон Нийслэлийн төсөв хүндрэлтэй үед төр-хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэл хотод хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон” хэмээн онцолсон.

Мөн хотын төлөвлөлтийг та бүхэнд танилцуулсан ч бидэнд бас хэд хэдэн тулгамдсан асуудлууд байна. Агаар орчны бохирдол, ажилгүйдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, гудамж замын тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, замын түгжрэл, авто зогсоол, орон сууцжуулалт, дахин төлөвлөлт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, дэд бүтцийн хангамж, хүүхэд залуучуудын хөгжих орчин, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлууд нийслэлийн хэмжээнд тулгараад байгаа ч та бүхэнд бизнесийн шинэ боломж гэж харж байна. Эдгээр асуудлуудыг та бүхэнтэй хамтран шийдвэрлэхэд нийслэл Улаанбаатар хотын зүгээс нээлттэй гээд, Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын оролцоо чухал гэдгийг онцолж хэллээ.

Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Төрийн байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдаж буй Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сандаг. Дорнод
Тулгамдсан асуудал бол дээд сургуулиудыг Багануурт гаргах шүү дээ. дагаад 200000 хүн гарна.
2019/08/24 66.181.161.111