Амьдрал бол сонголт гэдэг. Зарим нь сонголт бол амьдрал гэх нь бий. Яг л нөгөө хүн хувь заяагаа өөрөө зурдаг, үгүй бурханы зургаар хувь заяа зурайдаг гэж маргалддагтай адил. Гэхдээ үүнийг хүний амьдрал бол тасралтгүй сонголт хийх үйл явц. Сонголтоо хэрхэн зөв хийхээс амьдралын үнэ цэнэ тодорхойлогдоно. Тиймээс ямарваа нэгэн сонголтыг хийхдээ хөнгөн хуймгай хандаж үл болно гэж бас тайлбарлаж болмоор. Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд хэд хэдэн сонголттой нүүр тулгарсан. Хэд хэдэн удаагийн улс төрийн сонгуулиас эхлээд л Ерөнхий сайд хүртэл жилийн өмнө эдийн засгаа хэрхэн хөгжлүүлэх замыг сонгуулаад амжсан билээ. Тун удахгүй монголчууд нэгэн “Чухал сонголт”-ыг хийх гэж байна. Ирэх дөрвөн жил Монгол улс хэрхэн хөгжиж, монголчуудын амьдрал хэрхэх нь энэ сонголтоос хамаарна. Нэг хэсэг иргэд намыг сонгодог байлаа. Өөрийнх нь намаас л дэвшиж байгаа бол хэн ч байсан нүдээ аниад нэрийг нь дугуйлах жишээний. Тэр хүн өмнө авлигын хэрэгт холбогдож байсан эсэх, албан тушаалаа урвуулан ашиглаж байсан, ажил мэргэжилдээ алдаа гаргаж байсан, ах дүүсээ шургуулж байсан эсэх нь түй ч хамаагүй. Зөвхөн нам л...
Харин одоо монголчуудад хоцрогдсон энэ хандлагаа өөрчлөх нь цаг нь иржээ. Хэн юу хийж чадахыг нь харж, хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж, улс орноо өндөр хэмжээний хөгжилтэй орон болгохыг харах цаг ирж.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг улс төр судлаачид эрх баригч намууд өөрсдийн эрх мэдлийг хадгалж үлдэхийн төлөө бүхнийг хийнэ хэмээн таамаглаад байгаа. Үнэндээ жижиг намууд ч оны өмнө батлагдсан Сонгуулийн хууль том намуудад “ээлтэй” гэдгийг онцолсон. Гэхдээ тэдэнд бага ч гэсэн цочироо өгөх хүмүүс бол Бие даагчид. УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшинэ гэдэг амаргүй. Гэхдээ Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ хуулийн дагуу эдэлж байгаа тэдгээр хүмүүс нийгэмд нэлээд танигдчихсан. Энэ утгаараа намын дэмжлэг бус зөвхөн өөрсдийн алдар нэрээрээ сурталчилгаагаа хийж байгаагаа нэлээд онцлогтой юм.
Одоогоор нэлээд хэдэн хүмүүс УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээ зарлаад байна. Таны “Чухал сонголт” тань нэмэр болох үүднээс одоогоор зарлагдаад байгаа нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Дуучин Нара- Баянгол дүүрэг
Цахим ертөнцийн од, өрх толгойлсон бүсгүй Нара УИХ-д нэр дэвшихээ зарлах үед телевиз болон сонинууд түүнд эфирийн цаг, үнэтэй нүүр хуудсаа харамгүй зориулсан саяхан. Цахим ертөнцөд ч “Нэр дэвшигч Нараг дэмжигчид” гэсэн бүлэг хүртэл үүсч ...”Англи, японоор ярьдаг аюулын царайлаг улстөрчтэй болчихвол сайхан юм биш үү” хэмээн цахим ертөнцийнхөн түүний араас уухай хашгирч байгаа бол зарим нь шүүмжлэлийн шүлсийг хайр найргүй үсчүүлсэн. Ямартай ч Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшинэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн тэрбээр “Яагаад сайхан хүүхэн зориглоод нийгмийг өөрчилж болдоггүй юм. Яагаад сайхан хүүхнээс ухаан гарч болдоггүй юм. Яагаад сайхан хүүхнээс зүрх сэтгэл гарч болдоггүй юм” хэмээн өөрийгөө тодотгож, “Сонгуульд нэр дэвших шийдвэр маань боловсролтой, чадалтай, олон залуусыг зоригжуулаасай гэж хүсч байна” гэж мэдэгдсэнээр олон залуучууд урам орж, намд барьцаалагдсан, суудал худалдаж авдаг улстөрчдийн эрин дуусах цагийн эхлэл боллоо гэж хэлж болохоор. Олон нийт ч одоогийн улстөрчдөд итгэл алдарсан, шинэ хүч, шинэ зүйл хүсч буйгаа илэрхийлээд байгаа юм. Энэ нь бүр цахим ертөнцөд “шинэ давалгаа” бий болгож түүнийг улс төрд үүр цайлгаж, нар мандуулах нь гэцгээгээд байгаа юм.
Дархан аварга А.Сүхбат- Хан-Уул дүүрэг
Бас нэгэн сэвэлзүүр салхи болж мэдэхээр хүн нь А.Сүхбат. Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болсоноо саяхан зарласан. Эх сурвалжийн мэдээллээр, Дархан-Уул, Төв аймаг эсвэл Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших төлөвтэй байгаа аж. Тэрбээр өнгөрсөн 2012 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын урилгаар Ардчилсан нам, МоАХ-ын албан ёсны гишүүн болж байсан юм. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард А.Сүхбат аварга Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд хандаж, гишүүнчлэлээсээ татгалзжээ. Ингэснээр ямар нэгэн намын харьяалалгүй болж бие даахаар шийдсэн байна. Үе үеийн УИХ-д спортынхон байдаг. Түүний улс төрийн замналыг эхлүүлсэн Х.Баттулга, зүлэг ногоон дэвжээнээ хүчийг үзэж байсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гээд л. А.Сүхбат бол ард түмний хайртай хүү. Түүний уран барилдааныг нь харж, шүүрс алдах суух дуртай монголчууд түүнийг нэлээд хэдэн жил зүлэг ногоон дэвжээнээ хараагүй. Сэргээш, найраа зэрэг үндэсний бөхөл бугшаад байгаа хүндхэн асуудлаас холдох гэсэндээ хөндийрсөн ч ийнхүү улс төрийн замналыг сонгож байна.
С.Гантуяа- Баянзүрх дүүрэг
УИХ-ын 2012 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, Дархан-Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар оны өмнөхөн ХҮН-д элсч улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор зарласан билээ. Тэгвэл түүнээс дутахгүй нэгэн яриа улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн нь ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн явдал. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар С.Гантуяа Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихээр шийдэн, бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна. 2013 онд "Оюу Толгой" компанид ажиллаж байгаад компаний гадаад, монгол ажилчдын цалин хэт ялгаатай байгаа нь хууль бус гэж үзэн, шүүхэд өгч, 3 шатны шүүхээр ялалт байгуулж байсан дайчин бүсгүйг ийнхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшин, өрсөлдөхөөр болсныг Баянзүрхэд нэр дэвшихээр төлөвлөж буй горилогчид тун эмзэг хүлээн авч буй бөгөөд, түүний эсрэг мэдээллийн эсрэг кампанит ажил хүртэл хийлгэж эхэлсэн аж. Хэдийгээр С.Ганбаатарын төрсөн дүү ч ахаасаа харьцангуй хараат бус, бие даасан үзэл бодолтой, өндөр боловсролтой гэгддэг С.Гантуяа өнгөрсөн жил "Иргүн" нэртэй ном бичиж байжээ. Уг номонд хариуцлагатай иргэн хүн гэж ямар байх ёстой, түүний үүрэг, роль улс орны хөгжилд ямар эерэг үр дагавар авчирдаг тухай өгүүлдэг юм байна.
Арго- Баянзүрх дүүрэг
“Ард түмний гавьяат” гэж дуудуулдаг Арго багш буюу Б.Ариунболд ирэх УИХ-ын сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүргээс нэр дэвших болсноо өнгөрсөн нэгдүгээг сард өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн билээ. Нэр дэвших болсон шалтгаанаа “Өнгөрсөн 25 жилийн турш дандаа сонгож ирсэн. Одоо залхаж байна. Сүүлдээ болохоо байлаа. Би орох ёстой бол оръё. Үзсэн найман хэл, өөрийн оюун ухаанаараа төрөө засья гэж бодлоо” хэмээн илэрхийлсэн. Гэхдээ тэрбээр УИХ-д орсон хойноо шударга байж чадах эсэхээ мэдэхгүй байгаагаа нуусангүй. Гэхдээ улс төрийн “зодоон”-д өөрөө орохоор болсон ч дэмжих эсэхийг сонгогчид мэднэ гэдгийг ч хэлжээ. Харин сонгогчдод хандан өөрийг нь дэмжих үү, дэмжихгүй юу гэдгээ өөрийн нь цахим хуудсанд хандан илэрхийлээд муйхар биш уран аргаар улс төрд үзэлцэхээ илэрхийлсэн. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэгчээр хэлээрээ ярьж болохгүй бол “хөлөөрөө” ярина гэдгээ тэрээр мэдэгдэж, “Бид ялна” дуугаар мэдэгдлээ дуусгасан байдаг.
Ц.Мөнхбаяр
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдаад хоёр сарын нүүр үзэж байна. Тэгвэл тэрээр ирэх УИХ-ын сонгуульд найзуудыгаа дэмжвэл нэр дэвшиж магадгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр бие даан нэр дэвших нь хэцүү болжээ. Тэгэхээр Төрийн бус байгууллагууд нэгдэж УИХ-ын сонгуульд оролцох хэрэгтэй. Журмын нөхөд минь намайг төрд хэрэгтэй гэвэл би УИХ-д нэр дэвшинэ” хэмээсэн байна. Ц.Мөнхбаяр хорихоос суллагдсаныхаа дараа нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар “АУМ Алт” компаниас 80 сая төгрөг авч, тус компанийн захирал Ц.Мягмардоржоор уучлалт гуйлгуулсан юм. Ийнхүү нэр төрөө цэвэрлэж, эрх чөлөөтэй болсон тэрээр ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд хүч үзэж магадгүй байна.