Олон нийтийн цахим сүлжээгээр сүүлийн үед хүний амьд явах эрх, нэр төрд халдах мэдээлэл их цацагдах болжээ. Тухайлбал жүжигчин П.Шүүдэрцэцэгийн “хөрөг” зургийг гаргаж, “1989-2015” хэмээн энэ сарын 7-ны өдөр цацаж байсан.
Тэгвэл Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа 11 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг руу тоглолтоор явах замдаа автын осолд орж таалал төгслөө гэх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөл тархсан. Энэхүү мэдээлэл нь худал бөгөөд МУГЖ Б.Сарантуяа өдгөө ӨМӨЗО-ны “Авьяаслаг Монгол” тэмцээний шүүхээр Хөх хотод байгаа аж. Тэрбээр дараах мэндчилгээг хүргэсэн байна.
"Цастай өглөөний мэнд. Хөх хот цасаар хучигдав. Одон ТВ-гийн зохион байгуулж буй “Авьяаслаг Монгол” тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа хойгуур минь ийм л сэтгэл донсолгосон мэдээ фэйсбүүкээр гараад байгаа нь сонин байна шүү. Миний утас амралтгүй дугарлаа. Сэтгэл дотроо нэгийг бодоод нөгөөг эргэцүүлэв. Миний амар мэндийг асууж сэтгэл тавьсан бүх найз, дүү нартаа баярлалаа. Хорвоог орхих өдөр хэзээ нэгэн цагт ирэх боловч одоо л биш шүү. Би амьдрахыг маш ихээр хүсэж байна. Үр хүүхдээ том болгож, ээжийнхээ хөлийг хучиж ах эгч нартаа түшиг болох юмсан гэж бодож байна. Дуул дуул бас дахин дуул гэж ард түмэн минь надад хэлдэг билээ. Хорвоо амгалан шүү найзуудаа" гэжээ.
Д.Дорждэрэм