8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-08-09 17:00:00

Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Удаа дараагийн зөрчлөө арилгаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн 15 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааныг хязгаарлан, үерийн далан сувагчлалын ажлыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төслийн дагуу богино хугацаанд хийлгэж, үерийн далан суваг хааж барилга барьсны улмаас учирсан хохирлыг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар бүрэн барагдуулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

“Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас зарим газрын айлын хашаа усанд автсан, ус тогтсон зэрэг 33 дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар ажлын хэсэг томилогдож, богино хугацаанд нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд оруулж ажилласан. Мөн зөрчилтэй байсан дөрвөн ААН-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна" хэмээн ажлын хэсгийн гишүүн, НОБГ-ын тэргүүн дэд дарга Н.Нямхорлоо мэдээллээ.

“Их хэмжээний усархаг борооны улмаас гэмтэл үүссэн, ус ихээр тогтсон газруудад нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дүүргүүдийг хариуцсан инженер техникийн мэргэжилтнүүд холбогдох байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт хийсэн. Нийслэлийн гол гудамж замуудад тогтсон их хэмжээний усыг соруулах, эвдрэл гэмтлийг засах, лаг шавар шавхайг цэвэрлэх ажлыг Геодизи усны байгууламж, Зам засвар арчлалтын газар гэх мэтчилэн холбогдох байгууллагуудтай хамтран 24 цагаар хоёр ээлжээр өндөржүүлсэн байдалд ажиллаж байна.

Одоогийн байдлаар нийт гарсан хохирлыг тогтоохоор судалж байна. Хоёр аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж Наадамчдын гудамжны зам дагуу их хэмжээний ус хуримтлагдсан. Хотын дарга холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй газар дээр нь очиж танилцаад, зөрчилтэй зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох үүрэг өгсөн. Хот доторх авто замын сүлжээ хангалттай бий болсон тул нийслэлээс гэр хороолол руу авто замынхаа сүлжээг өргөтгөх бодлогыг бид барьж байгаа. Авто замд зориулагдан гарч буй бүх төсөв хөрөнгө, иргэдийн халааснаас гардаг учраас зөвшөөрөлтэй газар барилгаа барих хэрэгтэй” хэмээн ажлын хэсгийн гишүүн, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Б.Индра онцоллоо.

“Дөрвөн компанийн барилгын үйл ажиллагааг зогсоосон. Үүний гурван компани нь архитектур төлөвлөгөөний даалгавар болон эскиз зураг батлуулсан боловч ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй. Нэг компани огт зөвшөөрөл аваагүй. Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн барилгын үед шаардах хуудас мэдэгдэж байсан” талаар ажлын хэсгийн гишүүн НХБХГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал хэллээ.

“Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байсан “Талст ширээт” ХХК, “Хөрш заанууд”, “Амундра” гэх компаниудын үйл ажиллагааг өмнө нь зогсоож байсан. Өнгөрсөн гурван сард урьдчилсан шалгалтаар барилга барих эхлүүлэх зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр зарим барилгыг зогсоож, ахлах байцаагчийн дүгнэлтийг компаниудад өгч, холбогдох хуулийн байгууллагуудад мэдэгдэж байсан.

Гэвч өнөөдрийг хүртэл дээрх асуудлыг шийдээгүйн улмаас Наадамчдын гудамжны зам үерт автсан нөхцөл байдал үүссэн. Нийслэлийн хэмжээнд жилд 700 орчим барилга баригддаг. Барилгыг эхлэхийн өмнө болон баригдаж байх үед мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажилладаг. Мэргэжлийн хяналтын газраас баригдаж байгаа бүх барилга байгууламжид жилд 2-5 удаа шалгалт явуулдаг” хэмээн НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга ярилаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Машины зогсоол хүүхдийн тогломын талбай зэргийг шалгаж өндөр шаардлагатай баймаар юм
2019/08/10 66.181.189.194
Зочин
Шуналтангуудын барилга хоорондоо зай талбай муутай сургууль цэцэрлэг байхгүй нэгий нь нөгөөгөөр түшүүлээд барьсан шаардлага хангахгүй хөөсөнцөр бусад материалаар барьдаг их өндөр үнэтэй зэргийг хардаа
2019/08/10 66.181.189.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment