8o
Улаанбаатар хот
mobile menu

Хувьцаагаа арилжаалахыг хүссэн иргэдийн өргөдлийг Засгийн газарт дахин хүргүүллээ

2016-03-09 16:47:00

Монгол Улсын иргэн бүрт олгосон “Эрдэнэс тавантолгой”  ХК-ний 1072 ширхэг хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалахыг хүссэн иргэдийн өргөдлийн талаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 2011 оноос хойш "Эх орны хишиг иргэн бүрт" уриан дор УИХ, Засгийн газрын тогтоолууд гарч “Эрдэнэс тавантолгой” ХК-ний нийт хувьцаанаас 20 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлж эхэлсэн. Энэ 1072 хувьцааны оронд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2010-2012 онд оюутан байсан нийт 300 мянга гаруй иргэн 1 сая төгрөгийг төрөөс авсан байна. Харин үлдсэн 2,5 сая иргэн 1072 хувьцааныхаа үр ашгийг хүртэж чадахгүй байгаа аж. Энэ асуудлаар иргэд Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд хандаж  хувьцаагаа хөрөнгийн биржээр арилжаалах эрх олгохыг хүсчээ. Ингээд тус төвийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагайгаас энэ талаар тодрууллаа.

- Эрдэнэс таван толгой компаний 1072 ширхэг хувьцаа үнэд хүрнэ гэж үздэг. Жилийн өмнө гэхэд 30-40 сая төгрөг болох боломжтойг хэвлэлийнхэн онцолж байсан. Хувьцаа хэзээ арилжаалагдах боломжтой вэ?

 - Хэзээ арилжаалахыг нь мэдэхгүй байна. Иргэд 1072 ширхэг хувьцаагаа арилжаалах хүсэлт ихээр гаргаж  байна.  Тиймээс бид Монгол улсын Засгийн газрыг хувьцаа арилжаалах эрхийг нь олгооч гэж хүсч байгаа юм. Ер нь хувьцаа арилжаална гэдэг ганцхан зарах биш. Өвлүүлж,  бэлэглэж, тэр ч бүү хэл гэрээслэж болно. Мөн барьцаанд тавьж зээл авна гээд олон зүйлд ашиглах боломжтой.

-Хувьцааны талаар зарим иргэд ойлголтгүй байна. Энэ талаар мэдээллийг хэрхэн олж авах вэ?

- Манайд хандаж болно. Манай байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, хувьцааны талаар мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгуулдаг. Иргэд дансаа яаж нээх үү, хаана хандах талаар гээд бүх талын мэдээлэл өгнө.

-Одоо хэдэн иргэн дансаа нээлгэж аваагүй байгаа вэ?

- 2.5 сая гаруй хүн хувьцаа эзэмшиж бай­гаа­гаас 800 мян­га нь үнэт цаасаа баталгаа­жуулж, дан­саа нээлгээд 1072 хувь­цаагаа аваад бай­на. Харин нэг сая 700 мянган иргэн дансаа нээлгэж, баталгаа­жуу­лах шаардлагатай байгаа юм. Үнэт цаасны дансыг нээх байгууллагууд нь брокерууд буюу үнэт цаасны компаниуд байдаг. Манайд үнэт цаасны 50 гаруй компани үйл ажиллагаа явуулж  байна.

-Саяхан нэгэн компаний захирал хувьцаагүй болсон гэдгийг улс төрчид хэлэх цаг нь болсон гэх утгатай мэдээлэл өгсөн байсан. Энэ талаарх таны бодол?

- Мэддэг хүмүүс нь энэ хувьцааг үнэгүйдүүлээд байна.  Өөрсдөө  эзэмших гээд хувьцаа байхгүй гэж хүмүүсийн тархийг санаатайгаар угааж байна.  Танд төрөөс хонь өглөө гэж бодъё. Гэвч тэр хонийг чинь байхгүй гэж хэлж байгаатай л адил.

- “Эрдэнэс таван толгой” компани 200 гаруй ажилчидынхаа цалинг тавьж чадахгүй санхүүгийн хүнд нөхцөлд байгаа. Энэ компанийн санхүүгийн байдал 1072 ширхэг хувьцаанд нөлөөлөх үү?

- 1072 хувьцааг иргэд аль хэдийнэ эзэмшчихсэн. Тэр  хувьцааг иргэд хоорондоо л арилжаална. Тиймээс энэ компанийн санхүүгийн байдал үүнд нөлөөлөхгүй.

- Танай байгууллагаас өмнө нь 508 хүний өргөдлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөн барьсан.  Энэ өргөдлийн хариу нь хэзээ гарах вэ ?

 - Хариу нь хэзээ гарахыг хэлж мэдэхгүй байна. Хуулийн хугацаандаа л гарах байх. Үүний дараагийн ээлжийх болох 500 хүний өргөдлийн эх хувийг өнөөдөр Засгийн газарт хүргүүлчихлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Haana ochij dans neelgej huvicaagaa batalgaajuulah be
9998
2016/03/19 103.17.108.42