8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол, Сингапурын харилцааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов

2019-06-09 21:57:12

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хоёр дахь өдөр тус улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киатад бараалхаж, олон улс, бүс нутгийн байдал, улс орнуудын өмнө тулгамдаж буй хөгжлийн асуудлууд, Сингапурын туулж ирсэн туршлага болон Монгол, Сингапурын харилцааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киат Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлалын хүрээнд хоёр улсын бизнесийн хүрээнийхний уулзалт зохион байгуулагдаж байгаад олзуурхаж байгаагаа хэлээд хоёр улсын Засгийн газар хувийн хэвшлийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахын чухлыг тэмдэглэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Сингапур Улс манай улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ эхний 5 орны тоонд багтаж байгаагийн сацуу худалдаа ч өсөж байна” гээд цаашид дэд бүтэц, барилга, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав.

Сайд Д.Цогтбаатар мөн өдөр “Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” арга хэмжээнд оролцож, Монголын эдийн засгийн байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар дэлгэрэнгүй илтгэл тавив. Түүнчлэн тэрээр Сингапур Улсын анхны Гадаад хэргийн сайд С.Ражаратнамын нэрэмжит Олон улс судлалын сургуульд зочилж, Монгол Улсын гадаад бодлогын талаар лекц уншлаа.Гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудад суугаа Элчин сайд нарын зөвлөлгөөн болж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтүүд,  гадаад бодлогын зорилтыг хангах, түүний дотор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай уялдаа холбоогоо өргөжүүлэх, бүс нутгийн интеграцид нэгдэн орох, АСЕАН-ы зах зээлд нэвтрэн орох зэрэг Монгол Улсын тус бүс нутагт явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар ярилцаж, Сайд Д.Цогтбаатар Элчин сайд нарт хандаж холбогдох үүрэг, чиглэлийг өгөв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл