6o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг 20 аж ахуйн нэгж ажиллаж байна

2019-06-07 09:50:00

УИХ-ын чуулганаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж байдаг. Цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт өсөх төлөвтэй байна. Гэтэл уг хуулинд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих шаардлага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг нарийвчилж Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсээд байгаа аж. Дээрх бэрхшээлийг арилгах үүднээс Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон сууцны нэг давхарт ажиллаж буй цайны газрууд ихэвчлэн хий ашигладаг бөгөөд үүнд хяналт тавих шаардлагатай байгаа ч хуулийн төсөлд зөвхөн пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салютад гол анхаарлаа хандуулсан байгааг шүүмжлэв. Түүнчлэн тэсэрч дэлбэрэх бодисыг хадгалах агуулахын талаар зохицуулалт тусгасан эсэхийг тодрууллаа.

Хийг түлшний ангилалд хамааруулдаг тул Галын аюулгүй байдлын тухай болон Газрын тосны тухай хуулиар уг асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хуулийн төслийг боловсруулсан ажлын багаас хариулав. Мөн хуулийн төсөлд тэсэрч дэлбэрэх бодис түр болон байнга хадгалах агуулахад тавих шаардлага, түүний аюулгүйн бүсийн дэглэм тогтоох асуудлыг нарийвчлан тусгасан гэдгийг дурдсан юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг 20 үйлдвэр Улаанбаатар хотод ажиллаж байна. Гэтэл Монгол Улсын хүн амын 50 хувь нийслэлдээ амьдарч байгаа. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж, тэсэрч, дэлбэрэх бодисын үйлдвэрүүдийг нийслэлээс хол байрлуулахгүй бол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Цаашлаад салютаас эхлээд хий хүртэл тэсэрч дэлбэрдэг бүх асуудлыг нэг хуулиар зохицуулдаг болох нь чухал” хэмээв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 97.7 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment