8o
Улаанбаатар хот
mobile menu

Зэвсгийн дээрэмд монголчуудыг“гүтгэж”, Төр нийгмийн зүтгэлтэн таалал төгсч, 11 иргэн саятан болсон өдөр

2016-03-07 19:21:00

Энд тэнд өнгө өнгийн цэцэг алаглаж, эмэгтэйчүүд маань баяраа тэмдэглээд эхэлчихэж. “Баярлалаа” гэх үгээр чимэглэсэн баярын ширээнүүд цаанаа л өнгөтэй. Гэрэл цацруулсан харцанд нь, гийн туяарах царайнд нь мишээл тодорч байна.

... Бүсгүй хүнийг яг л цэцэг шиг гэдэг. Хайр халамжаар услаад л байвал хамгийн сайхан бүхэн түүнээс дэлгэрээд л байдаг гэдэг шүү дээ. Нэгхэн өдөр баярлуулах бус нэг насаар нь хайрлаж явахыг  эрчүүдээсээ хүснэм.

Ингээд “Монголын нэг өдөр” тоймын булангаа уншигчдадаа хүргэе.

Өнөөдөр манай хуудаснаа

С.Галя: 10 жил нүүрс зарж байгаа ч Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр удаа шагнагдсан хүн

Явган  нэг нь  машинтай, машинтай нэг нь онгоцтой болохыг мөрөөддөг хүмүүний шунал төгсөшгүй. Зовлонгийн дундаас жаргалыг шүүрдэж,  жаргалдаа ташуурч зовлонд унадаг нь хүний амьдралын эрээнтэй бараантайг илтгэнэ. Хөрөнгөтэй нэгэнтэй суучихвал, хөлжиж баяжаад ирчихвэл ч сайхан амьдарна даа гэсэн зэрэглээ  зүүд шиг хоосон бодол, гартаа ганц төгрөггүй, өвлөн авах хөрөнгөгүй яаж сайхан амьдрах юм бэ “Саятан хүн” л сайхан амьдардаг гэсэн ахархан бодлыг эвдэн өөрийн хүчээр сайхан амьдарч болдогыг сануулсан эрхэм хүнийг энэ удаад “Амьдрал сайхан” буландаа урилаа. Нар уулын  цаанаас мандахтай  зэрэгцээд  одод тэнгэрт түгэх  хүртэл 7 буудлын автобусны буудал дээр өглөө өдөргүй түлээ нүүрс худалдан зогсох цаст буурал уул шиг урт цагаан сахалтай, энэ өвөөг ойр хавийхан нь андахгүй.  

...Говь-Алтай аймгийн харъяат Санжсүрэнгийн Галя хэмээх энэ хүн өдгөө 73 насыг зооглож байна. 14 настайгаасаа эхлээд л ажиллаж хөдөлмөрлөж, ажлын  үр шимийг амсаж мэдэрсэн ёстой л ясны хөдөлмөрч нэгэн гэж хэлж болмоор. С.Галя гуайд багтаж ядсан их баялаг, эд хөрөнгө байгаагүй ч ажлыг голдоггүй зүгээр суудаггүй хөдөлмөрч зан нь сайхан амьдралд хүргэжээ. Өнөөдөр түүний гарын арван хуруу шиг арван сайхан хүүхдүүд нь гадаад, дотоодод хүнээс дутахааргүй амьдарч байна. Аливаа зүйлийг зүрх сэтгэлд нь нэвтрэлгүй гаднаас нь хараад дүгнэж болдоггүй гэдэг. С.Галя гуай хоногийн хоолоор дутагдаж гачигдсандаа энд зогсдоггүй. Харин зүгээр сууж чаддаггүй угийн хөдөлмөрч зан нь ийнхүү ажиллаж хөдөлмөрлөхөд  хүргэжээ....Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

 

Бангкокт зэвсгийн дэлгүүрт халдсан хятадуудыг монголчууд гэж андуурчээ

Өнгөрсөн баасан гаригт таван залуу Бангкокт зэвсгийн дэлгүүр дээрэмдэхийг завдаж, улмаар нэг нь амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал тэдгээр залуучууд өнгөрсөн баасан гаригт ийм гэмт хэрэг хийсэн бөгөөд Пхра Накхон дүүрэг дэх “Интерармс” зэвсгийн дэлгүүрийн эзэн Ситтхинон гэх эрийн хамт хөнгөн гэмтэл авч, хоёул эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг хэргийг монгол залуус үйлдсэн хэмээн өнгөрсөн тав дахь өдөр мэдээлсэн. Харин өчигдөрөөс эхлэн Бангкокийн хэвлэлүүд зэвсгийн дэлгүүрт халдлага үйлдсэн залуус монголчууд биш, БНХАУ-ын иргэд хэмээн нэртэй нь хамт мэдээлэл гаргасан байна... Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

 

Өнөөдрийн дуулиан

Н.Анхболд: Талийгаачийн эхнэр, таван хүүхдэд хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн

Одоогоос хоёр жилийн өмнө таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг сошиал ертөнцөөр тарж, олон хүнд нэгийг бодогдуулж байсан цаг саяхан. Харамсалтай нь ажилч, хичээнгүй залуу өнгөрсөн баасан гаригт бурхны оронд одсон талаархи мэдээлэлийг манай сайт хүргэсэн билээ. Талийгаачийг өнөөдөр өглөө үүрээр сүүлчийн замд нь үдсэн байна. Түүний хань болон үр хүүхдүүд фэйсбүүк хуудсаараа дамжуулан хайртай аавынхаа араас гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн бол талийгаачийн ажиллаж байсан "Улаанбаатар такси" болон мянга мянган хүмүүс эмгэнэл илэрхийлсээр байна.

Уй гашуу хагацал гуниг тохиолдсон энэ үед  “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон нэгэн таатай мэдээлэлийг дуулгалаа. Тодруулбал, “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэлээ. Эхнэр Д.Амаржаргал та бидэнтэй холбогдоорой” хэмээн фэйсбүүктээ бичжээ. Энэ талаар бид “Шинэ Толгойт” төслийн менежер Н.Анхболдоос тодруулахад “Энэ гарч байгаа мэдээлэл үнэн. Таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн. Өнөөдөр өглөө үүрээр талийгаачийг сүүлчийн замд нь үдсэн гэсэн. Тийм учраас одоогоор талийгаачийн ар гэрийнхэн бид нартай холбогдоогүй байна. Тэгж байгаад холбогдох байхаа гэж бодож байна” гэсэн хариултыг өглөө. 

 

Өнөөдрийн онцлох үйл явдал

Ерөнхий сайд салбар салбарын төлөөлөл шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэлээ

Манай улсын дээд боловсрол эзэмшигчдийн 56,8, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 60,7, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын 44,4, боловсролын салбарын нийт ажиллагсдын 79,3, эрүүл мэндийн салбарын 87,1, нийт малчдын 46,8, уул уурхайн салбарт ажиллагсдын 10,4, төрийн захиргааны байгууллагад ажиллагчдын 57,6,төрийн нийт албан хаагчдын 44, манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцогсдын 2,9, Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломатчдын 12, хууль тогтоох дээд байгууллага УИХ-д 14,4, Монголын нийт ажиллах хүчний 52,4 хувь нь эмэгтэйчүүд байгаа ньэмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг илэрхийлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг салбар салбарын олон мянган эмэгтэйчүүдийг төлөөлөн, эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлагч 21 эмэгтэйг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, баярын мэнд хүргэлээ.

 

Дөрвөн сая төгрөг хожсон 11 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын өчигдөр болсон тохирлоос дөрвөн сая төгрөг хожсон 11 ширхэг баримт, 500 мянган төгрөг хожсон 169 ширхэг баримт тодорлоо.

МҮОНТ-ээр шууд дамжуулан явуулсан сугалаагаар өчигдөр 02870088 гэсэн дугаар тодорчээ. Иймд

  • 088 дугаараар төгссөн 15743 ширхэг баримт 20000 төгрөг,
  • 0088 дугаараар төгссөн 1524 ширхэг баримт 100 мянган төгрөг,
  • 70088 дугаараар төгссөн 169 ширхэг баримт 500 мянган төгрөг,
  • 870088 дугаараар төгссөн 11 ширхэг баримт 4 сая төгрөг хожлоо.
  •  

Банканд буутай этгээдүүд халдаж, дээрэмдэхийг завджээ

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах нэгэн банкны тооцооны хоёрдугаар салбарт өнөөдөр зэвсэглэсэн хоёр этгээд халдаж, дээрэмдэхийг завджээ. Эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд буутай байсан бөгөөд үйлдэл дээрээ баригдсан аж. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

ХХАА-н сайд Р.Бурмааг давж заалдах шатны шүүхээр буруутай нь дахин тогтоогджээ

ХХАА-н сайд Р.Бурмааг давж заалдах шатны шүүхээр буруутайг нь дахин тогтоосон байна. Тэрбээр нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өгөөд байсан билээ. Харин өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс Р.Бурмааг нэр төрд халдсан, гүтгэсэн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. ХХАА-н сайд Р.Бурмаа, өмгөөлөгч Г.Батбаяр нарын шүүх хурал өнгөрсөн удаад иргэний хэргийн анханы шатны шүүхэд болж, шүүхээс Р.Бурмаа сайдыг буруутай гэх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд ялалт байгуулсан. Тэгвэл өнөөдөр энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шүүхийн магадлалаар Р.Бурмаа сайдын гэм буруутайг шүүх дахин тогтоожээ. 

”Хан Ресурс”-т өгөх мөнгө багаслаа

  АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэлээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин 5 удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам.доллар болоод байсан төлбөрийг Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд  70 сая болгон бууруулж чадлаа. Энэ мөнгө төлөгдөж дууссанаар хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа.

 

Монголбанкны О.Чулуунбат таалал төгсчээ

Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх,УИХ-ын экс гишүүн,  Монгол банкны экс Ерөнхийлөгч О.Чулуунбат хүндээр өвдөж, Япон улсад эмчлүүлж байсан. Түүний өвчнийг японы эмч нар оношилж тууштай эмчилгээ хийлгэхэд эдгэрнэ гэж үзэж байсан ч харамсалтай нь хүнд өвчний улмаас таалал төгсжээ. Тэрбээр монголын шилдэг эдийн засагч , төр нийгмийн зүтгэлтэн байлаа.  Ум мани бадмэ хум

 

Өнөөдрийн зарим үйл явдлыг товчхоноор

  • Өчигдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдөр Замын цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31-ийг илрүүлжээ. Эдгээр жолоочийн зургаа нь зам тээврийн осолд холбогдсон байна.
  • Сүүлийн дөрвөн жилд татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй 95 770 тээврийн хэрэгэл байгаа бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийг олон нийтэд мэдээлж улсын бүртгэлээс хасахаар төлөвлөжээ.
  • Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтад түнш орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт илгээсэн бөгөөд одоогоор 20 орны 90 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.
  • Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
  • МНН-ын дарга О.Бум-Ялагч, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр, Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан төвийг сахих үзлийн давуу талыг олон нийтэд ойлгуулан таниулах ёстой гээд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
  • Маргааш буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурлыг ирэх сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.
  • Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
  • Манай улсын хэмжээнд он гарснаас хойш менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна.
  • Тайландын Бангкок хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний 10 метрийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа гавьяат  Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
  • “Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн олимпын наадмын тэшүүрийн холимог багийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн ОУХМ Б.Сумъяаг 40 сая, дасгалжуулагч Д.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнахаар болжээ.

 

Маргаашийн тухай

Түүх сөхвөл 105 жилийн өмнө анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зарлаж байжээ. Дараа нь энэ өдрийг цагаач эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгосон гэдэг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл  эмэгтэйчүүд энэ өдөр жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаялт зарлаж эрхээ хамгаалан тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн байна. Ийнхүү тэмцэж байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь Орос, Итали, Польшоос ирсэн цагаачид байжээ. Тэд өдөрт 15 цаг тасралтгүй хөдөлмөрлөдөг байсан ч үүнийхээ төлөө хангалтгүй цалин авдаг байсан аж. 1908 онд оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, илүү цаг ажилласны нэмэлт хөлс олгохыг шаардан, ажил хаялт зарлаж байсан юм. Гэвч тухайн нийгмийн цаг үеэс шалтгаалан эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүлээж авч тоодоггүй байсан учир эмэгтэйчүүд өөрсдийн тэмцлийг олон улсын хэмжээнд болгон өргөжүүлж, 1909 оны арваннэгдүгээр сарын 22-нд “20 мянгын бослого” нэртэй олон улсыг хамарсан эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах аян өрнүүлжээ. Энэ жагсаал цуглаан хоромхон зуурт хүрээгээ тэлж, хэдэн сараар үргэлжилсээр байсан юм. Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд цагаач эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойг хүргэж, эрх ашгаа тодорхой хэмжээгээр хамгаалж чадсан гэдэг. Үүнээс хойш 1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
хөөрхийдөө ямарч гэсэн төрд алба хашиж байсан нэгэн эрхэм бурханы оронд одлоо. монгол банкнаас өөр хэнч дуу гарсангүй. нөгөө төрийн өндөр намууд хаачив аа. ум ма ни бад ми хум
2016/03/08 103.17.108.42
Өөнтөгч
Эмэгтэйчүүд тэмцэж байсан орон чинь аль орон юм бэ? Бичсэн юмаа эргэж нэг уншиж байгаасай.
2016/03/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment