-13o
Улаанбаатар хот
mobile menu

Зочлох үйлчилгээний салбарт 9 чиглэлээр 15 мянган иргэнийг үнэ төлбөргүй сургана

2019-05-24 13:21:00

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2019 оныг “Ажлын байр, боловсрол, ур чадвар” уриан дор зарласан. Үүнтэй холбоотойгоор  өнөөдрөөс /2019.05.20/ эхлэн аялал жуулчлалын салбарын “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” улс орон даяар эхэллээ.

Монгол Улсын хувьд 2018 онд анх удаа хагас сая гаруй буюу 529 мянган гадаад жуулчин хүлээн авч,  569 сая ам.долларын орлого олжээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460  зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 54 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна.

“Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн.

Жуулчин хүлээж авах өнөөгийн хүчин чадлыг тооцоолж үзвэл Монгол Улс нэг өдөрт 70 гаруй мянга,  зуны 3 сарын хугацаанд нийт 3 сая гаруй жуулчин хүлээж авах бүрэн хүчин чадалтай  хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн турш монголд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзсээр иржээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж, үүний дотор “олон улсад нээлттэй байдал”, “агаарын тээврийн дэд бүтэц”, “газрын боомт, дэд бүтцийн хөгжил”, “жуулчны үйлчилгээний дэд бүтэц” зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд доогуур үнэлэгджээ.

13-15 мянган иргэнийг 9 чиглэлээр мэргэшүүлнэ

 Монгол Улсын Засгийн газраас 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж, зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж,  зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн 9 мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж өнөөдөр сургалтын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтанд 13-15 мянган иргэдийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хамгийн гол ач холбогдол нь иргэдийг ажлын байртай болгож ядуурлыг бууруулах, зочлох үйлчилгээний салбарын чанарыг дээшлүүлэх нь бид бүхний улс орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр байх болно гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр онцлон хэлж байлаа.

Сургалтад хамрагдсан иргэд зочлох үйлчилгээний салбарт ажиллах эрхтэй болно

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй сургалт улс орон даяар үнэ төлбөргүй явагдах бөгөөд тус салбарт ажиллаж буй мэргэжилтэн боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөц бэлтгэх , тогтвортой ажлын байраар хангах зэрэг хүрээнд  Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн  бүсэд нэгдсэн байдлаар ирэх 6 дугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулагдана.

Сургалтад хамрагдсан иргэдийн хувьд мэргэшсэн чиглэлийн дагуу сертификаттай төгсөн бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй амралт жуулчны бааз, тур оператор компаниудад ажиллах боломжтой болж шаардлагатай  хүний нөөцийн жагсаалтад бүртгэгдэнэ  гэдгийг БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан хэллээ.

Зочлон үйлчилгээний сургалтын нээлтийн үеэр Тогооч, зөөгч , бартендарын сургалт болж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй  зочид буудал, зоогийн газар, амралт жуулчны баазын  ажилтнууд чиглэл тус бүрийн онол, дадлагын  сургалтад хамрагдлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 1