Өчигдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт ял шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эрхийг хамгаалах тухай асуудлыг хэлэлцэж баталсан. Тэднийг суллахын тулд эхлээд прокурор дүгнэлт бичиж, шүүх түүнийг хэлэлцэж ёстой аж. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Цагдаа дээр эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэсэн хоёр хэрэг шалгагдаж байгаа. Хуулиараа прокурор шинэ нөхцөл байдлын дүгнэлт гэж бичдэг юм. Тэрийг бичих байх. Тэгээд Улсын дээд шүүхээр орно. Шүүх дээр гурван асуудал хэлэлцэгдэх байх. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн асуудал. Хоёрдугаарт, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн асуудал. Гуравдугаарт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хэрхэн вэ гэдэг асуудал. Ийм л процедураар цааш явна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг шүүхээр л шийднэ. Хэлмэгдэж, хилсээр хэрэг хүлээсэн бол хохирол нөхөн төлөх асуудал яригдана. Гэхдээ нөхөж чадахгүй зүйл байгаа. Энэ хүмүүсийг амьдралд өнгөрсөн дөрвөн жилд учирсан гашуун гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй. Хоригдсон залуучуудын цаана настай ээж, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь байна. Үүнийг ямар ч үнээр төлөх боломжгүй. Энэ зөвхөн хоёр, гурван хүн хохирч байгаа асуудал биш. Цаана нь үр хүүхэд, настай ээж нар, ах дүү нарт асар хүнд байгаа. Тухайлбал,тэр бурхан болсон залуугийн талаар энэ С.Зоригийн амийг хөнөөсөн ш дээ гээд хаягдаад үлдэнэ. Хамгийн аймшигтай зүйл бол энэ шүү дээ.
Захиалагчийг Тагнуул дээр байгаа хэрэгтэй хамт шалгана. Ер нь цаашдаа захиалагч илрүүлэх ажиллагаанд асар их саад учруулна. Бүр төөрүүлээд хаячихсан юм билээ. Булганыг гурван сар хориод сулласан. Юу ч биш болгоод хаячихсан. Яалт ч үгүй гэр нь цорын ганц хүн тэр байсан. Гэрч биш, хохирогч биш болчихсон. Ертөнцийн түүхэнд байхгүй сонин зүйл болоод байна. Хажууд байсан цорын ганц амьд гэрчийг оролцуулахгүйгээр шүүх хурал хийнэ гэж хаашаа харсан юм байдаг юм. Тэгээд булганы хэлж зуруулсан зургаар тэднийг шийтгэсэн. Зургийг нь хэлж зуруулсан хүнийг шүүх хурал дээр байцаах ёстой юм байгаа биз дээ. Тэгээд юу ч биш болгоол хаячихсан. Одоо тэгээд сүүлд нь алийгаа алдаад янз бүрийн захиалгатай зүйл явуулж байна. Ямар ч байсан эрүүдэн шүүсэн гэдэг нь тодорхой болсон. Өдрөөс өдөрт шинэ зүйлүүд гарч ирж байгаа. Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг хамаагүй зөрчсөн” хэмээн хэллээ.