МАН-ын намын бүлэг өчигдөр Төрийн ордны “Б” танхимд хуралдаж, АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох гэсэн ганц асуудлыг хэлэлцсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Хэрвээ дараагийн хүн томилогдвол бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог. Хуулиараа АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
Иймд АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг ажиллаж байна. Процедурын асуудал явагдаж байна. Удахгүй тавдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн баригдана" хэмээн хэлсэн.
АТГ-ын удирдлагыг чөлөөлөх бичгийг Ерөнхийлөгчөөс ирүүлжээ. Уг албан бичигт УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байгаа бөгөөд ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн агуулга тусгажээ.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа гэж хэн бэ
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан.
Мэргэжил: Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр
Боловсрол:
- 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
- МҮДС Хууль зүйн ухааны магистр
Ажлын туршлага:
- 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
- 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
- 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
- 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
- 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
- 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
- Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь:
Боловсрол:
- Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
- Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
- Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
- 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.