Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төвөөс өвлийн улиралд барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулж байна.Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг. Иймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын чанар, норм, дүрэм, стандартаа мөрдөх шаардлагатай байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын Дэд бүтцийн хяналтын газар 2014 онд улсын хэмжээнд 6463 аж ахуйн нэгж, иргэний барьж байгаа 3478 барилгын ажилд хяналт шалгалт хийсэн. Хяналтын хуудас, эрсдлийн шалгуураар үнэлэхэд 403 барилга их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 164 осол гарч 178 хүн өртсөний 63 нь нас барж, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 80 нь хөдөлмөрийн чадвараа түр алджээ.