8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОЙМ: Бас нэг иргэн өөрийгөө шатаахыг оролдож, Хятадаас зээл авах хуулийн төслийг өргөн барилаа

2015-11-20 19:06:00

Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр буюу баасан гариг эх оронд минь улс төр, нийгмийн уур амьсгал ч тайван болж өнгөрлөө. Өнөөдөр өвлийн тэргүүн улаагчин гахай сарын  Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өвлийн эхэн сар дундаа орж байгаа боловч, ёс эхэлсэн мэт хүйтэн, жиндүү байлаа. 

Амралтын өдрийг гэр бүлээрээ хэрхэн өнгөрүүлэхийг төлөвлөн,  бас хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь авах гэж буй таньд “Монголын нэг өдөр”  булангаа хүргэж байна. Арваннэгдүгээр сарын 13-ны өдөр буюу долоо хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой" компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрлүүгээ бензин цацаж шатаасан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргээс хойш иргэд хурц, хурц шийдвэр гаргах болж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонирхоорой.  

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тун удахгүй ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлийн талаар АИХ-ын деутат, Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Чилхаажав ярилцлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

 

Б.Бат-Отгон: АТГ-аас сонгуульд нэр дэвшигчдийн санхүүжүүлэгчид нь тодорхойгүй байна гэж үзсэн

Мөн Төрийн томоохон албан тушаалтан болон авилгалын талаар АТГ-ын Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгоноос “Төрийн байгууллагуудаас ямар байгууллага авилгад их өртдөг, Намын санхүүжилтыг хэн хянадаг”  талаар сонирхолтой тодруулга авсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу 

"Манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ

Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэг өчигдөр гарчээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст "Манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна" гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Ш гэгч нь саванд бензин авчиран гэртээ болон өөр дээрээ асгаж, өөрийгөө гэрээ галдан шатаахаар бэлдэж байжээ. Дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчид үйлдлийг шуурхай таслан зогсоосон байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Хятадаас зээл авах хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр /2015.11.20/ өргөн барилаа.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 59 дүгээр тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороодын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж.

15 давхараас барилгын туслах ажилтан труба төмөр алдаж, унагаажээ

Өчигдөр Төв номын сангийн урд баригдаж буй "Мастер инженеринг" ХХК-ийн барилгаас төмөр автомашин дээр унасан хэрэг өчигдөр гарсан.Тус хэргийг цагдаа нар газар дээр нь очиж шалгахад “Саруул цамхаг” гэх 16 давхар барилгын 15 давхараас тус барилгын гүйцэтгэгч компаний туслах ажилчин, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 24 настай эрэгтэй М гэгч цэвэрлэгээ хийх үедээ труба төмөр алдаж унагаасан болох нь тодорхой болжээ.

Г.Маралмаа, Т.Цогт нарын өмгөөлөгчид Дээд шүүхэд хандахаа мэдэгдэв

Дөрөвхөн настай охиныхоо үхэлд буруутгагдаж, анхан шатны шүүхээс 24 жилийн хорих ял сонссон төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нар өчигдөр Нийслэлийн шүүхэд давж заалдсан билээ. Шүүхээс тэдэнд оноосон ялыг хоёр жилээр бууруулж, 22 жил болгон өөрчилсөн юм.  Тэгвэд тэдний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь дараагийн шатны шүүхэд хандахаар болжээ. Тодруулбал Дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн байна. Одоогоор Т.Цогт цагдан хорих ангид ялаа эдэлж байгаа бол Г.Маралмаа нь амаржсан гэдэг шалтгаанаар тусгай өрөөнд байгаа юм.

Товчхон

-  Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас бага багаар нэмж орох тул хальтиргаа ихсэж, гүвээ даваа хаагдаж болзошгүйг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

- УИХ-ын баасан гаригийн ээлжит хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment