
Монгол бүжгийн уламжлалт дэг сургалтыг бий болгох, бүжиг судлалыг хөгжүүлэх, бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн зөвлөх Профессор Дунжаагийн Нанжид 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, монголын бүжгийн урлаг, соёл, урлагийн салбарт хүнд гарз тохиолоо. Д.Нанжид нь 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрж, 1948 онд Уран сайхны сургуулийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1945-1972 онд Улсын эстрад концертын товчоо, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, 1975-1984 онд Улсын багшийн сургуульд бүжгийн багш, 1984-1990 онд Өмнөговь аймгийн ХДТ, 1991-1992 онд “Дүнжингарав” чуулгад бүжиг дэглээч, 1992-1997 онд МУИС-ийн Ардын урлагийн тэнхимд багш, 1993 оноос Эртний сайхан чуулга, 1993-2013 онд СУИС-ийн Театрын урлагийн факультетийн бүжгийн тэнхимийн багш, 2013-2019 онд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн бүжгийн багш, зөвлөх профессороор ажиллаж байлаа.Монголын урлагийн “Алтан үе”-ийн төлөөлөл, нэрт бүжиг дэглээч, бүжгийн багш, сурган хүмүүжүүлэгч, бүжиг судлаач, Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат Жүжигчин, монголын уламжлалт бүжиг бий биелэгийн “Хатан эх”, СУИС-ийн хүндэт профессор Дунжаагийн Нанжид эрхэм дээд хүмүүн таны эелдэг даруу нөхөрсөг тусч зан, яндашгүй авьяас билиг, хөдөлмөрч чанар, гайхамшигт бүтээлүүд тань монгол түмний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.



