8o
Улаанбаатар хот
mobile menu

Инфографик: Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ соёрхон батлах тухай хууль

2019-02-27 17:05:00

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт толилуулж байна.

“ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт нь хоёр орны хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино. Гэрээ соёрхон батлах тухай хууль нь 1 зүйл, гэрээ нь 22 зүйлээс бүрдэнэ.

Хоёр орны худалдааны эргэлт нэмэгдсэн, иргэд хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын байдлаар олон тооны иргэд харилцан зорчих болсон. Хоёр улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд хоёр улсын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх шаардлага гарахад тус харилцааг зохицуулсан тусгайлсан эрх зүйн баримт бичигтэй байх шаардлага үүссэн.

Хууль баталснаар гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх үндэс бүрдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой төрлийн ажиллагаа, тухайлбал, нотлох баримт олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэргийг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хуулийн байгууллагууд хамтран ажиллаж туслалцаа үзүүлэх боломжтой болно.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хууль нь эрх зүйн туслалцаа үзүүлэх хоёр талт олон улсын гэрээ тул Улсын Их Хурлаар соёрхон баталснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа тул шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл