8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Леонардо Ди Каприо “Оскар” хүртэж, ОХУ-д их өрийн үлдэгдэлийг төлсөн өдөр

2016-02-29 18:27:00

Одоогоос найман жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 14-ны өдөр Монгол улсын бөх, Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Олимпийн аварга болж байсан түүхтэй. Тэр өдөр монгол хүн бүр нүдэндээ баярын нулимастай, монгол орон тэр чигээрээ Найдангийн Түвшинбаяраар амьсгалж байлаа. Яг үүнтэй адилхан өнөөдөр цахим ертөнц Леонардо ДиКаприогоор амьсгалаа. Хэдийгээр тэрбээр монгол хүн биш ч гэсэн дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин гэдгээ баталж "The Revenant" киногоороо "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагнал хүртлээ. Монгол төдийгүй, дэлхийн ихэнхи хүмүүс түүнийг “Оскар” авна хэмээн хүлээж, монголын зарим нэгэн шүтэн бишрэгч нь түүнд зориулан ганданд очин ном хүртэл уншуулсан байна. Ийн Леонардо Ди Каприо урлагт хүчин зүтгээд  хойш 22 жилийн  дараа “Амилсан чөтгөр” киногоороо Алтан хүнийг атгалаа. Ингээд шинэ, содон мэдээлэлээр дүүрэн Монголын нэг өдөр булангаа хүлээн авч үзнэ үү.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

ОХУ-д төлөх өрийн үлдэгдлийг барагдууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзан ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа. Ерөнхий сайд “Их өрийн үлдэгдлийг хоёрдугаар сард багтааж төлнө гэсний дагуу Монгол банкны өнөөдрийн ханшаар 3 сая 832 мянга 515 долларыг Сангийн яам, Монгол банкнаас ОХУ-д шилжүүлсэн баримтыг гардуулсан юм. 

АТГ-аас МАХН-ын шаардлагад хариу өглөө

МАХН-ын залуус АТГ-ыг улс төрөөс хараат бус ажиллаж, МАХН-ын удирдлагуудыг үндэслэлгүйгээр барьж, хорихгүй байхыг шаардаж албан бичиг илгээсэн. Түүнчлэн албан бичгийн хариуг хуульд заасан хугацаанд багтаан ирүүлэхийг хүссэн билээ.

Тэгвэл МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын шаардлагад АТГ-аас хариу илгээсэн байна. Тус бичигт, “Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох”-ыг хориглосон. Шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд шат дараалсан тэмцлийн хэлбэрт шилжих тухай танай мэдэгдэл нь өөрөө байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх улс төрийн шинжтэй дарамт шахалт гэж ойлгогдохоор байна. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын зүгээс тус газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар оролдож, намын удирдлагуудыг суллахыг шаардсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэжээ.

Түрээсийн орон сууцанд орох шалгуур, үзүүлэлтүүд

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол 2016 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсан юм. Тогтоолоор түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон байна.

Түрээсийн орон сууцанд

Залуу гэр бүл(2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн 35 хүртэлх насны эхнэр,нөхөр)
Төрийн албан хаагч
Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй
Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх хамрагдах юм байна.

Иргэнд тавигдах шалгуур үзүүлэлтүүд:

Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн
Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
Үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй иргэд хамрагдах боломжтой. Ямар бичиг баримт бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.

Олон нийтийн газар шүлс, нус цэрээ хаясан тохиолдолд торгоно

Өнөөдрөөс эхлэн Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Уг хуулийн шинэчлэн найруулгад  гудамжинд шүлс, нус цэрээ хаясан тохиолдолд 5, 000-1,000,000 төгрөгөөр торгох заалт орсон байна. Уг заалтыг хэрэгжүүлэх журам тун удахгүй батлагдах төдийгүй олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн албан хаагчид сайн дурын ажилтан хяналт тавих аж. 

Леонардо ДиКаприогийн мөрөөдөл биелэлээ

Америкийн академийн хамгийн том шагнал гардуулах ёслол “Оскар” наадмын томоохон шагнуул эзэндээ олгогдож эхэллээ. "ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН" номинацид "Room" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Бри Ларсон хүртсэн бол эрэгтэй шилдэг жүжигчний шагналыг Леонардо ДиКаприо хүртлээ. Тэрбээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд “The Revenant “буюу “Үхлээс амь мултарсан нь” киногоор нэр дэвшсэн бөгөөд үзэгчид түүнийг энэ удаад заавал Оскар авна хэмээн харж байсан юм. Саяхан 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд жүжигчин Леонардо ДиКаприо гол дүрийн шилдэг жүжигчний шагналыг хүртсэн билээ. 

10 настай Япон хүүд “Зика” вирусын халдвар илэрлээ

Энэ сарын 25-ны өдөр Японд “Зика” вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. 10 настай япон хүүд “Зика” вирусын халдвар илэрсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хүү өндөр халуурч, өнгөрсөн даваа гаригаас эхлэн бие нь загатнаж эхэлжээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Япон улсын Эрүүл Мэндийн Яамнаас энэхүү тохиолдлыг Төв болон Өмнөд Америкт Зика вирусын халдвар газар авч эхэлснээс хойшхи тус улсад илэрсэн анхны тохиолдол, албан ёсоор бүртгэгдсэн дөрөв дэх тохиолдол хэмээн мэдэгдсэн байна. 

Энэ жилийн наадмаар 10-14 хоног амарна

Энэ жилийн наадмаар олон хоног амрах төлөвлөгөөтэй байна. Учир нь нийтээрамардаг наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11, 12, 13 ажлын өдөр таарч байгаа. Залгуулаад долдугаар сарын 14-нд АСЕМ /Ази-Европын уулзалт/-ын зочид Монголд бууна. Үүнтэй холбогдуулан наадмын дараачаас 7 хоног үргэлжлүүлэн амраахаар төлөвлөж байна. Мөн зах худалдааны төвүүдийг ч мөн амраахаар төлөвлөөд байгаа аж.

Монгол Улсад болох АСЕМ-ын 11 дэх удаагийн энэ уулзалтад оролцох 51 орны төрийн тэргүүний 1 нь л гэхэд доод тал нь 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ирэх нь тодорхой. Мөн 51 орны төрийн тэргүүнээс гадна Европын холбоо, АСЕАН /Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг/-ийн төлөөлөгчид Монголд ирнэ. Тиймээс нийслэлийн удирдлагууд АСЕМ-ын үеэр нийслэлийн хөдөлгөөнийг багасгаж, томоохон захуудыг хааж, бүх нийтээр амраахаар төлөвлөж байна. Ингэхдээ нийслэлчүүдийг аль болох хөдөө орон нутаг уруу амралт, аялал зугаалгаар явахыг уриалж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл