8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүх хурлыг интернэтээр харах боломжтой боллоо

2016-02-27 13:59:00

Нийслэлийн  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Иргэн 2014” нэгдсэн системийн нэмэлт ажлын нээлтийн үйл ажиллагаа болж, иргэд шүүхээс байнга асуудаг мэдээллийг өөрийн кодоор интернэтээс үзэх боломж бүрдсэнийг танилцуулсаг байна.

Тус арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нээж, системийн танилцуулгыг Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг хийв. Хэргийн оролцогчид интернэтийн сүлжээг ашиглан "irgen.civilcourt.mn" хаягаар хандаж өрийн хэргийн талаарх мэдээллийг үзэх боломжтой.

Үүнд: Хэргийн оролцогч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан, хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх, нотлох баримт гаргасан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх, сэргээсэн эсэх, шүүх хуралдаан товлогдсон эсэх, хэргийн материалтай талууд танилцсан эсэх, шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх зэрэг мэдээллийг хэн нэгний туслалцаагүйгээр хүссэн газраасаа мэдэх боломжтой боллоо.

Монгол улсын анхан шатны шүүхээр шийдвэрлэж байгаа нийт хэрэг маргааны 80 гаруй хувийг иргэний хэрэг дангаараа эзэлдэг. Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, түргэн шуурхай болгох зорилгоор нэхэмжлэл хүлээн авахаас эхлээд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүх процессыг бүртгэдэг нэгдсэн системийг 2014 оноос хойш ашиглаж ирсэн. Энэхүү интернэт мэдээлэл нь иргэний шүүхийн нээлттэй үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд мэдээлэл лавлагааны ажилтан, шүүгчийн туслахын ажлын ачааллыг бууруулж, иргэдэд ойртсоноороо Монгол улсын шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэлийн бодит үр дүн юм гэж ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment