8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайдад халз мэтгэлцээний урилга явуулж, МАХН-ын залуучууд АТГ-т хандсан өдөр

2016-02-23 18:50:00

Тааламжтай сайхан хавар, найртай сайхан хавар

Дахин дахин ирж дэлхий дахиныг гийгүүлнэ

Тэргүүнээ өргөж, дөрвөн зүг хандвал

Тэнгэрийн хязгаар цэв цэлийн, уудмаар амисгална

Алтан нар гийж, мөнгөн цасыг хайлуулаад

Амитан бүхэн төлжиж, цэцэг навч соёолно.

Шар дэлхий ногоон дээлийг өмсөн ёсолж

Цөцгий болжмор жиргэлдэн хөгжим өргөж угтана

Бургаас модны навч зулзага бултайн цэцэглэж

Туулай чандага үүгээр түүгээр харайн наадна

Хурга ишиг энд тэнд майлалдан давхилдаж

Хоничин хүү нимгэн дээлийг өмсөн дэвхцэнэ ............../Д.Нацагдоржийн/ 1931 онд бичсэн "Хавар" шүлгийг хүргэж, энэ долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларна гэсэн таатай мэдээлэлээр өнөөдрийн “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Шинэ, содон мэдээлэлээр дүүрэн тойм мэдээлэлээ хүлээн авч үзнэ үү. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Засгийн газрын хуралдаанаар Н.Энхбаярын асуудлыг хэлэлцсэнгүй

Засгийн газраас Авлигатай тэмцэх газар руу МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулахад ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар бичиг илгээж хариуд нь “Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдаар томилох боломжгүй” гэсэн хариултыг аваад байгаа. Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаан Шадар сайдын асуудлыг хэлэлцсэн эсэх талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпилээс тодруулахад "Энэ талаар хэлэлцээгүй" гэх хариултыг өглөө. 

 Шадар сайдад нэр дэвшигч МАХН-ын Н.Энхбаярын асуудлаар Засгийн газраас АТГ-руу албан бичиг илгээж ашиг, сонирхлын зөрчилтэй эсэхийг нь судлаад хариу илгээнэ үү гэсэн. Харин АТГ-аас Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй мөн ялтайд тооцогдох хугацаа нь 2017 онд дуусах учир төрийн өндөр албан тушаал хаших боломжгүй гэсэн билээ. Ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байгаа учраас УИХ-ын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл оролцох боломжгүй болж байгаа билээ. Энэ талаарх мэдээлэлийг энд дарж уншина уу.

Үндсэн хуулийн цэцийн дараагийн дарга хэн бэ?

Өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах тухай Дээд шүүхийн саналыг хэлэлцэж, чуулганд оролцсон 44 гишүүнээс олонхи нь хэлэлцсэн учраас Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулсан.

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 15-25-ны хооронд ээлжит бус чуулганы хуралдааныг хуралдуулах захирамж гаргасан. Гэсэн ч  МАН болон “Шударга ёс” эвслийн бойкотоос болж хуралдаж чадахгүй байсаар өнгөрсөн баасан гаригийг хүргэсэн ээлжит бус чуулганыг тухайн өдрийн 10.45 цагт нээгээд оройн 21.00 цаг орчимд хааж, ёслол үйлдлээ. Ээлжит бус чуулганы гол зорилго нь Цэцийн дарга Ж.Амарсанаа огцруулах асуудал байсан нь тодорхой болсон.

УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган нээхийн өмнөх өдөр мэдээлэл хийж чуулгандаа оролцохыг сануулж, хүлээгдэж буй олон хуулийг одоо л батлахгүй бол, хаврын чуулган руу орно гэх мэтчилэн хууль батлахдаа их  л яарч байгаагаа хэлж байсан. Гэвч үнэн хэрэгтээ ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэн гэж байсан ч ихэнхийг нь хаврын чуулган руу шилжүүлэв. Тухайлбал, Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах шаардлага байгааг мэргэжлийнхэн хэлж байсан.  Гэтэл УИХ-ын гишүүд уг хуулийг хэлэлцэж батлахын оронд Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулчихаад л санаа амарч чуулганаа хаав. Хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой олон төсөл мөн л Татварын багц хуулиудын нэгэн адил хаврын чуулган руу шилжив.  Харин одоо нэг өдрийн настай чуулган бус улс төрийн хүрээнд  дараагийн Үндсэн хуулийн цэцийн дарга хэн бэ? Гэдэг асуудал яригдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.

С.Эрдэнэ сайд өөрийгөө Чингис хаантай зүйрлэв

Төрийн мөнгөөр туйлдаг, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий.  Тэдний нэг бол Монгол улсын УИХ-ын гишүүн,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Тэрбээр удирдсан байгууллагаа өөрийн вант улс шиг санаж, өөрийн хүмүүсээ томилдог нэгэн. Тийм л учраас Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн хошигнодог. Тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнэ гишүүний эхнэр, охин, хүү, хүргэн, туслах, бие хамгаалагч, хамаатны хүү, бүр жолооч нь хүртэл шургалсан байгаа юм.  Энэ мэтээр С.Эрдэнэ өөрийнхөө 21 хүнийг иргэдийн хуралд төлөөлөгч болгосон байна. Нэгэн иргэний "Ах дүү, хамаатан саднаа төрийн удирдах албан тушаалд томилж буйг шүүмжилсэн жиргээнд" С.Эрдэнэ өөрийгөө Чингис хаантай зүйрлэсэн нь Баянголын засаг ноён хэмээх олны үг ортойг баталлаа. Тэрбээр сүүлдээ өөрийгөө Чингис хаантай зүйрлэлээ. 

МАХН-ын залуучууд АТГ-т шаардлага хүргүүллээ

МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбооноос АТГ—ыг улс төрийн нөлөөллөөс аврах хөдөлгөөн эхлүүлж буйгаа мэдээллээ.  Тэд эхний ээлжилд тус газарт шаардлага хүргүүлж байгаа юм байна.  АТГ нь бие даасан хараат бус, соён гэгээрүүлэгч байх үндсэн үүрэгтэй байгууллага юм. Гэтэл бие даасан байдлаа алдаж, улс төрийн нөлөөнд автсан нь сүүлийн үеийн үйл явдлуудаас харагдаж байна  гэв. Мөн тус намын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын хүмүүсийг барьж хорих шалгаж дарамтлах болсон нь үүнийг нотолж байна гэлээ. Тиймээс АТГ нь энэхүү хууль бус үйлдлээ зогсоох ёстой хэмээн шаардаж байгаа юм.  МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбооны тэргүүн О.Буяннэмэх “ Хүнийг заавал барьж хорьж, нийгэмд тухайн хүнийг гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс энэхүү захиалгат үйлдлээ АТГ зогсоох хэрэгтэй” гэв. Тэд шаардлагаа тус газарт хүргүүлсэн бөгөөд хүлээн авч биелүүлээгүй тохиолдолд тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Ерөнхий сайдыг халз мэтгэлзээнд дуудах өдрөө зарлалаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан талаарх мэдээлэлийг өмнө хүргэж байсан. Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттерээр жиргэж, хэрвээ ялагдвал УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө гэж байсан юм. Өнөөдөр О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийж, Ерөнхий сайдыг 2016 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 19:00 цагт халз мэтгэлцээнд урьж байгаа албан бичгээ явуулсан байна. 

Уг албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслүүд санаачлан Засгийн газраас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/10048, 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 7/10619 тоот албан бичгээр тус тус хүргүүлж байсан билээ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.

Зэвсэгт хүчний дугаар ангид гурван цэрэг улаанбурханаар өвчилжээ

 

Зэвсэгт хүчний дугаар ангид гурван цэрэг улаанбурханаар өвчилсөн байна. Эмнэлзүйн шинж тэмдэг бүхий зургаан хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлж, зургаан цэргийг анги дээр нь тусгаарлажээ. Түүнчлэн 80 цэргийг улаанбурханы эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. 

Таван залуу машин дотроо мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад баривчлагдлаа

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи хадаглаж, хэрэглэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна.

Тодруулбал, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо ...... рестораны гадна авто машины зогсоолоос Э, Э, О, М, А гэх этгээдүүд маншин дотор мансууруулах төлийн бодис хэрэглэж байсныг илрүүлэн автомашинаас 1.1 грамм ICE буюу мөс гэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч ЭХ-ийн 192.2-т зааснаар эрүүгийн 201601000027 тоот хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Дээрх хэрэгт болбогдсон этгээдүүд нь 1979-1994 оны залуучууд байсан бөгөөд тэдний дунд урд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон урд өмнө ял шийтгэл эдэл байсан, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд байсан байна.

Өвөрхангай аймагт эмэгтэйчүүдийг хутгалсан ноцтой хэрэг гарлаа

 

Өвөрхангай аймагт дөрвөн хүн хутгалсан хэрэг гарчээ. Хархорин сумын иргэн  Э малчин хамт Батмөнхтэй архи ууж байгаад маргалдсан байна. Улмаар Батмөнх Э-г гурван удаа хутгалсан бөгөөд хэргийн газраас зугатааж явахдаа саахалт айлын эхнэр, охиныг хүчиндэхийг завдаж, мөн хутгалсан байна. Дахин тэндээсээ цаашилж, саахалт айлын  настай эмэгтэйг мөн хутгалаад зугтсан байна. Сэжигтэнийг энэ сарын 21-ны өдөр саатуулан тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
boljee Saihanbalaigiin yaj eliirch balairhiig neg sain harj avtsgaa
2016/02/24 103.17.108.42