Засгийн газраас Авлигатай тэмцэх газар руу МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулахад ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар бичиг илгээж хариуд нь “Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдаар томилох боломжгүй” гэсэн хариултыг аваад байгаа. Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаан Шадар сайдын асуудлыг хэлэлцсэн эсэх талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпилээс тодруулахад "Энэ талаар хэлэлцээгүй" гэх хариултыг өглөө.
Шадар сайдад нэр дэвшигч МАХН-ын Н.Энхбаярын асуудлаар Засгийн газраас АТГ-руу албан бичиг илгээж ашиг, сонирхлын зөрчилтэй эсэхийг нь судлаад хариу илгээнэ үү гэсэн. Харин АТГ-аас Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй мөн ялтайд тооцогдох хугацаа нь 2017 онд дуусах учир төрийн өндөр албан тушаал хаших боломжгүй гэсэн билээ. Ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байгаа учраас УИХ-ын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл оролцох боломжгүй болж байгаа билээ.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг төрийн албан хаших нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад “Н.Энхбаярын талаарх лавлагааг манай байгууллага холбогдох хууль хяналтын эрх бүхий байгууллагаас авсан. Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн шүүхийн /хуучин нэрээр/ 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-ны өдөр гарснаас эхлэн 5 жил үргэлжлэх тул энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд 5 жилийн хугацаа дууссаны дараа ялгүйд тооцох хуультай юм. Үүнээс гадна түүнд холбогдох эрүүгийн хэд хэдэн зүйл ангид хамаарах хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа. Иймд Төрийн албаны тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тохиолдолд төрийн албанд томилохыг хориглосон байдаг” гэсэн хариултыг өгсөн юм.
Б.Анхням