8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинийн 15, Далай ламыг сэнтийд залсан өдөр давхцаж, Нара УИХ-д нэр дэвшихээ албан ёсоор зарласан өдөр

2016-02-22 19:52:00

Өнөөдөр шинийн 15-ны өдөр. Энэ өдрийг бурханы шашинт улс орнууд ихэд билэгшээн, сайн үйл бүхэн дэлгэрч, муу үйлийг тэвчих өдөр хэмээн үздэг. Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхаар Богд Зонхова “Чойнпүрэл молом” нэртэй 15 хоногийн их ерөөл дэглэн хуруулжээ. Энэ хурлыг Монголд Өндөр гэгээн Занабазар “Цагаан сарын их ерөөл” нэртэйгээр хуруулж эхэлсэн нь өдгөө уламжлал болон тогтсон билээ. Түүнчлэн энэ өдөр Дээрхийн гэгээн XIV Далай ламыг сэнтийд  залсан өдөртэй давхцаж байгаагаа шашныханы хувьд онцлог байлаа. Өдгөө 80 насыг зооглосон Далай лам Данзанжамцыг Бурхны шашны тэргүүнээр өргөмжлөн сэнтийд залах ёслол 1940 оны хоёрдугаар сарын  22-ны өдөр болж байжээ. Далай лам Хятадын эсрэг Түвдийн тэмцэлд ялагдсанаар эх орноосоо дүрвэж, 1959 оноос хойш Энэтхэгийн Дарамсалад шашин номын үйл хэргээ явуулж буй юм. Далай лам нэрийг анх Алтан хаан Бурхны шашны III тэргүүн Сонам Гьяцод өгснөөр олноо түгэн дэлгэрсэн байв. Хожим III Далай лам Алтан ханыг Хубилай хааны нирваан дүр хэмээн зарлаж байсан аж. Түүнчлэн IV Далай ламыг Монголоос Алтан ханы зээнцэр хүү Юнден Гьяцог тодруулж байжээ. Тэрбээр Түвдээс гадна Монголд төрсөн цорын ганц Далай лам гэнэ. Анхны Далай лам Гэндэнжавыг амьд оршихуйд нь бус жанч халсных нь дараа тодруулж байжээ.

Ингээд Хаврын тэргүүн цагаан бар сарын  Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдрийн “Монголын нэг өдөр” тоймоо эхлүүлж байна.

Юуны түрүүнд өнөөдөр болсон зарим үйл явдлыг цөөн үгээр хүргэе

  • Б.Цогтгэрэл эсэргүүцлээ илэрхийлэн, "Зангад" гэж бичсэн хүүхэлдэй шатаав
  • УИХ-ын гишүүн Л.Болдыг “МоАН санаачилга”-ын ерөнхийлөгчөөр, түүний санал болгосноор Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгожээ.
  •   Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулганыг Монголд зохион байгуулах саналыг ЕСБХБ дэмжив.
  • Монгол Улсад сурч, амьдарч буй орон орны оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр-2016” олон улсын залуучуудын өдөрлөгийг МЗХ-ноос зохион байгууллаа.
  • Энэ сэдвийг хөндсөн уран бүтээлч Б.Дөлгөөний БҮРХҮҮЛ бие даасан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо
  • “Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох нь зүйтэй” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж мэдэгдлээ
  • “Найрсаг Улаанбаатар”-ын хүрээнд энэ онд 18 цогц арга хэмжээ зохион байгуулна
  • Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж, төр засаг, эх орон, ард түмэн, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэн ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн энхийг сахиулагчид өнөөдөр Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.
  • 2016 оны 03 дугаар сарын 15-ны дотор гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг цуглуулж бүртгэлжүүлэн мэдээллийн сантай тулгалт хийж, нөхцөл байдлын үнэлгээ хийн хэрэгцээг тодорхойлохоор ажиллаж байна.
  • Зуслангийн бүсийн газар өмчлөл дөрөвдүгээр сард эхэлнэ
  • Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн 127 жолоочид холбогдох хууль дүрэм, журмын талаар мэдээлэл, зөвлөмж өгсөн бол  63 тээврийн хэрэгслийн  жолоочийн гэрийн хаягаар нь торгуулын хуудсыг хүргүүлсэн байна. 

Өнөөдөр манай хуудаснаа

 

40 жил жолоо барьж, 4 сая километр туулсан Гавьяат тээвэрчин Б.Оюунбаатар

“Автобусны жолооч”-ийг ааш муутай, хурдтай явдаг хөдөлгөөнд оролцохдоо дээрэнгүй ханддаг гэх мэт ер нь эдгээр хүмүүсийн талаар сайн хэлдэг хүн  цөөн биз. Тэгвэл автобусны жолооч нар яагаад ууртай ширүүн харьцдаг юм бол. Яагаад хурдлаж яардаг юм бол... Тэд хаашаа яардаг вэ?

Өглөө бүр олон хүнийг ажил төрөл, зорьсон газарт нь хүргэж өгөхийн тулд хэн бүхнээс эртлэн босж маш их хариуцлагатай,  хүнд хэцүү энэхүү ажлыг хийдэг жолооч нарыг ёстой нөгөө ясны хүмүүс гэж хэлэхэд хэлсдэхгүй биз ээ. Учир нь бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа тасралтгүй 40 жил жолоо барьсан Гавъяат тээвэрчин нэгэн  хүнийг урьлаа. Энэ бол улсад 38 жил ажиллаж үүнээс 34 жил Автобус нэгдүгээр баазад насаараа ажиллаж байгаа  “Автобус нэгтгэл” ХХК-ний  ахмад жолооч, Монгол Улсын Гавъяат тээвэрчин Б.Оюунбаатар юм...Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу...

 

Монгол эмэгтэйчүүд хүүхдээ “зардаг уу”

Хүний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд. Өхөөрдөм дуу хоолой, хөөрхөн жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол бид аз жаргалтай байна гэж үү. Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч, орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж олон хүн ярьдаг. Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьсгал төрүүлж асар том орон зайг эзэлж баяр баясгалан, гэрэл гэгээ авчирч байдаг. Тиймээс ч хүүхэд бол бурхны бэлэг гэж тодорхойлдог. Гэтэл бурхнаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй хүмүүс бас байдаг. Гэвч манайд хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүсийн зовлонгоор мөнгө хийх бизнес үнэндээ хүчээ авчээ. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар нэг тээгч эх 120-170 сая төгрөгийн үнэ ханштай байдаг гэнэ. Бүр зарим эмэгтэйчүүд хятадад очиж, тээгч эх болон э 5000-10000 юан авдаг гэх. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу

 

Өнөөдрийн дуулиан- "УИХ-ын гишүүн" дуучин Нара

Дуучин Нара хэд хоногийн өмнө өөрийн фэйсбүүк пэйж дээрээ ийнхүү бичиж байсан билээ. Тэрбээр  “Би ер нь Улсын Их Хурлын гишүүн болж болох болов уу. Эсвэл заавал нам эвслээр занималддаг, эцэг эх нь олон жил дарга хийсэн хүний хүүхэд, эсвэл мөнгөтэй хүний хөрөнгө зарж гардаг эд юм болов уу??? Над шиг зүгээр ардын хүүхэд бас ганц бие ээж, залуу эмэгтэй хүн улс төрд зүтгэж болдог болов уу??? Эсвэл эмэгтэй хүн болохоор болохгүй гэдэг юм болов уу?
Миний санахын зарим эрэгтэй гишүүд 20 гаруйхан наснаасаа л гишүүн байгаа тохиолдол байдаг санагдахын эмэгтэй хүн яадаг юм бол??? За тэгээд Сэтгүүлч мэргэжилтэй хүн Ерөнхийлөгч болсон байна, бас бөх, геологич юу юу билээ олон мэргэжлийн хүн төрд хийсэн хийгээгүй юмтай байгаад байдаг санагдаж байна гэвч дуучин эмэгтэй хүн болчихож болно байлгүй гэж бодтол нөхөртэй бүрэн бүтэн гэр бүлтэй эмэгтэй л төрд гардаг юм болов уу??? Энэ төрд гарна гэдэг чинь төрийн мөнгийг л зөв зохистой зүйлд нь зарцуулах ёстой болохоос өөрөө мөнгөтэй мөнгөгүй байх хамаагүй биздээ. Би лав төрд гарвал ялангуяа одоо энэ төрд байгаа эмэгтэйчүүд шиг үлбэгэр юм хийх ч үгүй, ястой жинхэнэ эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө бодит зөв өөрчлөлтүүдийг зоригтой хийнээ..... Аавын хүү ээжийн охидод сэтгэл зүрх байвал юу ч хийж чадна биз дээ” гэсэн. Түүний энэ мэдэгдлийг ихэнх нь тоглоом шоглоом хэмээн хүлээж авсан. Гэвч тэрбээр нэгэн нэвтрүүлгийн үеэр “Би сонгуульд нэр дэвшинэ гэдэг нь үнэн. Би огт тоглоогүй ээ” хэмээсэн байна. Түүгээр ч зогсохгүй тэрээр Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшинэ гэдгээ нэвтрүүлгийн үеэр албан ёсоор хэлсэн өнөөдрийн дуулиан байлаа. Улс төрийн хүрээнийхэн нь зарим нь төрийн түшээдийн босгыг өндөрсгөх цаг нь болж хэмээсэн бол зарим нь “Дэмжинэ” гэдгээ илэрхийлэв. Учир нь залуу насаараа гангарч, сайхан биеэ гайхуулсанаас биш улсын мөнгийг шамшигдуулж, улайм цайм бөгс долоогоогүй. АНУ жүжигчин Ерөнхийлөгчтэй байсан. Мөн тамирчин, соёл урлагийнхан парламентад суудаг тохиолдол дэлхийн улс орнуудад цөөнгүй” хэмээв. Түүнийг шийдвэрийг дуулсан цахим хэрэглэгчид өөр өөрсдийн сэргэгдэлээ бичсээр байна.  Тухайлбал “Нээрээ Нара сонгогдвол С.Дэмбэрэл гишүүн үргэлж хүүхэндэх тухай бодож, Х.Тэмүүжин Сайн ах болох санал тавьж, М.Зоригт гишүүн байнгын дараастай, С.Бямбацогт дарга шүлэг найраглал уншсан шигээ л байна даа, тээ. Парламентын гишүүд "би яасан юм. Нээх мөөмдөж ирээд л..." гээд тэгнэ шүү дээ гэсэн бол зарим нэг урлагийнхан “Кадр: Нарагийн цээжнээс задарч байн байн түүн рүү хяламхийх УИХ-ын даргын харц руу дөхөх чуулганы нээлтийн шууд дамжуулалт...” гэсэн байна. Танхай эмээ ч түүнийг шоглоод авчээ.

 

Өнөөдрийн онцлох мэдээллүүд

МАН: Зүй бусаар авирласан учир холбогдох ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. Тус бүлгийнхэн намрын чуулган болон ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Энэ талаар Н.Номтойбаяр “УИХ үйл ажиллагаа явуулснаас хойш нийтдээ гурван удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Эхний ээлжит бус чуулганаар авлига албан тушаалтныг өршөөх тухай хуулийг хэлэлцээд тарсан. Харин дараагийн удаад урьж залж, гуйж оруулсан засгаасаа МАН-ыг хөөх хөөх шийдвэр гаргахын тулд хуралдсан. Харин гурав дахь ээлжит бус чуулганыг дөнгөж сая хуралдаад дууслаа. Энэ үеэр чухам юу хэлэлцсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүнээс дүгнэхэд зөвхөн өчүүхэн сандал ширээ, эрх ашгийн төлөө АН-ынхан аливаа асуудалд хандаж байгаа нь илт юм. Энэхүү хууль бус үйл ажиллагаанд МАН оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хуулийн хүрээнд найм хоногийн завсарлага авч хуулиар олгогдсон эсэргүүцлийн эрх хэмжээг ашиглаж эцэст нь хууль зөрчсөн хуралд оролцохгүй байхаар шийдсэн. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлаар МАН, МАХН-ынхан “бойкот” хийж байгаа мэтээр нийгмийн зорилтот бүлгийн багийг өмсч хууль бус үйл ажиллагаа хийж байна. Мөн хууль бус асуудлыг хэлэлцэхдээ семинар нэрийн дор хийж тавилттай жүжиг тавьж улмаар АН-ын зарим гишүүн МАН, МАХН-ын гишүүдийг байж боломгүйгээр дайрч доромжилсон. Зүй бусаар авирласан учир холбогдох ёс зүйн хороо, хууль шүүхийн байгууллагад хандана” хэмээв.

 

АН: Хууль зөрчөөгүй

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар  “Намрын чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 130 гаруй удаа хуралдсан байна.  Нийтдээ 212 хууль, 65 тогтоол хэлэлцсэн. Ээлжит бус чуулганаар ганцхан ҮХЦ-ийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулагыг сонсож, зээлийн хэлэлцээрүүдийг баталсан. Мөн зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн гэсэн юм. Түүнчлэн ҮХЦ-ийн даргыг огцруулсан асуудлыг хууль бус гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Харин АН-ын бүлэг “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татсан асуудал хууль бус үйлдэл биш. Хуулийн дагуу явагдсан. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах эрх  анх нэрийг  нь дэвшүүлэн оруулж ирсэн байгууллага болон УИХ-д хадгалагддаг. Үүнтэй холбоотой УИХ-ын дарга З.Энхболд УДШ-ээс саналыг нь авсан. Хууль зөрчөөгүй гэсэн юм” гэсэн юм.

 

Их сургуулиудын босго оноог тогтоожээ

2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн долоо хоногт улс орон  даяар эхэлсэн. Бүртгэл  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах юм. Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг. Тухайлбал МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620  гэх мэтчилэн босго оноогоо тогтоосон байна.

 

Цэргийн баярыг ирэх сарын 16-нд тэмдэглэнэ

Нийслэлийн Засаг дарга  “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” захирамж гаргажээ. Уг захирамжинд цэргийн баярыг гуравдугаар сарын 16-нд тэмдэглэнэ гэж заасан байна. Тодруулбал, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” зэрэг үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 16-ны өдрийн  13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм байна.

 

Анхаар!!!

Сургуулийнхаа 3 давхраас унасан охин хагалгаанд оржээ

Өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн долдугаар  ангийн сурагч Э сургуулийнхаа гурван давхраас унаж хүнд гэмтжээ. Охины аарцаг гэмтэж, түнхний яс цуурсан оноштой эмчлүүлж байна. Уг хүүхдийн гэмтэл олсон шалтгааныг  Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм.  Хүнд гэмтэлтэй  охин өнөөдөр ГССҮТ-д хагалгаанд оржээ. Багш нь охиныг ангид нь түгжсэнээс болсон гэх мэдээ ч байна. Гэхдээ мөрдөн байцаалтаар  хэнийх нь буруутай эсэхийг  тогтооно гэж цагдаагийн албаныхан онцолж байна.

 

Хээлтэй хандгай агнажээ

Улаан номд орсон нэн ховор амьтан болох  хандгайг агнасан хэрэг энэ сарын 19-20-ны шилжих шөнө гарчээ. Хэргийн талаар тодруулбал, тухайн шөнө нэгэн иргэн Асралт хайрхан явах замдаа Заан Тэрэлжийн голын орчим алагдсан амьтдын сэг зэмтэй таарчээ. Гэвч тэнд хууль бусаар хандгай агнасан байсан бөгөөд хээлтэй байсан байна. Хандгайг агнасан хууль бус анчид  мах, уруул, эврийг нь авсан талаар нэгэн иргэн фэйсбүүк хуудастаа мэдээлсэн байна.  Иргэний мэдээллийн дагуу уг хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн байна.

 

О.Баасанхүү: Ч.Сайханбилэгийг ялж чадахгүй бол гишүүнээсээ чөлөөлөгдөнө

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлзээнд дуудахаар болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттерээр жиргэсэн байна. Ингэхдээ “Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд ирэх долоо хоногт дуудна. Мэтгэлцэх үед ЕС Ч.Сайханбилэг олон нийтийн өмнө илт давуу байдлаар ялалт байгуулвал би 7 хоногийн дотор гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэсэн байна. Өөрөөр хэлбэл  УИХ-ын гишүүн маань ялагдал хүлээвэл УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх гэнэ.

 

Сонирхуулахад

Бүх оддын супер лиг 2016 болно

Эрдэнэтийн эзэд төрийн бус байгуулагын санаачлагаар МҮСБХ-той хамтран Үндэсний супер лигийн бүх оддын тоглолтыг анх удаагаа Эрдэнэт хотноо зохион байгуулахаар боллоо. Уг арга хэмжээ нь 2016 оны 02-26-ны өдрийн 17цагаас Эрдэнэт хотын Хангарьд паласт болно. Эрдэнэтийн эзэд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь энэхүү арга хэмжээгээр өөрсдийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа бөгөөд Эрдэнэт хотын залуусын сайн дурын нэгдлээр өөрсдийн дуу хоолой ажил үйлсээр хотынхоо тулгамдаж буй асуудалд сэтгэл санаачлагатай туслан дэмжих зорилготойгоор байгуулагдсан байна.

 

Хүнсний ногоогоо хэрхэн угаах вэ

Япон улсад үйлвэрлэсэн хүнсний ногоо жимс жимсгэнэ угаах зориулалтын цэвэрлэгч далайн дунг та бүхэнд танилцуулж байна. Энэхүү ногоо угаах шидэт нунтаг нь далайн дунг өндөр хэмд шатаах аргаар гаргаж авсан тул хүний биед гаж нөлөөгүй, байгаль орчин дээлтэй, олон улсад танигдсан Японы өндөр чанарын бүтээгдэхүүн юм. Учир нь хүнсний ногооны гадна талд пестицээс гадна олон нян бактер шингэж тогтсон байдаг аж. Энэ усаар угаасан ч төдийлөн бүрэн арилдаггүй. Харин хүнсний ногоогоо цэвэрлэгч дунгаар угаавал нян бактер бүрэн устахаас гадна амт чанар сайжирч, хадгалах хугацаа уртасгах аж.  Учир нь цэвэрлэгч дунгын дийлэнх найрлагад байдаг кальц нь усанд шингэснээр усны бүтэцийг тун нарийн ширхэгтэй болгож бүх төрлийн бохирдол болон олон төрлийн вирусыг түргэн хугацаанд устгаж салгадаг юм байна.  Мөн цэвэрлэгч дунд кальцаас гадна нүүрс ихээр агуулагдсан байдаг учраас мах, загас, бохир усны шугам, тамхины бохь зэрэг эвгүй үнэрийг дарах аж.

Албан ёсны дистрибьютор

Их өсөлт ХХК

Утас :94022420

Худалдаалж буй газрууд:

Бөөний цэг :БЗД 5-р хороо Happy Town хороолол 
72-р байр Happy Pharm эмийн сан

Таны маргаашийн ажилд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Naratai baritsaad gudamnii muur nohoinuud ner gevshne genee.Ted mongoliin hariyat jiriin l amitad gene
2016/02/23 103.17.108.42