УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ЖДҮХС-аас гишүүдэд зээл олгосон нь намын эсвэл төрийн даалгавар байв уу. Шатахууны үнэ, долларын ханш өсөөд байна. Засгийн газар юу хийж байна вэ? хэмээн Засгийн газрын тэргүүнээс асуулаа. Асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Шатахууны үнэ, ам.долларын ханш өсөж байгаа нь шууд биднээс хамаарахгүй. Шатахууны үнийг цаашид тогтвортой барих чиглэлээр Засгийн газар өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авсан. УУХҮ-ийн сайд ч энэ асуудал дээр ажиллаж байгаа. Ер нь бол шатахууны үнийг тогтвортой байлгах цорын ганц гарц бол газрын тос боловсруулах үйлдвэртэй болох.
Нэг зүйлийг би хатуу хэлье. Би үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Би тэгж цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих тал дээр ажиллана.
Гишүүд ЖДҮХС-аас зээл авсан явдал бол буруу. Нам болон Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн даалгавар өгөөгүй. Миний зүгээс нэгдүгээрт зээлээ төл, хоёрдугаарт уучлалт гуй гэсэн шаардлага тавьж байгаа. ЖДҮХС-аас мөнгө авсан гишүүдэд ирэх 2020 оны сонгуульд тойрог олдохгүй шүү гэдгийг хэлж байгаа. Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Би тогтоож чадахгүй. Энэ өдөр их сонин өдөр. МАХН нэрээ сольж МАН болсон өдөр. Иргэд өнөөдөр шударга ёсыг л хүсэж байгааг би мэдэрч байна. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно.Би ард түмний итгэл найдварын төлөө ажиллана. Зөв юмны төлөө цөмөөрөө хамтарч зүтгэе. Үүн дээр би санал нийлнэ. Шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхэд Ерөнхийлөгчтэй ч санал нийлнэ"