8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүү ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан нь илэрч, “ТАЛЫН ТҮМЭН АДУУ” арга хэмжээ болно

2018-10-29 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

 

 Би зээл авснаа нуухгүй VS 950 сая төгрөгний зээлийг нэг өдрийн дотор буцааж төлнө

УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан талаар мэдээлэл цацагдаж нэлээд шүүмжлэл хүртсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн  Г.Солтан, Засгийн газрын сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн  Н.Учрал, А.Сүхбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нарын  100 хувь эзэмшдэг компаниуддаа төсвөөс санхүүжиж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь ил болоод байгаа юм. Энэ онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1034 аж ахуй нэгж зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч 134 ААН-д нь зээл олгосон байна. Харин үүний 122 ААН нь УИХ болон ЗГ-ын гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан талаар  сөрөг хүчнийхэн мэдэгдсэн.Хүү багатай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлээс хумсалсан төрийн өндөр албан тушаалтанууд ямар байр илэрхийлсэнийг ХЭН ЮУ ХЭЛЭВ булангаараа хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал аавынхаа авсан тэрбумын зээлийг нэг өдрийн дотор төлнө хэмээн томров 

УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын Хүннү компани ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь баримтаар дэлгэгдсэн. Тэрбээр энэ мэдээлэл цацагдаж эхлэхэд цахим хуудсаараа дамжуулан аавынхаа авсан 950 сая төгрөгний зээлийг хугацаанаасаа өмнө буюу өнөөдрийн дотор төлнө хэмээн хэллээ. Тодруулбал,  "Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй, хэрвээ хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж баялаг бүтээсээр ирсэнийг Монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсон учир миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнес зогсоно гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно" гэлээ.

 ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Сонгон шалгаруулалтын үед миний нэр дээр тус компанийн хувьцаа байгаагүй

"Тээвэр ачлал" ХХК Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах үед миний болон миний эхнэрийн нэр дээр тус компанийн нэг ширхэг ч хувьцаа байгаагүй. Би үүсгэн байгуулагч нь биш. Социализмын үед байгуулагдсан байсан тус компанийг сүүлд хувьчилсан. Хэн авсныг нь би мэдэхгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Монгол Улсын иргэн хэн ч зээл авах эрхтэй. Хамгийн гол нь шалгуураа давах журамтай. Төсөл сонгон шалгаруулах комисс хуралдаж тухайн төсөл шалгуур давсан эсэх болон зээл олгох эсэхийг шийддэг. Түүнээс биш сайд би үүнд оролцох эрхгүй. Төсөл бичсэн хэн болгон даваад байдаггүй өндөр шалгууртай. Тус шалгуурыг даваад барьцаагаа төлөөд гэрээгээ хийсэн хэнд ч зээл олгодог. Харин авсан зээлээ зориулалтын дагуу ашиглах ёстой. Зээл олгохдоо төслийг сонгон шалгаруулдаг болохоос ямар гишүүний, хэн гэдэг хүний компани болохыг мэддэггүй. Сонгон шалгаруулалтын үед миний нэр дээр тус компанийн хувьцаа байгаагүй. Өмнө нь бол байсан. 2016 оноос хойш хувьцаагүй болсон" хэмээн сэтгүүлчдэд хариулжээ.

УИХ-ын Г.Солтан: Би энэ аж ахуйн нэгжид хамааралгүй

2010 он хүртэл “Монгол шаазан” ХХК-д удирдах ажил хийж байсан манай найз Ерөнхий сайдын зөвлөх болсон. Түүнээс хойш аж ахуйн ажлаас хөндийрсөн. “Монгол шаазан” компанийг өөр хүмүүс удирдаад явж байгаа. Миний хувьд ч гэсэн 2010 оноос хойш найман жилийн хугацаанд  ажиллаагүй. 2010-2012 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2013 оноос Баян-Өлгий аймагтаа амьдраад, улс төрийн ажил хийсэн. 2016 оноос УИХ-ын гишүүн болсон. Тиймээс би энэ аж ахуйн нэгжид хамааралгүй. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Би зээл авснаа нуухгүй

 Би хувьцаа эзэмшдэг. Зээлээ графикийн дагуу төлж байгаа. Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд, үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор талх, гурил үйлдвэрлэж байгаа. Арилжааны банкны зээлийн хүү өндөр. Ургац алдаж, хүүгийн дарамтад ороод яах аргагүй зээл авсан юм билээ. Би зээл авсныг сүүлд мэдсэн.

“ТАЛЫН ТҮМЭН АДУУ” арга хэмжээ Монголын түүх, соёлыг таниулна

Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээ энэ сарын 3, 4-ний өдөр түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймгийн Батноров суманд болно.

БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагын Газрын дэмжлэгтэйгээр Мөнх Харилцаа ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуун төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорих болно. Энэ нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, өвөл адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан үлдэх, тухайн орон нутгийн адуучдын авьяас чадварыг алдаршуулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс  тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү энэхүү арга хэмжээнд улс, аймгийн цолтой уяачид, залуу адуучдын 2000 адуу нэг дор цуглах юм. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орноос адуучид дахин ирж оролцох гэж буй нь арга хэмжээний чансааг бататгаж байна.

Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхт газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.

Энэ удаагийн Талын түмэн адуун төвөргөөний хөтөлбөрт Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар, “Торгон тар” богино зайн бооцоот уралдаан, Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга, Адууны зүс нэршлийн танилцуулга, Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа, Морьтон хүүхдийн парад, Хэнтийн Брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа, Уран уургач шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн, Эмнэг булгиулах тэмцээн, Малчдын өвөлжөөтэй танилцах аялал, Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт, Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн, Талын түмэн адуу фото зургийн үзэсгэлэн, Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг багтжээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүү ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авчээ

ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан асуудал нэлээд маргаан дагуулж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, Засгийн газрын сайд Б.Батзориг, гишүүн Н.Учрал, А.Сүхбат нарын нэр ил болоод байгаа юм. Мөн  УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Red star club” гэдэг компани ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан аж. 

Энэ талаар гишүүн тайлбар өгсөн байна. Тэрбээр “П.Сэргэлэн сайдын үед шалгуурыг нь хангаад, манай хүүгийн компани зээл авахаар болсон. Тухайн үедээ төсөв хүрэлцэхгүй байсан учраа авч чадаагүй. Тэр нь 2016 он байсан байх аа. Тэгээд Б.Батзориг сайдын үед авсан.Би зээл авахад нөлөөлөөлгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдая гэж асууж байсан.  Бүх шалгуурыг нь хангаад, ном журмынх нь дагуу л авсан.  ЖДҮ-ийг дэмжих сан байна уу, бусад зээлд мэдээлэл сайтай хүн л хамрагдах магадлал өндөртэй байдаг.
Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан.  Зээлийн төлөлт нь тэр аж ахуйн нэгжийн л асуудал” хэмээн тайлбар өглөө. 

Согтууруулах ундаа хэрэглэсэн 140 жолоочид хуулийн хариуцлага хүлээлгэжээ

Тээврийн цагдаагийн албанд энэ ажлын өдрүүдэд зам тээврийн осолтой холбоотой 1351 дуудлага иржээ. Үүнээс 764 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байгаа аж. Нийт бүртгэгдсэн ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд нэг хүний амь нас хохирчээ. Мөн нийслэлийн хэмжээнд ослын улмаас 52 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтсэн бөгөөд нийт ослын 36 нь явган зорчигчийг мөргөж гэмтээх, 11 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол эзэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон аж. Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 19 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллажээ.

Д.Эрдэнэбатын тушаалаар ЖДҮ сангаас гарсан 7.5 тэрбум төгрөг сонгуульд зарцуулагдсан уу

Унасан бөхийг нэмж нулимдаггүй” монгол зангаа дагаж, АН-ын бузар булай бүхнийг уудалмааргүй л байна. Гэвч Монголын төрд урхаг тарьж буй улстөрчдийн тухай мэдчихээд мэдээгүй мэт суух шиг гэм нүгэл үгүй. Үзэгний үзүүр хөшиж, үгний утга зүйж суудаг сэтгүүлчийн үүрэг бол буруу, зөвийг баримттайгаар олон нийтэд дэлгэн үзүүлэх билээ. Өдгөө УИХ-ын гишүүний эрхэм сэнтийд заларч буй, өнгөрсөнд Аж үйлдвэрийн сайдын албыг хашиж байсан нэгэн хүний увайгүй, мунаг, улаан цайм үйлдлийг дэлгэж байна.

АН-ын төрийн эрх барьсан 2012-2016 оны хооронд төрийн мөнгийг ямар ч хараа хяналтгүй, баруун солгойгүй цацаж үрсэн, завшиж хөлжсөн хүмүүсийн нэг нь Д.Эрдэнэбат юм. Өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг шамшигдуулсан, төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөрсдийн компанидаа давуу эрхтэйгээр зувчуулсан гэх дуулиан дэгдэж байна. Тэгвэл үүний жинхэнэ “загалмайлсан эцэг”, эсвэл “эх баригч эмч” нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажээ.

Тэрбээр Аж үйлдвэрийн сайд байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг ганцаараа эзэрхийлж, эрх мэдэн олгодог байсан баримт бидний гарт байна. Тодруулбал, 2016 оны 03 сарын 22-ны өдөр эрхэм сайд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг шинэчлэн баталсан тушаал гаргажээ. Түүнд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Аж үйлдвэрийн сайдын тушаал болон банкны зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн төслийн зээлийг олгоно” гэж цагаан дээр хараар бичээд баталчихсан байх юм. Өөрөөр хэлбэл, хэнд хэчнээн хэмжээний зээл олгохыг Аж үйлдвэрийн сайд дур мэдэн тушаана гэсэн заалт оруулжээ.

/Уг тушаалаас хойш ЖДҮ сангаас нийт 12 тэрбум 377 сая төгрөгний зээлийг ямар ч сонгон шалгаруулалтгүй олгосон байна./

Тун удалгүй үүнийхээ хэргийг харин ч нэг баруун солгойгүй ашигласан байгаа юм даа. Та бүхэн он сарыг сайтар ажиглаарай. Журам өөрчилсөн тухай тушаал 2016 оны гуравдугаар сард гарсан. УИХ-ын ээлжит сонгууль болохоос ердөө гурван сарын өмнө гэсэн үг. Энэ бол зүй ёсоор хардлага төрүүлэх сэжим билээ. Яагаад сонгууль болох гэж байхад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгох эрх мэдлийг өөр дээрээ татан авчирч, сонгон шалгаруулалтаар олгох ёстой дүрэм журмыг эвдэн, зөвхөн өөрийн гарын үсгээр шийддэг болгож орхисон юм бол оо.

Үүнд хоёр тайлбар бий. Нэгдүгээрт, УИХ-ын ээлжит сонгууль болохоос өмнө эрх мэдэлтэй байгаа дээрээ аливаа хөрөнгийг дур мэдэн зарцуулж амжих гэсэн ад хүсэл, эрээгүй шуналаас үүдэлтэй алхам. Энэ бол тун ичгүүр сонжуургүй, ил цагаан үйлдэл. Монголчууд “Шунал ихдэхээр шулам болно” гэж хэлцдэг. Тэгвэл Д.Эрдэнэбат хэзээний шулам болчихсоны нотолгоо нь энэ тушаал юм. Хоёрдугаарт, УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор ойрын хүрээлэл, дэмжигчид, нутаг усныхнаа хахуульдах, ая тал засах, төсвийн хөрөнгөөр тэтгэхийн тулд өөрөө мөнгө “тараадаг” эрх мэдэлтний дүрд тоглох хэрэгцээ шаардлага үүссэн байж болно.

2016 оны 04 сарын 15-нд “Хоёр тэрбум 652 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг шууд олгохыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэд даалгасугай” гэсэн тушаалыг Д.Эрдэнэбат үзэглэжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Талийгаачийн амиа алдсан шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр 21 хоногийн дараа  эцэслэн тогтооно

“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч, "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн талаар мэдээлсэн. Тодруулбал, Түүнийг амиа хорлосон уу, гадны нөлөөтэй амиа алдав уу гэдгийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гаргаад байгаа аж.

Энэ талаар  ЦЕГ-аас тодруулахад "2018 оны аравдугаар сарын 25-ны орой өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход хохирогч нас барсан байсан. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Талийгаачийн гэр бүлийнхэн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд “Гэрээсээ шөнө найзтайгаа хальт уулзаад ирье гээд гэрээсээ гарсан дүү маань зэрэмдэглэсэн байдалтай хөл бас дотор эрхтэн нь гэмтсэн байдалтай байрныхаа урдаас олдсон. Энэ бүхнийг харсан ээж нь эмнэлэгт байна. Цагдаа нар амиа хорлолт гэж хэлээд хэргийг хаах дэрээ тулсан. Үүний ард ямар хүн байгааг нь мэдэж байгаа ч хэлж чадахгүй байгаа гэрийнхнийг нь хараад үнэхээр санаа зовж байна” хэмээн талийгаачийн хамаатны эгч нь цахим хуудаснаа бичсэн байна.

"ТАЛИЙГААЧАА ЦАГ БУСААР ХАРАМСАЛТАЙГААР АЛДААД ӨР ЗҮРХ ӨМӨРЧ, СЭМЭРЧ ХЭНЭЭС Ч ИЛҮҮТЭЙГЭЭР ХАРУУСАН ХАЛАГЛАЖ ГАШУУДАН СУУНА"

Талийгаачийг амиа алдсанаас хойш үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарсаар байгаа юм. Энэ асуудалд “MNTM” шоу  нэвтрүүлгийн шүүгч Нор Дагва  дараах мэдэгдлийг өчигдөр /2018.10.28/  гаргасан байна. Тус мэдэгдэлд “Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар хууль хяналтын байгууллага шалгаж, учир шалтгааныг тогтоож, мэдэгдэл хийгээгүй байхад ам уралдан мэдэмхийрч, өөрсдөө таамаглан, ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хөөрөгдөж, хувийн шоу хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийж байна. MNTM 2 нэвтрүүлгийн баг хамт олон, оролцогч охид нийт Монголын Загварын ертөнцийн хүрээнд ижилдэн дассан эрхэм найз, дүү, эгч, модель, эрхэм дотнын хүндтэй хүн байсан юм.

Бид талийгаачаа цаг бусаар харамсалтайгаар алдаад өр зүрх өмөрч, сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудан сууна.  Бидэнд тохиосон энэ их уй гашууг далимдуулан MNTM нэвтрүүлгийн нэр төрд санаатайгаар халдах гэсэн, мөн гэм зэмгүй цэцэг шиг оролцогч охидыг маань элдвээр хардаж, талийгаачийн үхэлд буруутгаж, гүтгэн доромжилж, үзэгчдийг хооронд нь талцуулан хэрэлдүүлж, нийт ард иргэдийн тархийг ямар ч баримтгүй мэдээллээр угааж байгааг нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч, зааварлагч багш, мэргэжил нэгт загвар өмсөгч эгч хүний хувьд өөрийнхөө байр суурь, бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Тиймээс манай нэвтрүүлгийн үлдсэн оролцогчид энэ болсон явдалтай ямар ч хамааралгүй, гэм зэмгүй айлын жаахан цэцэг цэврүү шиг охидыг ямар нэгэн байдлаар гүтгэж доромжлон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байхыг хувийн зүгээс хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.Түүнийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа  эцэслэн тогтоох юм.

Харин талийгаачийн ээж болсон үйл явдлын талаар “Миний охин амиа хорлох хүн огтоосоо биш. Гэхдээ би бодохдоо амиа хорлосон гээд хэргийг хаах гэж байна гэж ойлгож байна. Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа” хэмээн хэлсэн байна. Талийгаач ойрын үед сэтгэл санаагаар маш их унаж, сэтгэл зүйч дээр хүртэл очиж эм бичүүлж авч байсан аж.

Талийгаач охин амиа алдсанд эмгэнэл илэрхийлж, өнөөдөр “Боловсрол суваг” телевизээс мэдээлэл хийхээр болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR MAXWELL
Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмы : +33751490980
2019/11/02 197.211.58.140
Bugdii ni cagdan hori. Manai ehner, manai aav nadag hamaagui gej
EhNER HUUHEDDEE ZEEL AVCH UGCHUUD, HULGAIN MUNGUUR GOYODOG. SAGSUU TA NAR. , ICHIG, ICHIG. SHIVSHIG,
2018/10/29 122.201.21.164
  • Recent
  • Most Read
  • Most Comment