8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол эмэгтэйчүүд хүүхдээ “зардаг уу”

2016-02-22 11:00:00

Хүний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд. Өхөөрдөм дуу хоолой, хөөрхөн жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол бид аз жаргалтай байна гэж үү. Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч, орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж олон хүн ярьдаг. Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьсгал төрүүлж асар том орон зайг эзэлж баяр баясгалан, гэрэл гэгээ авчирч байдаг. Тиймээс ч хүүхэд бол бурхны бэлэг гэж тодорхойлдог.

Гэтэл бурхнаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй хүмүүс бас байдаг. Өнөөгийн нийгэмд олон шалтгааны улмаас үргүйдэл бий болж байна. Хүсээд ч хүүхэд заяадаггүй, эсвэл эхнэр нөхөр хоёрын аль нэг нь үр тогтоох боломжгүй, эхнэр нь ужиг өвчтэй гэх мэтчилэн олон асуудлаас болж үрийн зулай үнэрлэхгүй байгаа гэр бүл олон байна. Тэд гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд ямар нэгэн арга замыг эрж хайдаг.

Үргүй гэсэн оноштой хүмүүс үр шилжүүлэн суулгуулах болон тээгч эх хөлсөлж хүүхэдтэй болдог арга анагаах ухаанд хөгжиж байгаа билээ. Тэгвэл өдгөө энэ аргаар төрсөн 100 мянга гаруй хүн дэлхий дээр амьдарч байгаа юм байна. Харин манай улсын хувьд үр шилжүүлэн суулгуулж, үрийн зулай үнэрлэсэн 40 орчим гэр бүл байгаа аж. Мөн жилд дунджаар 5-10 тээгч эхэд үр шилжүүлэн суулгуулж, 10 орчим эрэгтэй эр бэлгийн эсийн донор болдог байна.

Тээгч эх хөлсөлдөг эсвэл эр, эм бэлгийн эсийн донор авдаг гэр бүлүүдийн тухайд нөхөр нь эр бэлгийн эсгүй, эхнэр нь хүүхэд тээж, төрүүлэх эрхтэн буюу /сав/ умай нь ямар нэгэн шалтгааны улмаас мэс заслаар авсан, эсвэл ховор тохиолдолд төрөлхийн умайгүй юм уу умайн хүнд хэлбэрийн гаж хөгжилтэй байдаг аж. Тиймээс эдгээр гэр бүлүүд өөрсдийн нөхцөл байдлаас хамааран дээрх хоёр аргын нэгийг нь сонгодог байна.

Харин эр бэлгийн эс үрийн шингэнд нь огт байхгүй эмгэгтэй эрчүүд эсийн донор авч үр хүүхэдтэй болох тохиолдол сүүлийн үед олширч буйг мэргэжилтнүүд онцолж байна. Тээгч эх болон эр, эм бэлгийн эсийн донортойгоо тухайн гэр бүлүүд гэрээ хийж харилцаагаа зохицуулдаг аж. Харин үр шилжүүлэн суулгах өртгийн тухайд 6-10 сая төгрөг зарцуулагддаж ажээ.

Дээрх аргууд нь хэдийгээр зарим гэр бүлд тулгамддаг үр хүүхэдтэй болох томоохон асуудлыг нь лабораторийн тусламжтайгаар шийдэж буй талархалтай хэрэг ч үүнд тавих төрийн хяналт үгүйлэгдэж байна. Учир нь олон улсад ”Тээгч эхийн программ”  болон тусгай хуулийн зохицуулалт байдаг бол манай улсад энэ талаар мөрдөх нэг ч стандарт, хууль байдаггүй. Тиймээс янз бүрийн шалтгаанаар тээгч эх болох, гадаад руу хүүхдээ үрчлүүлэх, улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал мэр сэр байгааг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна.

Гэвч манайд хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүсийн зовлонгоор мөнгө хийх бизнес үнэндээ хүчээ авчээ. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар нэг тээгч эх 120-170 сая төгрөгийн үнэ ханштай байдаг гэнэ. Зарим нь энэхүү мөнгөтэй дүйцэхүйц үл хөдлөх хөрөнгө буюу гурван өрөө байраар ч “бартер” хийх тухай мэдээллүүд мэр сэр гарсаар байна. Энэ бизнестэй эмэгтэйчүүдийн эмнэлгүүд бас холбоотой. Ийм хүсэл сонирхолтой хүмүүсийг хооронд нь зуучилж өгдөг газар нь тэд бөгөөд зарим гадны эмнэлгүүд эмэгтэйчүүдийн эмнэлэгт санал тавьж, хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүс танайд хандвал манай эмнэлгийг санал болгоорой. Ингэвэл танд эмчилгээ хийсэн төлбөрийнхөө тэдэн хувийг өгнө гэдэг байна.

Энэ төрлийн бизнес хамгийн их хөгжиж байгаа улс орнуудын нэг бол Хятад. Хятад улсад эрчүүд нь санхүүгийн байдлаасаа болж эхнэр авч чаддаггүй бөгөөд тээгч эх хөлслөн хүүхэдтэй болох тохиолдол цөөнгүй. Энэ талаар нэгэн цахим хэрэглэгч ноцтой мэдээлэл бичжээ. Тэрбээр “Саяхан Эрээн хотод өөрийн биеэр очихдоо энэ талаархи мэдээлэл маш бодитой болохыг олж мэдсэн бөгөөд дагаад "Тээгч эх" гэдэг аюул тэнд нүүрлэж байгааг хэлэх хэрэгтэй. 10 сар тээж төрүүлсэн хүүхдээ 5000-10000 юанаар Хятад эрд "Өгч орхих" ээжүүд байгаа нь санаанд багтамгүй зүйл юм. Үүнийг шууд утгаар нь "Хүний наймаа" ч гэж ойлгож болно. Үндэсний аюулгүй байдал ... гэдэг үгээр далайлгах дуртай эрх бүхийн хүмүүс ийм л зүйл дээр маш их анхаарах ёстой гэж бодогдоно” хэмээсэн байна. Тэгэхээр монгол эмэгтэйчүүд дотооддоо тээгч эх болохоос гадна гадны улс орнуудад ч тээгч эх болох явдал цэцэглэжээ. Зарим эмэгтэйчүүд нь санаандгүйгээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол ч байна. Тодруулж хэлбэл, монгол хүүхнүүдийг жирэмслүүлж нутагтаа аваачаад хүүхдийг нь төрсөн хойно цагаачлалын цагдаа нартаа барьж өгч нутаг буцаадаг шинэ төрлийн хэрэг гарах болсон байна. ЦЕГ- ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт /хуучнаар Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар/ энэ төрлийн хэд хэдэн хэрэг бүртгэлтэй байдаг ажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл