Өмнөд Африкт Зика вирусын анхны тохиолдол илэрсэн гэдгийг эрүүл мэндийн салбарынхан батлан өгүүллээ.
Йоханнесбургт бизнесийн шугамаар ирсэн Колумбийн иргэнд дөрвөн хоногийн дараа халуурах, биеэр тууралт гарах зэрэг шинж илэрсэн бөгөөд эмчилгээний явцад одоо бүрэн эдгэрсэн гэж Эрүүл Мэндийн сайд Аарон Моцоаледи хэлсэн байна.
Хоёрдугаар сарын нэгэнд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас олон улсын онцгой байдал зарлаж, Зика вирусын улмаас мэдрэлийн хоёр эмгэг үүсч болзошгүй гэдгийг тэмдэглэсэн байдаг.
Нярай хүүхдүүдэд эхийн ураг орчмын шингэнээр дамжин Зика вирус халдварлаж, микроцефаль хэмээх төрөлхийн тархины гажиг үүсгэх бол хоёр дах эмгэг нь саажилт үүсгэдэг Guillain-Barre хам шинж юм.