БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын нийслэл Бээжин хотын эрх баригчид утаа болон агаар бохирдуулагч бусад үзэгдэлтэй тэмцэхэд туслах өндөр хүчин чадалтай сэнсэн байгууламж бүхий тусгай сүлжээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай Бээжин хотын Хот төлөвлөлтийн хорооны орлогч дарга Ван Фэй мэдээлжээ.
Түүний хэлснээр, сэнснүүд бүхий таван гол зурвас нь 500 гаруй метр урттай байх аж. Сэнсэн байгууламжийн сүлжээ нь хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд болон усан сангуудыг холбох бөгөөд ногоон бүсүүд, гол замуудын дагуу байрлах аж.
Үүнээс гадна, сэнсэн байгууламжийн жижиг сүлжээг цаашид нэмж байгуулан дээрх системд нэгтгэхээр төлөвлөжээ. Ван Фэйний хэлснээр, барилгын ажлыг хатуу хяналтын дор явуулах аж.
Хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэхэд 2016 онд 16.5 тэрбум юань буюу ойролцоогоор 2.5 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж буйгаа Хятадын нийслэл хотын эрх баригчид урьд нь мэдэгджээ. Бээжин хотын эрх баригчдын төлөвлөгөөнд мөн агаар дахь “PM 2.5” тоосонцрын агууламжийг энэ жил 5 орчим хувиар бууруулах арга хэмжээ орсон байна.
Эх сурвалж: Монцамэ