Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Мүүнийн шашны тухай мэдээлэл, хувь хүний үзэл бодол хүчтэй түгэж байна. Энэхүү шашин нь гишүүнчлэлийн хүрээгээ төдийлөн ил явуулдаггүйгээс иргэдийн дундах ойлголт ч янз бүр. Гэхдээ Монголчууд бид Мүүнийн шашныг хэдэн арван мянган хосыг дэлхий нийтэд нэг өдөр гэрлүүлдэг хачин уламжлалтайгаар нь түлхүү мэднэ. Түүгээр ч зогсохгүй энэхүү улс дамжсан гэрлэлтүүд нь ямар нэгэн хайр сэтгэлийн үндсэн дээр бус Мүүн хэмээх эцгийн шийдвэр байдаг гэдгийг ч гадарладаг болсон.
Энэхүү хачирхалтай шашны урсгалын тухай мэдээллийг иргэн Э.Цэрэндолгор олон нийтийн сүлжээнд мэдээлсээр байгаа. Тэрбээр энэ талаар хэдэн жилийн өмнө мэдээлэл хийхдээ “Солонгост, дараа нь Японд, сүүлд Америкт Мүүнийг Цэргийн болоод Улс төрийн нөлөөтэй хүмүүсийн оролцоотойгоор дэлгэрүүлсэн. Өнөө үед Мүүнийг хамгийн их ивээсэн орноор Монгол тодордог ба Латин Америк, Африк болон хөгжиж буй орнууд руу үйл ажиллагаагаа тэлэв. Монгол дахь Эв Нэгдлийн сүм 1993 оноос үйл ажиллагаа явуулах эрх авсан ч хэзээ ч нэрээ ил болгож байсангүй. Мүүнийхэн улс төрчдийг урхидан өөрийн болгох асуудалд анхнаасаа анхаарал тавьсан ба амжилттай ажиллаж байгаа болно. Мүүнийхэн олон улс төрчдийн сонгуульд хөдөлгөөний залуусаа ашиглан материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан. Мүүнийхэнд өөрсдөө мэдэлгүй ашиглуулсан улс төрчид бас их байдаг. Гаалийн Д.Цэвээнжав, улс төрч Б.Дашзэвэг, Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлүүдийн Монголын холбооны ерөнхийлөгч Ша.Батбаяр, Сүхбаатар дүүргийн Ц.Цогзолмаа, Монгол Улсын бүх л ерөнхийлөгчид хамрагдсан байдаг. Мөн одоогийн Боловсролын Яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаяр Мүүний эхэн үеийн төлөөлөгч болно” хэмээн мэдэгдсэн нь тухай үед нэлээд дуулиан тарьж байсан юм.
Гэвч тэрбээр сүүлийн үед БСШУЯ-ны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаяртай холбоотой өргөдлөө холбогдох байгууллагуудад өгсөн билээ. Энэхүү мэдээллийн дагуу БСШУЯ-наас хариу мэдэгдэл гаргасан. Тэгвэл өчигдөр “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн мөнгөө Солонгосуудаас ямар болзолтойгоор босгосон бэ? Ард түмнээрээ асуулга тавьж бид яг ямар өр ширтэй болох , хэдэн тэрбумыг авсаныг ил болгомоор байна” хэмээн мэдэгдэж, Ц.Элбэгдоржийн МҮҮН-ийн шашныхантай уулзаж байгаа бичлэгийг тавьжээ.
Энд нэг зүйлийг сануулж хэлэхэд 2011 онд “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын зохиох “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг оролдож байсан билээ. МҮҮН-ийн шашины энэ наадмыг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол улсын Гадаад яамны эмблем, Монголын үндэсний олон нийтийн телевиз хамтран зохион байгуулахаар зар тарааж, Зохион байгуулагчаар тухайн үеийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Дэлхийн монголчуудын чуулган”-ы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, “Энхтайван найрамдлын төлөө холбоо”- ны ерөнхийлөгч Д.Цахилгаан нар ажиллахаар зэхэж байсан ч хэвлэлийнхэн энэ тухай буюу МҮҮН-ийн шашины наадам гэдгийг олж мэдсэнээр энэ наадам цуцлагдаж байсан түүхтэй юм байна.