Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын талаар өчигдөр ажлаа тайлагналаа.
Тус Байнгын хороо 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа, 60 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 38 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 хууль, /хамт өргөн мэдүүлсэн 28 хууль/ 4 тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлуулжээ. Мөн тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд байдаг “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо” 1 удаа хуралдаж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонссон байна. Байнгын хороо 2015 оны намрын чуулганы хугацаанд 15 хуулийн төсөл, 4 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцсэнээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 10 хууль /хамт өргөн мэдүүлсэн 28 хууль/, 4 Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.