8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Нобелын шагналтнууд Төрийн ордонд чуулж,Шатахуун түгээх станцуудад шалгалт хийсэн өдөр

2018-09-24 18:45:00

“Худал Үнэн хоёр” гэх эртний  нэгэн домгоор өнөөдрийн “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Домогт “ Худал: “Өнөөдөр сайхан тогтуун өдөр байна” хэмээн үнэнээр хэлж гэнэ. Үнэн эргэн тойрноо ажин харвал үнэхээр л сайхан өдөр болж байв. Нэгэн худгийн дэргэд ирэх хүртлээ тэд хамтдаа их л удаан алхжээ. Худал “Энэ худгийн ус их дулаан байна. Хамт усанд оръё” гэж дахин үнэнээр хэлэв. Үнэн эргэлзэнгүйгээр худгийн усанд гараа дүрж үзвэл үнэхээр л бүлээхэн сайхан байв. Тэд хувцсаа тайчин, хамтдаа худгийн усанд булхажээ. Тэгтэл Худал уснаас гэнэтхэн гараад Үнэний хувцсыг өмсөөд зугтчихжээ. Уурлаж хилэгнэсэн Үнэн араас нь ухасхийн гарч Худлаас хувцасаа буцаан авахаар хөөв. Гэвч чармай нүцгэн Үнэнийг харсан хүмүүс түүнд туслах нь бүү хэл хорсол жигшил, ичгүүрээр булан нүүрээ буруулцгааж байв. Хөөрхий Үнэн ичсэндээ худагтаа буцан орж нүцгэн биеэ нуух болов. Тэр цагаас хойш Худал хорвоо ертөнцөөр Үнэний хувцасыг өмсөн явж, нүцгэн Үнэнийг харах дургүй хүмүүсийн дур хүсэлд нь нийцэн амьдардаг болжээ.

Өнөөдөр хэвлэлийн хуудаснаа

С.Сайнбилэг: Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүн 15 кг хасч чадвал эдгэрэх магадлалтай

АШУҮИС-ийн багш, дэд профессор, анагаах ухааны доктор, дотоод шүүрлийн эмч С.Сайнбилэгтэй чихрийн шижин өвчний талаар ярилцлаа.

-Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл бусад оронтой харьцуулбал ямар төвшинд байна вэ?

-Дэлхийд чихрийн шижин өвчний тархалт 7-8 хувьтай байна. Гэхдээ улс орон бүр өөр янз. Зарим улс орны хүн амын 20,30 хувь нь чихрийн шижинтэй байна. Жишээлбэл, Науру гэх улсын нийт хүн амын 20-30 хувь нь чихрийн шижинтэй.  Гэтэл хөгжингүй Япон, Солонгос зэрэг оронд чихрийн шижингийн тархалт буурах төлөвтэй байна. Харин манай орны хувьд дэлхий нийтийнхтэй харьцуулахад уг өвчний тархалт дундаж хэмжээнд байна. Гэхдээ бусад орныхтой харьцуулахад жил ирэх тутам хурдацтай нэмэгдэж байгаа.

Монгол Улсад явуулсан  сүүлийн үеийн судалгаагаар нийт хүн амын 6.5 хувь нь чихрийн шижин өвчинтэй байгаа бол 10 хувь нь өвчлөх эрсдэлтэй гэж гарсан. Тэгэхээр манай улсын 100 хүн тутмын 5-6 нь чихрийн шижинтэй, 10 нь өвдөх эрсдэлтэй байна гэсэн үг.

-Дэлхий дахин чихрийн шижинтэй тэмцэх өдрөөр жил бүр тодорхой уриа дэвшүүлдэг. Өнөө жилийн хувьд ямар уриа дэвшүүлж байна вэ?

-Энэ жил “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин” гэсэн уриан дор уг өдрийг дэлхий нийт тэмдэглэж байна. Чихрийн шинтэй тэмцэх дэлхийн өдрөөр 160 оронд нэг тэрбум хүн оролцсон томоохон компанит ажил өрнөдөг. Эмэгтэйчүүд эрүүл мэндийн боловсролтой, чихрийн шижингийн талаар ойлголттой байвал гэр бүлээ уг өвчнөөс хамгаалж чадах юм. Ер нь эмэгтэйчүүд гэр бүлийнхнийхээ зөв хооллолт эрүүл мэндийн асуудлыг хариуцаж, үр хүүхдээ эрүүл саруул байлгахад эрчүүдээс илүү үүрэгтэй оролцдог учраас тэдэнд онцгой анхаарал хандуулж байна.

-Эмэгтэйчүүд чихрийн шижингээр нас барах тохиолдол их байгаа тоо баримтыг судалгаанаас харж байсан. Ер чихрийн шижингээр өвчилж тохиолдол өндөр хүмүүс гэж байсан? 

-Дэлхий дахинд чихрийн шижингээр өвчилж буй хандлагыг авч үзвэл эрэгтэй, эмэгтэйчүүд адилхан өвддөг. Аль нэг нь илүү өвчилнө гэж байдаггүй. Гэхдээ эмэгтэйчүүдэд нэг эрсдэл бий. Тэд жирэмсний чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалтай. Бүх жирэмсэн эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвдөхгүй л дээ. Зөвхөн эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд үүнд хамаарна.

Тухайлбал, ахимаг настай байх, жирэмслэхээсээ өмнө хэт таргалах, жирэмсэн үедээ жин их нэмж буй эмэгтэйчүүд жирэмсний чихрийн шижингээр өвчлөх магадлал илүү өндөр байна гэсэн үг. Тиймээс дээрх төрлийн эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүд жирэмслэх хугацаагаа төлөвлөх, жингээ хасах, чихрийн шижин байна уу үгүй юу гэдгээ хянуулж байж жирэмслэвэл жирэмсний үеийн чихрийн шижинтэй холбоотой эрсдэл гарахгүй.

Жирэмсний чихрийн шижингийн хүндрэл нь ураг томрох юм. Дөрөв, таван килограмм жинтэй хүүхэд гардаг. Тэгэхээр тийм том ургийг төрүүлэхэд ээж, ураг хоёрт төрөх замын гэмтлүүд гарах эрсдэлтэй . Тухайлбал, хүүхэд тархины гэмтэлтэй төрөх, жирэмсний хожуу үеийн хордлого үүсэх зэрэг эрсдэлүүд бий болно. 

Үүнээс сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад ормогцоо цусан дахь глюкозын хэмжээгээ тодорхойлуулах хэрэгтэй. Хэрвээ эрсдэлтэй байвал  нарийвчлан шинжлүүлэх шаардлагатай. Жирэмсний 24-28 долоо хоногтой байх үедээ жирэмсний чихрийн шижинг илрүүлдэг шинжилгээнд заавал хамрагдах ёстой. Жирэмсэн үедээ хэт жин нэмэх нь өндөр эрсдэлтэй.

-Чихрийн шижин бол өртөг өндөртэй эмгэг гэж та хэлж байна. Улсаас ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг болов уу?

-Чихрийн шижин бол өртөг өндөртэй эмгэг.  Яагаад гэвэл даралт ихэсдэг хүн даралтын эмээ уучихна. Ер нь ганцхан эм ууна гэж байхгүй. Давхар инсулин тарих хэрэгтэй болно. Инсулин тарих багаж хэрэгсэл нь өртөг өндөртэй. Мөн өдөр тутмынхаа хоол, хөдөлгөөн, инсулиныхаа тунг тохируулахын тулд сахараа хянах хэрэгтэй болно. Сахараа хянахын тулд хэрэглэдэг багаж хэрэгсэл нь бас тусдаа үнэтэй байх жишээтэй. Тэгэхээр дэлхий нийтийн хувьд чихрийн шижин бол өртөг өндөртэй эмгэгт тооцогддог. Монгол Улсын хувьд одоогийн байдлаар чихрийн шижингийн зарим эм, инсулиныг улсын төсвөөс үнэгүй олгодог. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн сайн чанартай эм, бэлдмэл өндөр үнэтэй байдаг учраас улсын төсвөөс бүрэн даах боломжгүй.

-Чихрийн шижингээр өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хэв шинж нэгийн хувьд удам зүйн урьдчилсан байдалтай холбоотой. Төрөхдөө л чихрийн шижин  хэв шинж нэгээр өвдөх магадлалтай хүүхэд төрнө гэсэн үг. Үүнийг Монголд одоогийн байдлаар урьдчилан тогтоох боломжгүй байна. Бид өвчилсөн хойно нь л оношилж, эмчилж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд хүүхдийг төрөнгүүт нь тогтоочихоод өвдүүлэхгүй байх тал дээр анхаардаг. Энэ хэв шинжийн үед инсулинаа тогтмол тариад, хоол, хөдөлгөөний дэглэмээ барьж, сайн хяналт тавих шаардлагатай. Хэв шинж хоёрын хувьд 70 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой. Яагаад гэвэл, энэ хэв шинжээр оношлогдож байгаа хүмүүсийн 80 хувь нь тарган байдаг. 

Таргалалттай холбоотой үүсдэг. Жин нэмэхгүй бол хэв шинж хоёроор өвчлөхгүй байх боломжтой. Хэв шинж хоёрын хувьд удамших магадлал, хандлагатай эмгэг гэж үздэг. Тэгэхээр аав, ээж нь чихрийн шижинтэй бол хүүхдүүд нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай.

Үүнээс сэргийлэхийн тулд хүүхдүүдээ таргалуулахгүй байхад анхаарах ёстой. Таргалахгүй л байвал хэчнээн удамтай ч чихрийн шижингээр өвдөхгүй байж болно. Тэр байтугай чихрийн шижин хэв шинж хоёртой тарган хүн биеийн жингээ 15 кг-аар хасч чадвал эдгэрэх боломжтой гэж үздэг. Далд чихрийн шижинтэй хүн таван кг-аар жингээ хасч чадвал эдгэрэх боломжтой. Сүүлийн үед тарган хүн турчихвал ялангуяа гэдсээрээ турах юм бол чихрийн шижин өвчин эдгэрэх магадлалтай хэмээн үзэж байна. Хэв шинж гурав бол дээр дурдсанчлан жирэмсний чихрийн шижин юм. Ийм хэв шинж нь жирэмсний 24-28 дахь долоо хоногтойгоос илэрдэг учраас ээжүүд дурдсан хугацаанд глюкозын шинжилгээнд хамрагдах ёстой. Хэрэв өвчлөл илэрсэн тохиолдолд хоолны дэглэм барих, эмийн бэлдмэл хэрэглэх, инсулин тариулах зэргээр цусны сахараа хэвийн болговол урагт гарах  эрсдэлд өртөхгүй байх боломжтой гэж үздэг. Харин төрснийхөө дараа 5-10 жилийн хугацаанд жингээ тогтмол хэмжээнд барьж, таргалахгүй байх ёстой. Жингээ барьж чадахгүй тарганаараа байх юм бол 5-10 жилийн дараа чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн 50 хувь нь хэв шинж хоёрт шилждэг гэсэн үг. Хэв шинж дөрвийн үед бусад  хэлбэр буюу ямар нэг эм, дааврын бэлдмэл, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэгтэй холбоотой цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг. Жишээлбэл, нойр булчирхайгаа хагалгаагаар авахуулсан, ямар нэг өвчний улмаас дааврын бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэж буй хүмүүст энэ өвчин үүсвэл дөрөв дэх хэв шинжтэй гэж үзнэ. Энэ хэв шинжийн өвчтөний хувьд үндсэн өвчнөө эмчилбэл эдгэрэх боломжтой.

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Чихрийн шижингийн дээрх дөрвөн хэв шинжийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой нь хэв шинж хоёр юм. Хэв шинж хоёр ихэвчлэн таргалалттай холбоотойг дээр хэлсэн. Тиймээс хоолны дэглэм, хөдөлгөөнөөр тарган хүн турах, таргалахгүй байвал чихрийн шижин хоёроос урьдчилан сэргийлэх боломжтой.  Хэв шинж хоёртой хүмүүсийн 70 хувь нь хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьснаар өвдөхгүй байх боломжтой. Дэлхий нийт сүүлийн үед нэгэнт уг өвчнөөр өвдсөн тохиолдолд тухайн хүн 15 кг хасч чадвал чихрийн шижин эдгэрэх магадлалтай гэж үзэж байна. 

Далд чихрийн шижинтэй хүн биеийн жингээ таван кг-аар бууруулбал чихрийн шижин эдгэрэх боломжтой. Хамгийн гол нь жин, таргалалтдаа анхаарах юм. Турж чадвал чихрийн шижин өвчнөөр өвдөхгүй. Зарим хүн эдгэрэх боломжтой. Үүний тул гэдэс, бэлхүүсний тойргоосоо хасч турах хэрэгтэй. Гэдсээрээ таргалж буй хүний хувьд дотор өөхний хэмжээ нь ихэсдэг. Дотор өөхний хэмжээ ихэссэнээр цусны сахарыг бууруулдаг инсулин гэх дааврын дөжрөл үүдсэг. Үүнээс болоод чихрийн шижин хоёр хэв шинж илэрнэ.

Турах талаар ярьж байгаа учраас хөдөлгөөн, хоолны дэглэмийн тухай зайлшгүй ярихад хүрнэ. Хооллохдоо ойрхон багаар хооллох нь зүйтэй. Хөдөлгөөний хувьд дунд зэргийн ачаалалтай биеийн тамирыг долоо хоногт таван удаа, өдөрт 30 минутаас доошгүй хугацаанд ачаалал өгөхгүйгээр хийх хэрэгтэй. Үүнийг дадал болговол чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Түүнчлэн наслах нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдэл болдог. Тиймээс дэлхий нийтэд 40-өөс дээш насны хүнийг жилд нэг удаа чихрийн шижингийн эрсдэлээ үнэлүүл гэдэг. Хэрэв эрсдэл өндөртэй байвал цусан дахь глюкозын хэмжээгээ заавал тодорхойлуулах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын үнэтэй таун хаусыг хураах эсэхийг шийднэ

Өнгөрсөн хавар УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын талаар нэгэн ноцтой баримт ил болсон. Тодруулбал, Л.Пүрэвбаатар хэмээх эрхмийн тухайд 2014 онд УБТЗ ХНН-ийг даргалж байх үедээ байгууллагаас 1.4 тэрбум төгрөг гаргуулж, хувьдаа таун хаус худалдаж авсан байдаг. Энэхүү мэдээлэл гарсаны дараагаар түүний өөртөө зориулж худалдан авсан 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан юм. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрт Дэд сайд асан Б.Цогтгэрэл эсэргүүцэл илэрхийлэн 1.5 тэрбумын үнэтэй хаусыг УБТЗ-д өгөх нь зүйтэй хэмээн дахин шүүхэд өгсөн юм. Тэгвэл  Улсын дээд шүүх дээр ирэх пүрэв гарагт УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болохоор товлогдсон байна. Өмнө нь Л.Пүрэвбаатар хэвлэлээр дамжуулан тус байрны талаар тайлбар өгсөн байдаг. Тодруулбал, Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир!Оросын талаас В.Н.Морозов удирдаж, Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцаад шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын хоорондын асуудалд оролцуулахаа болих хэрэгтэй” гэсэн тайлбар өгсөн байдаг. Тэгвэл энэ удаагийн шүүх хурлаар түүний таун хаусыг хураах эсэхийг эцэслэн шийдэх юм. 

Хуан Лерма: XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буйн Тархи судлал

-Тархи судлалын нобелийн шагналтнууд Төрийн ордонд чуулж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж. 

Энэ хүрээнд Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирж өнөөдөр Төрийн ордонд лекц уншиж байна.

Эрдэмтэн судлаачид лекц уншихаас гадна XXI зууны тархи судлалын салбарт гарч буй ололт, амжилт, тархи судлалын хөгжлийн чиг хандлагын асуудлаар  илтгэл тавьсан юм. 

“Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма "Оюун ухааныг молекул, эсийн төвшинд судлах-Тэргүүлэх шинэжлэх ухаан" сэдэв илтгэлдээ "Хүн төрөлхтний уураг тархины нууцыг танин мэдэх оролдлого нь соёл иргэншил, хүний тархины суурь ойлголтыг тайлбарлахын сацуу ирээдүйн шинжлэх ухаан болох сансар судлал, хиймэл оюун ухаан, анагаах ухааны шийдвэрлэгдээгүй асуудлуудын оньсыг тайлж, хариултыг олох асар өргөн хүрээний ач холбогдолтой. Шинжлэх ухааны олон салбаруудаас XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буй “Тархи судлал” юм.  Хүн тархиа удирдаг биш, Тархи хүнийг удирддаг учраас хүн гэж юу вэ гэвэл ТАРХИ юм. 

  Тархины эмгэг, өвчлөл 21-р зуунд дэлхийн дахинд хамгийн их тулгамдаж буй асуудлыг нэг болж байна. Үүн дотроо зөнөгрөл, сэтгэцийн эмгэг түгээмэл байгаа нь олон орны тархи судлаачид, эрдэмтдийн санаа зовоож байгаа. 7 секунд тутамд 1 хүн зөнөх эмгэгтэй болж байна. 2020 онд гэхэд 1,5 сая хүн зөнөгрөлийн эмгэгээс болж нас барна гэсэн судалгаа гарсан байдаг" гэв. 

Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна

Дорнод аймгийн Онцгой байдлын алба хаагчид Хэрлэн, Баян-Уул суманд эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна. Тодруулбал,

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 16-ны өдрийн 16:30 цагт  хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 2 завь, ар гэрийнх нь 6 хүн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Өгөөмөр” гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын эрэг дагуу 35 км-т 3 удаа самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Өнөө өглөөний 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Мөн тус аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас “Улиастайн гарам” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 37 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:40 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Өнөө өглөө 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийлээ

НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/386 дугаартай “Инженерийн төвлөрсөн системд холбогдоогүй ариун цэврийн байгууламжийн байдалд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд шалгалт хийлээ. Шалгалтаар СХД, БГД, СБД, ХУД, ЧД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй Шинэ-Ундрага ХХК, Магнай трейд групп, “Тэс Петролиум”, “Сод Монгол”, М-Ойл”, “Шунхлай”, “Петровис”, “Дашваанжил”, “Дрийм Газ”, “Гор Газ” зэрэг нийт 42 ШТС, АХЦС-уудын ариун цэврийн байгууламжид хяналт шалгалт хийж, Шинэ-Ундарга ХХК-ийн ШТС-ийн хөрсний бохирдлын зэргийг тогтоох зорилгоор дээж авч НМХГ-ын болон Геологийн төв лабораторид хүргүүлэв. Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж ашиглах талаар 5 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, “М-Oil” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 500,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа . Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хоёр настай охин хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Тэди” төвийн ойролцоогоос хоёр настай охин хулгайлж, Эрдэнэт хотод аваачиж төөрүүлж хаясан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэн Л.Отгончулууныг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.

Тэрбээр охиныг хулгайлж авч яваад Эрдэнэт хотод зах дээр төөрүүлж хаясан байхыг нь цагдаагийн байгууллагаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн юм.
 
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ээжтэй нь хамт архи уусан залуу ээжийг нь согтоож унтуулчихаад охиныг нь хулгайлаад зугтсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул шалгаж байгаа аж. Охиноо алдсан ээжийн хувьд Л.Отгончулууныг огт танихгүй гэж мэдүүлжээ. Гэхдээ нөхрийнх нь найз байж магадгүй хэмээн хардаж буй.

Тиймээс түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд харсан үзсэн хүн байвал Чингэлтэй дүүргийн 70120138 утсанд хандахыг хүсч байна.

ОНЦЛОХ БАРИМТ: 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглоно

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдөх юм. Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тэгвэл ямар өөрчлөлт орсон талаар ОНЦЛОХ  19 баримтаар танилцуулж байна. 

  • Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хоригложээ.
  • Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ
  •  Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй үйлдэл хийхийг хориглосон байна
  • Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байхаар тусгажээ. 
  •  “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгасан байна.
  • 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.
  • Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой.
  • Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг  үйлчлэхгүй юм байна.
  • “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна. 
  • Замын тэмдэг, гэрлэн дохио болон хөдөлгөөн зохион байгуулах бусад техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, дур мэдэн байрлуулах, өөрчлөх, авч хаях, мөн замын хөдөлгөөнд саад болох, халтиргаа, шарвалт үүсгэх, тээврийн хэрэгслийн дугуйн доороос шидэгдэх, дугуйг хагалж болзошгүй элдэв зүйлсийг зам дээр хаях, асгах, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэхийг хориглоно. Ийм аюул, саад бий болгосон хүн түүнийг нэн даруй арилгах, хэрэв боломжгүй бол бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч, цагдаагийн алба буюу замын хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээнэ.
  • Жолооч нь хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй. 
  •  Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна.
  •  Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна. 
  • Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.
  • Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш 12 сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
  • Харааны бэрхшээлтэй хүн зорчих хэсгээр хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байвал зохих бөгөөд хэрэв зорчих баримжаа алдаж, явган хүний гарцын байршлыг тогтоож чадахгүй болсон буюу гэрлэн дохионы заалтыг мэдэх боломжгүй бол бусдын туслалцааг авах, ийм бололцоогүй тохиолдолд таягаар сайтар дохио өгч анхаарал болгоомжтой зам хөндлөн гарна. 
  •  Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.
  •  Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.
  • Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.
  •  Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment