8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мэргэн: Д.Гантулгын хэргийг шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй байна гэх үндэслэлээр прокурорт буцаасан

2018-09-21 09:18:00

Өмгөөллийн “Веритас Партнерс” ХХНөхөрлөлийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. 

-Сүүлийн үед төр болон хувийн хэвшлийн албан хаагчид ажлын байран дээрээ архидаг согтуурах, түүнээс үүдэж нэгнийхээ амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг хэрэг гарах боллоо. Ер нь ажлын байран дээр архидан согтуурсан албан хаагчид хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдаг. Зөрчсөн тохиолдолд сахилгын болон зөрчлийн гэсэн хоёр төрлийн хариуцлага хүлээлгэх хуультай. Зөрчлийн тухай хуульд зааснаар бол тухайн ажилтныг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгоно. Хувийн хэвшлийн хувьд тухайн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, гэрээгээр зохицуулагдана.

Хөдөлмөрийн тухай хуульд яг архидан согтуурахтай холбоотой заалт байхгүй боловч ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч тэр даруй халж болох тухай заасан байдаг.

Ихэнх байгууллагын дотоод журам, гэрээнд ажлын байранд архи уухыг ноцтой зөрчилд хамааруулсан байдаг. Тэгэхээр гэрээ, журамдаа хэрхэн зааснаас хамаараад байгууллага бүр харилцан адилгүй хариуцлага хүлээлгэж болно гэсэн үг юм. Төрийн албан хаагчдын хувьд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар зохицуулагдана. Төрийн албан хаагч бүр Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих үүрэгтэйгээс гадна байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох хориотой.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдаг. Ажлын байранд архидах нь дээрх бүгдийг зөрчиж байгаа учраас томилсон албан тушаалтан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын арга хэмжээнүүдийн аль нэгийг ногдуулна.

Төрийн байгууллага бүр ажлын байранд архидах болон бусад зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрхтэй байнгын, орон тооны бус 3-аас доошгүй гишүүнтэй Ёс зүйн хороотой байх ёстой. Уг хороо нь иргэдийн гомдол, мэдээллээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр, түүнчлэн өөрийн санаачлагаар зөрчлийг шалгах эрхтэй. Улмаар ямар хариуцлага хүлээлгэх тухай дүгнэлтээ удирдлагад танилцуулж хариуцлага тооцуулж байх үүрэгтэй юм.

-Өнгөрсөн сард ЗТХЯ-д газрын дарга нар архидаг согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэрэг гардаг өдөр тэнд байсан хүмүүс хам хэрэгт орох ?

-Тэр хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж харснаас өөр тодорхой мэдээлэл байхгүй болохоор хариулах боломжгүй. Гэхдээ миний ойлгосноор тэнд байсан хүмүүс хэргийг хамтран үйлдээгүй ч тусламж үзүүлээгүй юм шиг байсан. Тэр тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шууд үндэслэл болохгүй.

Харин хохирогчийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсчихээд байхад эмнэлэгт хүргэх, эмч дуудах зэрэг үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудал яригдаж болно. 

-Төрийн албан хаагчийн ёс зүйн гэж юуг хэлээд байна вэ. Ажлын байран дээрхи  ёс зүйн дүрмийг хэрхэн зааж тусгаж өгсөн байдаг юм бэ.?

-Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн газрын тогтоолоор 2010 онд баталсан байдаг. Харин уг дүрмийг жишиг болгон төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг тухайн байгууллагын удирдлага баталж мөрдүүлэх ёстой. Ёс зүйн дүрмээр албан хаагч үйл ажиллагаандаа шударга байх, хууль дээдлэх, тэгш хандах, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх зэрэг зарчмыг хэрхэн баримтлах талаар дэлгэрэнгүй тусгасан байдаг.

-Та УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяа гэх бүсгүйн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Тийм учраас энэ хэргийг  шүүх хурлын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Хэргийг буцаад анхан шатны шүүх хурлаар оруулах шүүхийн шийдвэр гарсан. Шүүх ямар үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаахаар болов?

-Хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс прокурорт буцаасан юм. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй байсан гэсэн үндэслэлээр буцаасан.  Шүүх хуралдаан хаалттай болсон, эцэслэн шийдэгдээгүй байгаа болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй.

Гэхдээ дээрх шалтгаанаар зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед л прокурорт буцаах хуультай. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн дараа шүүхийн хэлэлцүүлгийн үед ийм үндэслэлээр прокурорт буцаасан нь хуульд нийцэхгүй байна гэж үзэх боломжтой учраас прокуророос эсэргүүцэл бичиж магадгүй юм.

-Ярилцсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ineed
Yum l bolgon haalttai hural gedgiin. Mongotei erh medelteid n pyaldagatah gej hurlaa haalttai hiideg yum.
2018/09/21 107.77.111.121