8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн долоон хүн амиа алдсан ослын талаар шинэ нотлох баримт олджээ

2018-09-20 13:42:00

2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Хэрэг гарсанаас хойш өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй байгаа бөгөөд ар гэрийнхэн нь хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж байгаа. 

Тус хэргийн талаар өмнөх хэвлэлийн хурал дээр  амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа “Осол болохыг харсан гэрчийн хэлснээр манай дүүгийн машиныг нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн. Ингээд 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас зорчигчид бүгд шатаж амиа алдсан юм билээ. Тэнд байсан бүх машинууд туслах гэж хичээсэн, хэргийг харсан гэрчүүд зөндөө бий. Дүүгийн маань машиныг шахсан шаргал өнгөтэй машин хэргийн газраас зугтсан. Гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг" хэмээн хэлж байсан билээ. 

Хэрэг болсноос жилийн дараа гэхэд гурван удаа прокурор солигдож, гурван удаа хэрэг хаагдсан байна. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэр осол юунаас болж гарсан, осолд орсон машин ямар шалтгаанаас болж урсгал сөрсөн бэ гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй байгаа аж. 

Ийнхүү хэрэг шийдэгдэхгүй явсаар 7 хүний амийг хохироосон жолоочид ял завших боломж олгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэж амь үрэгдэгсдийн гэр бүлээс саяхан мэдээлэл хийсэн юм.  Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан дөнгөж сая өөрийн нүүр номын хуудсандаа шинэ нотлох баримт олдсон талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Нэвтрүүлгийн үеэр гурван жилийн өмнө осол болсон газраар явж өнгөрөхдөө санаандгүй бичлэг хийсэн хүмүүс байвал бичлэгээ өгч үнэнийг олоход туслаач гэж ард иргэдээсээ гуйсансан. Харин нэгэн бичлэгийг Австарлиас ирүүлсэн байна. Бичлэг хийсэн хүн яг тухайн цаг үед хэргийн газраар явж өнгөрөхдөө гар утсаараа бичжээ.

Гурван жилийн турш энэ бичлэгийг устгаагүй хадгалж чадсан энэ хүнд сөгдөн мөргөхөд ч багадана. Учир нь энэ бичлэг бол осол гарсан газрын бүдүүвч зургийг үнэн мөнөөр нь гаргаагүйг нотлох баримт юм. Мөн нэвтрүүлгийн дараа хэргийг Төв аймгийн прокуророос салгаж нийслэлд авчирчээ. Энэ хэргийн араас прокурор гурав дахь удаагаа хэрэгсэхгүй болгосны дараа үнэн мөнийн араас ямар ч үнэ төлбөргүйгээр цуцалтгүй явж ажиллаж байгаа Р.Булгамаа ахлагчтай хуульчдын багт чин сэтгэлээсээ баярлаж амжилт хүсч байгаагаа үүгээр уламжилья.

13 настай охин буудалд амиа алдсан хэргийг гадны нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт гарчихаад байхад мөн л манай студид ирж "Цензургүй яриа" нэвтрүүлгээр ноцтой баримтуудыг олонд дэлгэж байсан билээ. Р.Булгамаа маань хэргийн араас явж хөөрхий охиныг гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан, алуурчид алсан болохыг тогтоож өгсөн билээ. Удахгүй шүүх хурал нь болно. Үнэн ялдаг жамтай. Тиймээс нэг гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс минь энэ хэргийн талаар өөр мэдэх харсан үзсэн бол үнэний төлөө гэрч болж, эсвэл хийсэн бичлэг байвал мөн авчирч өгч туслалцаа үзүүлнэ үү” хэмээжээ.

Бичлэгийг энд дарж үзнэ үү. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энэ гэр бүлд туслаарай харсан үзсэн бүх хүмүүс шударгаар хэлж туслаж байгаад иргэд бид ч баярлаж бна өөр баримт байвал бүр л сайн хөөрхий дөө энэ гэр бүлд гүн эмэгнэл илэрхийлж байгаа шүү
2018/09/24 64.119.18.67