УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд хаалттай хуралдлаа. Үүний дараа хаалттай хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
-Танай намын бүлгийн хаалттай хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ. Ээлжит бус чуулган хоёр хоногийн дараа хуралдана гэж байна. МАН оролцох уу ?
-Ер нь бид нарын байр суурь тодорхой байгаа. Эрх барьж байгаа АН ирцээ бүрдүүлээд ачаагаа үүрээд хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй. АН эхлээд ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна.
-УИХ-ын дарга захирамж гаргаад ээлжит бус чуулган зарласан бол гишүүд хуулиа бариад оролцох ёстой юм биш үү?
-Ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ-дахь нам эвсэлийн бүлэгтэйгээ, олонхи цөөнхитэйгээ зөвшилцөж байж, ямар асуудал хэлэлцэх вэ гэдгээ тодорхойлж, ойлголцож байж ээлжит бус чуулганы зарлах ёстой. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Тав дахь өдөр УИХ-ын дарга гэнэт ээлжит бус чуулган зарласан. Ээлжит чуулганаар хэлэлцэж дийлдэггүй асуудлыг энэ хэдхэн хоногийн хугацаанд хэлэлцэх гэж байгаа нь хэтэрхий хүч түрсэн арга хэмжээ л гэж үзэж байгаа.
-Шадар сайдад Н.Энхбаярыг МАН-ын бүлэг дэмжинэ гэсэн байр суурь хэвээрээ байгаа юу?
-Бид 2012 оноос томилогдож байгаа сайд нарыг бүгдийг нь дэмжиж байсан. Бидэнд эсэргүүцэж байсан тохиолдол байхгүй. Дараагийн орж ирэх сайд хэн ч байсан дэмжээд л явна.
-Цагаан сарын өмнө МАН-ын дарга М.Энхболд МАН, МАХН хоёр нэгдэх нь цаг хугацааны асуудал гэж байсан. Танай хоёр нам ирэх сонгуульд хамтарч оролцох уу?
-Тэр талаар одоо ярихад хэцүү л байна.
Б:Анх