МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар өчигдөр мэдээлэл хийж, эрх баригч намууд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж байж ээлжит бус чуулганыг эхлүүлэх ёстойг сануулсан. Шадар сайдын томилгоо, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлбэл дэмжих үү гэсэн сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга С.Бямбацогт “Шадар сайдыг оруулж ирэх асуудал бол эрх барьж байгаа АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн асуудал. Ямар хүнээ сайд болгож ачаа үүрүүлэхийг эрх баригчид шийднэ. Энэ асуудалд бид хөндлөнгөөс оролцох боломжгүй. Өнгөрсөн чуулганаар зургаан сайдад нэр дэвшигчийг манай бүлэг дэмжиж, ажлаа хийсэн шиг хийх үүрэг даалгавар өгч, хийж чадахгүй бол хариуцлага тооцно гэдгээ сануулсан. Үүнтэй адил эрх баригч намууд хоорондоо ойлголцож зөвшилцөөд Шадар сайдад хэнийг нэр дэвшүүлнэ, түүнийг дэмжинэ. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийг мөн дэмжинэ. Н.Энхбаярыг Шадар сайдаар оруулж ирэхэд нь МАН-ын бүлэг татгалзаад байх зүйлгүй. Хэрвээ оруулаад ирвэл бид дэмжээд явна” гэсэн хариулт өгсөн. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл хийх үеэр Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох эсэх асуудал яригдаж байгаа. Энэ талаар өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү? гэсэн сэтгүүлчийн асуултанд "Хоёрдугаар сарын эхээр АТГ-руу холбогдох хуулийн дагуу ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар бичиг хүргүүлсэн. АТГ-аас ажлын 10 өдрийн дотор хариу өгөх ёстой. АТГ-аас албан ёсны хариу ирсний дараа тодорхой мэдээлэл өгнө" гэсэн байна.
Засгийн газар Н.Энхбаярын асуудлаар АТГ-т ханджээ
2016-02-16 12:32:00