Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал өнөөдөр /2018.07.05/ болов. Хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар болжээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг байна. Дээрх саналыг гаргах болсон шалтгаан нь иргэдийн гомдолтой холбоотой аж.
Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог бөгөөд эргээд хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын нуруун дээр ирдэг гэдгийг хуралд оролцсон мэргэжлийн хяналтынхан онцолж байв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Сая гаран хүнтэй нийслэлд зөвхөн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газар 800 гаран байна гэж байна. Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэв наймдугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өгөх ёстой. Зөвшөөрөл өгсөн хүмүүст ч хариуцлагын асуудал яригдах байх. Бид хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Одоо сануулахгүй, үйл ажиллагааг нь зогсооно. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс үйлдвэрлэгч нь ажиллаж, чадахгүй нь болих хэрэгтэй" гэв.