8o
Улаанбаатар хот
mobile menu

79 дүгээр сургуулийн захиралд хариуцлага тооцохоор болж, Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэлсэн өдөр

2018-06-20 18:45:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэж байна. 

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр, "АТГ-аас ирүүлсэн хариуг үзээд үнэхээр харамсч байна. Би бодож байна. Ийм тодорхой баримтыг Солонгос, Японд хаасан бол ард түмэн нь нэг цаг ч тэвчихгүй. Тийм бол Хөгжлийн банк, Чингис, Самурай бонд, Төмөр замын хэрэг ч замхрах нь. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, улсын наадмаас илүү энэ асуудал Монголын хувь заяатай холбоотой. 60 тэрбумтай холбоотой асуудлаар бичлэгт байгаа гурван хүн, Доржзодов, шинжээч нарыг оролцуулж нээлттэй сонсгол хийх болно. Би УИХ-ын дарга М.Энхболдод албан тушаалаасаа татгалзах шаардлагыг өөрт нь хүргүүлнэ. УИХ-ын даргын ажлыг хийх ёс зүйгүй хүн гэж би үзэж байна.  Тиймээс албан тушаалаасаа огцроод шалгуулах хэрэгтэй" гэлээ.

Х.Баянмөнх: ХЗДХЯ-ны ТБНД Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтарч байна

Дархан аварга Х.Баянмөнх АТГ-д гомдол гаргасан байна. Тэрбээр гомдлоо өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ингэхдээ "Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Хөндлөнгийн хяналтгүй, ганц эмч сувилагчийн мэдэлд байдаг боллоо. Энэ байдал удаж байна. Допингийн Эсрэг Төвийн захирал, эмч, дээж авагч, хянагч тэргүүтэй хүмүүс бөхчүүдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс мөнгө авч хууль бус бизнес хийдэг, шинжилгээ авч дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн ямар ч хяналтгүй хийдэг, допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг хууль бус ажиллагаа хэрээс хэтэрч байгаа тул дээрх хүмүүсийг шалгуулж, хариуцлага тооцуулахаар хандаж байна.

Дээрх хүмүүс нь ах дүү, эхнэр нөхөр, хамаарал бүхий хүмүүс байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйгээс гадна, дээрх хууль бус үйл ажиллагаагаа хөндлөнгийн хяналтгүй гүйцэлдүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал Допингийн Эсрэг Төвийн  гүйцэтгэх захирал нь “Аварга” Дээд Сургуулийн орлогч захирал Г.Сүхбат, их эмч нь Г.Сүхбатын шавь Д.Энхсанаа, хянагч нь Д.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн дүү Хайдавдорж, дээж авагч нь мөн энэ хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байна. Эдгээр хүмүүс бөхчүүдээс шээснээс чинь допинг илэрсэн, зарлалаа гэж мөнгө нэхдэг, мөнгө өгсөнгүй гэж олон нийтэд зарладаг, худал дүгнэлт гаргаж, шинжилгээний хариуг сольж,  ид барилдах насан дээрээ байгаа олон залуучуудын амьдрал, нэр хүнд, хувь заяагаар тоглож байна. Миний бие үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн цагаасаа эхлэн бүх насаараа өнөөдрийг хүртэл допинг гэдэг зүйлийн эсрэг байсан. Допинг бол Монгол үндэсний бөхөд байж боломгүй, Монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх хор, хөнөөлтэй зүйл юм.

Бөхчүүдээс допингийн шинжилгээ авах эрхийг олж авсан энэ байгууллага нь ах дүү, эхнэр нөхөр, хамаатан садан, хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй  хүмүүс байж болохгүй. Олон жилийн турш бөхчүүдээс хаалттай, далд, ил тод биш, шударга биш, эргэлзээтэй нөхцөлд байдалд шинжилгээ авч, хуурамч дүгнэлт гаргаж, жинхэнэ дүгнэлтийг өөрчилж, шинжилгээний хариугаар нь шантаажилж мөнгө нэхдэг, хариуг нь нуун дарагдуулдаг болсныг Монголын ихэнх бөхчүүд мэддэг, хоорондоо ярьдаг болсон байна.  Монгол бөхчүүдийг талцуулан хувааж, өөрийн  эзэнд таалагдахгүй байгаа бөхчүүдийг допингчин болгож, хувь заяа, хөдөлмөр, нэр төрөөр нь тоглох аюултай хэрэгсэл болжээ. Допингийн эсрэг төвийн удирдлага, ажилчид, албан хаагчид нь нэг нэгнээсээ, нэг дээд сургуулиас, нэг дархан аваргаас хамааралгүй байж шударга, хараат бус ажиллаж чадна. Ашиг сонирхлын зөрчилтэй гэр бүл, багш шавь, төрөл садангийн хүмүүс нийлж хуурамч дүгнэлт гаргаж, бөхчүүдийг шантаажилж, мөнгө нэхэж, шинжилгээний хариуг өөрчилж байгаа үйлдлийг миний бие эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна.Иймд Допингийн Эсрэг Төвийн үйл ажиллагааг шалгуулахын хүслээ" гэв. 

- ЯС ҮНДЭСЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА-

Тэрбээр мөн 

Одоо даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг арга хэрэгсэл болж байна. Үүнээс болж энэ жилийн үндэсний их баяр наадмаар ямар нэгэн асуудал дэгдэх шинж ажиглагдаж эхэллээ. Бөхийн салбар комиссын дарга Г.Баясгалан төрийн цагдааг ашиглан наадам хийх гэж байна. Наадмын үеэр ямар нэгэн үймээн гарвал хариуцлагыг Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нар хариуцаарай. Яс үндэсээр ялгаварлан гадуурхаж болохгүй. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд шинжилгээ өгөхөд допинг гараагүй. Гэтэл наадмын дараа дахин шинжилгээ авсан нь хардлага төрүүлж байна. Хуучин бөхийн холбоо хуралдаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байдаг. .

Одоогоор 14 хүнээс допинг илэрсэн гэх мэдээ бий. Гэтэл бөхийн холбоо таван хүнээс илэрсэн гэж, 9 хүнийг алга болгочихлоо. Энэ ямар учиртай нь сэжиг төрүүлж байна. Допингийн шинжилгээг авахдаа хөндлөнгийн хяналтгүй авдаг. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг хохироох, заримынх нь сэтгэл санааг унагах, наадмын өмнөх бэлтгэлийг хүчгүйдүүлэх, нэр төрийг нь гутаах зэрэг үйлдлүүд допингоор далимдуулж явагдаж байна. Томоохон цолтнуудад хүндрэл ч учруулж мэдэхээр байна өнөөдрийн энэ байдал. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Допинг хэрэглэсэн нь илэрсэн бөхчүүд шүүхэд хандаад ялалт байгуулсан гэдэг нь үнэн үү? 

- Тийм. Хоёр бөх шүүхэд хандаад ялалт байгуулсан. Баяр наадмын тухай хуулинд улсын баяр наадмын сүүлийн 16 -т үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан. Гэтэл энэ хоёр өнгөрсөн жилийн наадамд допингийн шинжилгээ өгөөл гараагүй. Тийм байтал саяхан зүгээр явж байхад нь барьж аваад допинг илэрлээ гэж зарласан. Тиймээс энэ хоёр бөх шүүхэд хандан ялсан. Шүүхээс Бат-Орших, Даш хоёрыг Улсын байр наадам, Цагаан сарын барилдаанд барилдах эрхтэй гэж заасан. Гэтэл хуучин холбооны нөхдүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байна. ТББ-ийн шийдвэрээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болдог юм уу. 

- Та сая "Бид эвлэрэхэд бэлэн" гэж хэлсэн. Эвлэрэхэд яг юу саад болоод байна вэ? 

- Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ хоёр эвлэрэхийг зөвшөөрөхгүй байна. Бусад нь эвлэрэхэд санал нэгдсэн. Бид хуралдаад эвлэрэхээр болсон. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Рагчаа нар эвлэрэлийн гэрээ байгуулаад гарын үсгээ зурах гэсэн ч Б.Бат-Эрдэнэ утсаар яриулаад болиулсан. Г.Баясгалан гэх хүн мөн над руу агсамнасан. Тэр хүн "Та нартай, наргүй төр наадмаа хийнэ" гэсэн. Цагдаагийн хүчээр наадмаа хийнэ гэсэн үг л дээ. Гарын даа, хөлийн цэц, засуулгүйгээр яаж барилдаан болох юм. 

Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэлжээ

Авто тээврийн үндэсний төвийн газрын дарга З.Айдосын мэдээлснээр өнөөдрөөс Замын-Үүд-Эрээний боомт нээлттэй, хэвийн ажиллаж эхэлжээ.

Замын-Үүдээр тээвэр хийдэг УАЗ 469 маркийн автомашинуудыг техникийн бүрэн бус байдал, өнгө үзэмж зэрэг асуудлуудаар БНХАУ-ын Эрээн хотын захиргаанаас удаа дараалан сануулга өгч байгаад өчигдөр 19 жолоочийг нэвтрүүлэх боломжгүй гэснээс тэд эсэргүүцэн хил хааж жагсаад байсан юм. Үүнээс болж хил гарах гэсэн иргэд олон цагаар саатсан байсныг Хил хамгаалах ерөнхий газар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран хил гаргасан байна.

Хил хааж жагсаж, эсэргүүцэл үзүүлсэн зарим жолоочийг цагдаагийн ажилтнууд Сайншанд суманд аваачин саатуулаад байгааг баттай эх сурвалж хэллээ. Хилийн цаана байсан зарим иргэн олон улсын галт тэргээр Улаанбаатарт ирсэн тухай мэдээлэл байна.

Хүүхдүүдийн 94 хувь нь эцэг, эхтэйгээ цуг байхдаа гэмт хэргийн хохирогч болжээ

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга Энхбаатар тоон мэдээлэл танилцууллаа. Тэрээр “Сүүлийн үед сошиалаар хүүхдийн эрх зөрчигдсөн, амь нас нь хохирсонтой холбоотой мэдээлэл их явж байгаа. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 887.639 өрх амьдарч байгаа. 18 нас хүртэлх 1.027.000 хүүхэд Монгол Улсад байна. Зорилтот бүлгийн буюу анхаарал халамж шаардлагатай хууль ёсны эцэг эхийн хараа хяналтаас гадуур амьдардаг хүүхдийн тоо 2017 оны эцсийн байдлаар 3553 өнчин хүүхэд, нийтдээ 21 байгууллагын 31 асрамж, халамжийн байгууллагад 1019 хүүхэд амьдарч байна. 

2017 онд 1700 орчим хүүхэд ямар нэгэн байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон бол 1066 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн 127 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан статистик тоон мэдээлэл бий. Үүний 50 орчим хувь нь зам тээврийн ослын улмаас гэр бүлээрээ явж байгаад амь насаа алдсан байна.

2017 онд Монгол Улсын хэмжээнд хурдан морины 394 уралдаан зохион байгуулагдсан. Давхцаагүй тоогоор 10495 унаач хүүхэд энэ уралдаанд оролцсон. 629 хүүхэд мориноос унаж, 169 хүүхэд хөнгөн, хүнд зэргийн гэмтэл авч, 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан. Өнгөрсөн онд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл 187 гарсан. Энэ нь эцэг эхийн хараа хяналт сул байсантай холбоотой гэж дүгнэж болохоор байгаа. 2014-2016 оны шүүхээр шийдэгдсэн нийтдээ 80 хавтаст хэрэгт анализ хийлгэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 76 хувь нь төрсөн эцэг эхтэйгээ амьдарч байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, 18 хувь нь хойд эцэг, эхтэйгээ амьдарч байгаад хохирогч болсон, нийт дүнгээр 94 хувь нь эцэг, эхтэйгээ байж байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна. Энэ тоо 4 жилийн өмнө ийм байсан бол одоо ямар байгаа вэ гэдэгт дахин судалгаа хийсэн. 

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн тоо 59 байж магадгүй гэсэн дуудлага мэдээлэл манайд ирэн хяналтад аваад ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ тоо 68 болсон" гэв. 

Эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд автах нь ихэсчээ

Эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд автах нь ихэссэн байна.  Төрсний дараа сэтгэл гутралаас болж галзуурах, хоол унднаас гарах, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг шинэ ээжүүдэд их анзаарагдаж мэдрэгддэг аж. Тухайлбал, сүүлийн 5 жилийн хугацаанд төрсний дараах солиорол эмгэг гэсэн оноштойгоор СЭМҮТ-д 21 ээж эмчлүүлсэн байна. Харин энэ он гарсаар нярай хүүхдээ хөнөөсөн зургаа, нярайгаа хаясан гэх гурван хэрэг бүртгэгджээ.Энэ хэргүүд бүгд төрсний дараах сэтгэл гутралтай холбоотой байж болзошгүй гэнэ. 

Тэгвэл энэ сарын 01-нд эсэн мэнд амаржиж, эрүүл саруул хүүхэд төрүүлсэн эх ЭХЭМҮТ-ийн 3 давхраас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг төрсний дараах сэтгэл гутралд автаж ийм үйлдэл гаргасан байх гэж мэргэжлийнхэн үзэж байгаа юм байна.  Мөн ар гэрийнхнийхаэн зүгээс  ямар нэгэн дарамт шахалт, асуудал байгаагүй онцолжээ. 

Ч.Хүрэлбаатар: АмЧамын захианд туссан саналыг хүлээж аваагүй

асгийн газрын хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж, дахин УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Уг хуулийн төслийг Татварын багц хуулийн төслийн хүрээнд өмнө нь УИХ-д өргөн мэдүүлсэн хэдий ч Засгийн газарт буцаагдсан юм. Тодруулбал, гишүүдийн зүгээс уг хуулийн төсөлд Оюутолгойд ээлтэй хэд хэдэн заалт орсон, АмЧамын захидлын нөлөөнд хэт автсан мөртлөө дотоодын ААН-үүдээ бодолцоогүй байна гэж шүүмжилсэн билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах хариултыг өглөө.

-“Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Камерон МакРейн гарын үсэгтэй АмЧамаас захидал гишүүдэд ирсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүдээс нэлээд шүүмжлэл хуулийн төслийг хэлэлцэх явцад гарах шиг боллоо. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-АмЧамын захиаг бид сүүлд олж авсан. Түүнд туссан бүх саналыг хүлээж аваагүй. Татвараас зайлсхийх, татварын суурийг багасгах саналууд байна гэж бид үзсэн. Монгол Улс ЕХ-ны татварын хар жагсаалтад орж байсан. Үндэстэн дамнасан том компаниуд харилцан хамаарал бүхий компаниуд хооронд шилжүүлэг хийх маягаар Монголд бага татвар төлж байна гэсэн. Үүнийг бид зөв зүйтэй гэж үзэж үндэстэн дамнасан компаниуд харилцан хамааралтай компаниуд хоорондоо зардлаа өсгөж татвараа бага төлөх нөхцөл болохыг үгүйсгэхгүй. Үүнийг хүлээж авах боломжгүй байсан. Боломжгүйгээ хэлээд байхад УИХ гишүүдэд хэлээд дэмжлэг авах гэж захидал бичсэн юм байна. Энэ нь уг хуулийн төслийг унагах шалтгаан болсон байж магадгүй. “Нэгэнт улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлсэн хэр нь хуулийн төсөл яагаад унав, хэлэлцүүлэг хийх ямар шаардлага байсан юм, УИХ гишүүдтэйгээ ойлголцоод явах байсан юм биш үү” гэсэн шүүмжлэл аж ахуйн нэгжүүдээс ирсэн. МҮХАҮТ-ийн удирдлагууд ч ирж уулзсан. Аж ахуйн нэгжийн хүлээж байсан хуулиуд зогсчихлоо, анхаарч өгөөч гэсэн учраас Засгийн газар дахин өргөн мэдүүлж байгаа юм.

-Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хумигдмал байна гэдгийг зарим гишүүн хэлж байсан. Энэ тухайд?

-Жижиг дунд бизнесийг хамгийн их дэмжиж байгаа хууль бол энэ. Үүнийг би анхнаас нь ч, хэлэлцүүлги

Н.Цэрэнбат: Цэвэрхэн наадацгаая

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдааны дундуур мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал. БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж байгаа бөгөөд энэ хүрээнд хийгдэж буй нэг ажил нь Засгийн газрын дээрх шийдвэр. Хандлагаа өөрчилье санаачилгын хүрээнд хийж буй дээрх аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд олон нийт дэмжиж цэвэрхэн наадна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийхдээ "0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгалд хамгийн хор хөнөөлтэй. Ингэснээр цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогоо эхлүүлж байна. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал. 10 сарын өмнө мэдэгдэж байгаа учир одоо байгаа нөөцөө дээрх хугацаанаас өмнөх дуусгах ёстой" гэлээ. Мөн БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж байгаа бөгөөд энэ хүрээнд хийгдэж буй нэг ажил нь Засгийн газрын дээрх шийдвэр гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлэв. Засгийн газраас гаргаж буй тогтоолд Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг импортлох, үйлдвэрлэхийг хориглож байгаа юм байна.

Д.Сумъяабазар: Тавантолгойн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ руу яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр боллоо. Тавантолгойн бүлэг ордыг эргэлтэд оруулснаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө, цаашлаад үүнийг дагаж дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх давуу талтай. Тавдугаар сарын 28-нд УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн зургадугаар сарын 14-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төслийг танилцуулан дэмжлэг авсан. Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар яаралтай дэгээр хэлэлцэн шийдвэрлүүлэхээр боллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

- Тавантолгойн орд газрыг ямар хувилбараар хөдөлгөх шийдвэр гарсан бэ?

-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд тодорхой заасан. Тавантолойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Эрдэнэс Тавантолгой компани 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын 50 хувь. Үүний 10 хувь нь аж ахуйн нэгж, 20 хувь нь иргэд дээр, 20 хувийг нь дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэж тусгасан. Тиймээс үүнийг үндэслэн энэ хувилбараар явуулахаар боллоо. Дэлхийн нийтэд нүүрсний бизнесийг дэмжих хандлага багасч байна. Нүүрсний бизнесийг дэлхийн томоохон банкууд санхүүжүүлэхгүй байх тогтоол шийдвэрүүд гарсан.  Ер нь Тавантолгойн нүүрсийг их хэмжээгээр экспортод гаргахын тулд  дэд бүтцийг яаралтай шийдэх, төмөр зам, авто зам, усан хангамжийн асуудлыг яаралтай шийдэх ажлуудыг тогтоолд оруулж байгаа. Зам тээвэр, Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Сангийн яам, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойн мэргэжилтнүүд гээд 40-өөд хүн хамтраад төслийг боловсруулсан. Үүнд усан хангамж, уурхайн нөөцийн шинэчилсэн төсөл, уурхайн ТЭЗҮ-ийг шинэчлэх, баяжуулах үйлдвэрийн төслийг давхар бэлдэж байгаа. Тавантолгойн Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой-Зүүн баянгийн авто зам, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ТЭЗҮ-ийг тус тусад нь боловсруулж байна. Эрчим хүчний хэрэглээний эх үүсвэр дээр Тавантолгойн бүлэг орд дээр суурилан 450 мегабайтын хүчин чадалтай цахилгаан станцын төслийг боловсруулж байна.

-Төсөл хэзээнээс хэрэгжиж эхлүүлэхээр төлөвлөж байгаа вэ. Хаврын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдчихээд байхад олон жил гацсан асуудлыг хэлэлцэж амжих уу?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил их хүлээлттэй байсан. Үе үеийн Засгийн газар л хөдөлгөх гэж хичээж ирсэн. Гэтэл улс төрийн шалтгаанаар дэмжээгүй, ажил хэрэг болж чадаагүй. Дотоодын ойлголцолгүй байдлаас болж Тавантолгой компани өрөнд орж, хүнд нөхцөлд ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар Тавантолгой компани өрөө дарж, тодорхой хэмжээнд ашигтай ажиллаж байна. Бид 10 жилийн гацааг 180 хоногт бэлдээд олон улсын хөрөнгийн зах зээл рүү гаргах ажлаа эхлүүлнэ. Он дуустал бидэнд дахиад зургаан сарын хугацаа байна. IPO гэдэг бол засаглалаа сайжруулах, ил тод байх, Монгол Улсын нэр хүнд олон улсад өсөх, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх гээд маш олон эерэг үр дагаврыг бий болгоно гэж бодож байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөр энэ асуудлыг оруулаад ирэх долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ.

-Ерөнхийлөгч энэ төслийг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг өөрөө санаачилж байсан. Ялангуяа олон улсын Хөрөнгийн биржээс хөрөнгө босгох нь эдийн засагт олон эерэг үр дүн гаргана. Төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрыг ашигтай ажиллаж чадна гэдгийг харуулна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд Тавантолгойн төслийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг дээр нэгдмээр байр суурьтай байгаа.

-Тавантолгойн бүлэг ордын үнэлгээг хэрхэн тогтоож байгаа вэ?

-2010 онд хийсэн үнэлгээгээр Тавантолгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан. Нийт ордын нөөцийг 7.4 тэрбум тонны нүүрс гэж үзсэн. Үүний 5.1 тонн нь коксжих нүүрстэй гэсэн үнэлгээ гарсан. Долоон жилийн өмнө хийсэн энэ үнэлгээг дахин шинэчлэх ёстой. УИХ-аар хэлэлцүүлсний дараа олон улсын хөрөнгө оруулалтын банкуудтай уулзана. Эрдэнэс Тавантолгойг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахад ямар үнэлгээ өгөх вэ гэдгийг харна. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн бирж дээр бидэнд ямар үнэ, боломжийг санал болгох вэ гэдгийг харна гэсэн үг. Таван хөрөнгийн бирж тодорхой саналыг өгөөд байгаа. УИХ-аас эцсийн шийдвэр гарахаар Хөрөнгийн биржүүдтэй уулзах ажлыг яаравчилна.

Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг баталж болохгүй

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Уг хуулийг УИХ-ын зарим гишүүд болон хуульчид эсэргүүцэж байгаа юм. Учир нь уг хуульд өөрчлөлт орсноор Засгийн газар түүний харъяа агентлагууд нутгийн захиргааны байгууллагууд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гарна гэж байгаа юм.

Энэ талаар хуульч Л.Нинжбаттай ярилцлаа.

- УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ өөрчлөлтөөр иргэд болон аж, ахуй нэгжийг хохироож, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байна гэх мэдээлэл байна. Та уг хуулийн өөрчлөлттэй танилцсан уу?

- Захиргааны шүүхийг байгуулсан түүх, захиргааны эрх зүйн хөгжлийн тухай эхэлж яръя. Таван жилийн өмнө Захиргааны ерөнхий хууль,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг баталж, Захиргааны хэргийн шүүхийг байгуулж байсан. Захиргааны ерөнхий хуулийн гол ач холбогдол нь иргэд, аж ахуй нэгж төрийн албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн эсрэг шүүхэд хандахад чиглэдэг ач холбогдолтой юм. Энэ ач холбогдолын дагуу ч энэ даганасан хуулийг байгуулсан. Өнөөдөр Засгийн газраас оруулж ирж буй уг хуулийн төсөл нь Засгийн газар болон түүний харъяа байгууллагуудыг Захиргааны хэргийн шүүхийн харъяалалаас гаргаж байна.  Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон түүний харъяа төрийн захиргааны байгууллагууд иргэл, аж, ахуй нэгжүүдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан тохиолдолд хандах газаргүй болгох гэж байна. Бүхэл бүтэн шүүхийн институцийг нурааж байна. Төрийн тогтолцооны хувьд энэ нь хойш ухарч буй маш том алхам.

Иргэд, аж ахуй нэгжийн эрхийг нь богдуулсан маш том хор уршигтай зүйл болж байна. Тиймээс уг хуулийг баталж болохгүй. УИХ-ын гишүүдэд хандан уриалахад, хуулийн салбарт ухралт болсон ардчилсан бус шийдвэрийг битгий гаргаасай гэж хүсч байна. Иргэд, сонгогчдынхоо эрх, ашгийг хамгаалсан төрийн түшээ байгаасай гэж та бүхэнд уриалмаар байна.

- Иргэд болон аж, ахуй нэгжүүдийн эрхээ хамгаалах эрхийг боогдуулах гэж байна та хэллээ. Хэрвээ уг хууль батлагдвал эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчид аль байгууллагад хандах юм бэ?

- Тодорхойгүй байна. Хууль санаачлагч нь хохирсон гэх иргэдийг Үндсэн хуулийн цэцэд хандаж асуудлаа шийдүүлнэ гэж тайлбарлаж байна лээ. Тухайлбал, Яамны тендер хүчингүй болбол яах ёстой юм. Тендерийн асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэдэг байсан бол уг хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн цэцэд хандах нь байна шүү дээ. Ийм үл ойлголцсон нөхцөл байдал үүсчихээд байна. Тэгэхээр л энэ хуулийн өөрчлөлт буруу байгаа юм. Төр, захиргааны албанд ажиллаж байсан ажилчин ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан маргааныг Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэдэг байсан.

Гэтэл энэ хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэх нь. Цэц өөртөө ийм их ачааллыг хүлээж авахад бэлэн үү. Хамгийн чухал нь цэцэд харъяалагдах маргаан мөн үү. Цэц нь Үндсэн хууль зөрчсөн маргааныг шийдвэрлэдэг байгууллага. Түүнээс салбар хуулиудын маргааныг хэлэлцэж, шийдвэрлэдэг байгууллага биш.

- Засгийн газраас төрийн томоохон өмчүүдийг хувьчлах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирээд байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийг батлахаар яаравчилж байна гэх маргаан олон нийтийн дунд байна. Та үүнтэй санал нийлэх үү?

- Надад ийм хардлага байна. Хуулийн үндэслэл муутай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирж буй нь маш олон хардлагыг дагуулж байна.

Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Уг асуудлаар Засгийн газар ялагчаар үлдэхийн тулд өөрийгөө Захиргааны хэргийн шүүхээс гаргаж байна гэх хардлага байна. Мөн улсын томоохон үнэ, цэнэтэй аж, ахуй нэгжийг хувьчлах хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж байна. Хэлэлцэх явцад нь ямар нэгэн саад тотгор учрахаас сэргийлж дур зоргоороо аашлан энэ хуулийг батлах гэж байна гэх хардлага ч бас байна. Хардахаас өөр аргагүй байна.

Уг хуулийн төслийг санаачилсан санаачлагчид энэ талаар байр, суурь тайлбараа огт илэрхийлэхгүй байна. Харин ч эсрэгээрээ нууцаар маш хурдтай байдлаар батлах гэж ажиллаж байгаа юм. Энэ нь ч иргэд, хуульчдын дунд хардлага үүсгэж байгаа юм.

- Хуульчид уг асуудлаар нэгдэн ямар нэгэн ажил хийх үү?

- Эгнээндээ 5000 гаруй хуульчийг нэгтгэсэн Монголын хуульчдын холбоо энэ асуудлаар байр, сууриа илэрхийлж мэдэгдлээ гаргасан. Ард иргэд бидний гаргасан мэдэгдэлтэй танилцах хэрэгтэй юм. Хуульчид болон Захиргааны хэргийн шүүгчдийн эрх ашгийн асуудал биш. Энэ бол нийт иргэд болон аж, ахуй нэгжүүдийн эрхийг хамгаалах тогтолцооны асуудал. Тэдний эрх ашгийн асуудал энд яриад байгаа юм. Нийт захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэж буй маргааны 70-80 хувь нь үгүй болно. Тэгэхээр Захиргааны хэргийн шүүх чинь ямар ажил хийх юм бэ. Шүүхээ татан буулгах юм уу. Шүүгчдийг нь хааш нь явуулах юм. Энэ мэт маш буруу үр дагавартай. Улс төрчид мэргэжлийн хуульчдаа сонсох ёстой.

Б.БААТАРХҮҮ: Замын-Үүдэд жагсаж байгаа иргэнийг зодож гэмтээсэн асуудал гараагүй

Дорноговь аймгийн Замын-Үүдэд 69 машины жолооч нар урд хил рүү нэвтрэх зурвасыг хаасантай холбоотойгоор өнөө өглөөнөөс хойш  69 машинтай жолооч нар хоёр улсын хил дээр эсэргүүцлээ илэрхийлж байна. ятадын талаас манай жолооч нарт хандаж тухайн үйлчилгээг үзүүлэхдээ стандартын дагуу, сандал суудалтайгаа ороод норм хэмжээндээ  ачаагаа ач гэсэн шаардлага тавьсан юм байна. Харин энэ шаардлагыг эсэргүүцэж тэд ийнхүү жагсаж байгаа аж.

Жолооч  хоёр улсын хил рүү орох гарах гарцыг хааснаар  наашаа цаашаа зорчих иргэд болон тээврийн хэрэгслүүд хил дээр гацаж, хүндрэл үүсээд байгаа аж. Хөрш орны хилийн албадын зүгээс тавьсан зүй ёсны шаардлагын хариуд Монголын жолооч нар ийнхүү эсэргүүцэл илэрхийлж, иргэдэд хүндрэл учруулж, багагүй бухимдал үүсгээд байгаа. Тус үүссэн асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жолооч нар жагсаал цуглаан зохион байгуулж, үүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Энэхүү жагсаалын талаар мэдээлэл өгнө үү?

- Жагсаалын үеэр яригдаж буй асуудал яг өчигдөр буюу энэ сарын 19-ны өдөр үүсчихээгүй юм байна. Хоёр жилийн өмнөөс БНХАУ-ын хилийн албанаас Эрээн хот руу манай улсаас зорчиж байгаа автомашинуудыг өнгө үзэмж муутай, хүн тээврийн автомашинаар ачаа зөөж зориулалтын бусаар ашигладаг зэрэг зөрчлөө засах шаардлагуудыг тавьж байсан.

Харин Дорноговь аймгийн ЗДТГ-аас нутгийн иргэдийнхээ амьжиргааг дэмжих үүднээс Эрээн хотын захиргаатай удаа дараа ярилцан тохиролцож байсны үндсэн дээр ийм зөрчилтэй жолооч нарыг хил нэвтрүүлсээр байж. Гэвч энэ асуудал таслан зогсоогдохгүй, шаардлагыг нь биелүүлэхгүй байсны улмаас БНХАУ-ын талаас 17-18 жолоочийн хил нэвтрэх эрхийг хасах шийдвэрийг гаргахад өнөөдөр жолооч нар болон тэднийг дэмжсэн иргэд нийлэн 30 орчим хүн хууль бус жагсаал цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Тэдгээр иргэний төлөөллийг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан, шаардлагыг нь хүлээн авах ажиллагаа явагдаж байх үед Улаанбаатараас БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд зорчиж явсан 200 гаруй зорчигчтой 14 том оврын автобус боомтод ирэхтэй таарсан байгаа юм. Гэтэл жагсагчид эдгээр автобусыг хил нэвтрүүлэхгүй гэж замыг нь хааж зогсох, хэвтэх зэргээр хөдөлгөөнд нь хууль бусаар саад учруулж, зорчигчидтой маргаан үүсгэснийг зохицуулахаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хэв журмын хамгаалалтыг зохион байгуулж, цагдаагийн алба хаагчид, хилийн албаныхантай хамтран иргэдийг хил гаргах ажиллагааг явуулсан. Энэ үеэр жагсаал цуглаан зохион байгуулагчид цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар дорожлох зэрэг хууль бус үйлдэл гарсан. 

-Энэ үеэр нэг иргэнийг цагдаа нар зодож гэмтээсэн гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Бидэнд ирсэн мэдээллээр “Хүн тээвэрлэж явсан автобусны урдуур орж хэвтэн эсэргүүцлээ илэрхийлж байсан Х гэх 30 орчим настай иргэн миний бие муудлаа, би гэмтчихлээ” гэсний дагуу эмнэлгийн яаралтай тусламж шуурхай дуудаж үзүүлэхэд гадна харагдах ил шархгүй байсан бөгөөд нарийн шинжилгээнд хамруулж байна.

Цагдаагийн алба хаагчид иргэнийг зодож гэмтээсэн асуудал гараагүй. Хуулийн дагуу нийгмийн дэг журам сахиулж үүрэг гүйцэтгэсэн.

-Жагсаал үргэлжилж байгааг оролцогчид нь цахим орчин, фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлж байна. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Гэхдээ иргэд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиа мөрдөх хэрэгтэй.

Жагсаал зохион байгуулагчид иргэдийн зорчих эрхийг зөрчиж, улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан зүй бус үйлдэл гаргаж байна. Цаашид ийм хууль бус үйлдэл гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ЗГ: 79 дүгээр сургуулийн захиралд хуулийн арга хэмжээ авна

БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж, 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж, 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёсзүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна.

Мөн Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл