-Үндэсний их баяр наадмаар ямар нэгэн асуудал дэгдэх шинж ажиглагдаж эхэллээ-
Дархан аварга Х.Баянмөнх АТГ-д гомдол гаргасан байна. Тэрбээр гомдлоо өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ингэхдээ "Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Хөндлөнгийн хяналтгүй, ганц эмч сувилагчийн мэдэлд байдаг боллоо. Энэ байдал удаж байна. Допингийн Эсрэг Төвийн захирал, эмч, дээж авагч, хянагч тэргүүтэй хүмүүс бөхчүүдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс мөнгө авч хууль бус бизнес хийдэг, шинжилгээ авч дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн ямар ч хяналтгүй хийдэг, допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг хууль бус ажиллагаа хэрээс хэтэрч байгаа тул дээрх хүмүүсийг шалгуулж, хариуцлага тооцуулахаар хандаж байна.
Дээрх хүмүүс нь ах дүү, эхнэр нөхөр, хамаарал бүхий хүмүүс байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйгээс гадна, дээрх хууль бус үйл ажиллагаагаа хөндлөнгийн хяналтгүй гүйцэлдүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал Допингийн Эсрэг Төвийн гүйцэтгэх захирал нь “Аварга” Дээд Сургуулийн орлогч захирал Г.Сүхбат, их эмч нь Г.Сүхбатын шавь Д.Энхсанаа, хянагч нь Д.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн дүү Хайдавдорж, дээж авагч нь мөн энэ хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байна. Эдгээр хүмүүс бөхчүүдээс шээснээс чинь допинг илэрсэн, зарлалаа гэж мөнгө нэхдэг, мөнгө өгсөнгүй гэж олон нийтэд зарладаг, худал дүгнэлт гаргаж, шинжилгээний хариуг сольж, ид барилдах насан дээрээ байгаа олон залуучуудын амьдрал, нэр хүнд, хувь заяагаар тоглож байна. Миний бие үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн цагаасаа эхлэн бүх насаараа өнөөдрийг хүртэл допинг гэдэг зүйлийн эсрэг байсан. Допинг бол Монгол үндэсний бөхөд байж боломгүй, Монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх хор, хөнөөлтэй зүйл юм.
Бөхчүүдээс допингийн шинжилгээ авах эрхийг олж авсан энэ байгууллага нь ах дүү, эхнэр нөхөр, хамаатан садан, хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байж болохгүй. Олон жилийн турш бөхчүүдээс хаалттай, далд, ил тод биш, шударга биш, эргэлзээтэй нөхцөлд байдалд шинжилгээ авч, хуурамч дүгнэлт гаргаж, жинхэнэ дүгнэлтийг өөрчилж, шинжилгээний хариугаар нь шантаажилж мөнгө нэхдэг, хариуг нь нуун дарагдуулдаг болсныг Монголын ихэнх бөхчүүд мэддэг, хоорондоо ярьдаг болсон байна. Монгол бөхчүүдийг талцуулан хувааж, өөрийн эзэнд таалагдахгүй байгаа бөхчүүдийг допингчин болгож, хувь заяа, хөдөлмөр, нэр төрөөр нь тоглох аюултай хэрэгсэл болжээ. Допингийн эсрэг төвийн удирдлага, ажилчид, албан хаагчид нь нэг нэгнээсээ, нэг дээд сургуулиас, нэг дархан аваргаас хамааралгүй байж шударга, хараат бус ажиллаж чадна. Ашиг сонирхлын зөрчилтэй гэр бүл, багш шавь, төрөл садангийн хүмүүс нийлж хуурамч дүгнэлт гаргаж, бөхчүүдийг шантаажилж, мөнгө нэхэж, шинжилгээний хариуг өөрчилж байгаа үйлдлийг миний бие эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна.Иймд Допингийн Эсрэг Төвийн үйл ажиллагааг шалгуулахын хүслээ" гэв.
- ЯС ҮНДЭСЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА-
Тэрбээр мөн
Одоо даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг арга хэрэгсэл болж байна. Үүнээс болж энэ жилийн үндэсний их баяр наадмаар ямар нэгэн асуудал дэгдэх шинж ажиглагдаж эхэллээ. Бөхийн салбар комиссын дарга Г.Баясгалан төрийн цагдааг ашиглан наадам хийх гэж байна. Наадмын үеэр ямар нэгэн үймээн гарвал хариуцлагыг Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нар хариуцаарай. Яс үндэсээр ялгаварлан гадуурхаж болохгүй. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд шинжилгээ өгөхөд допинг гараагүй. Гэтэл наадмын дараа дахин шинжилгээ авсан нь хардлага төрүүлж байна. Хуучин бөхийн холбоо хуралдаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байдаг. .
Одоогоор 14 хүнээс допинг илэрсэн гэх мэдээ бий. Гэтэл бөхийн холбоо таван хүнээс илэрсэн гэж, 9 хүнийг алга болгочихлоо. Энэ ямар учиртай нь сэжиг төрүүлж байна. Допингийн шинжилгээг авахдаа хөндлөнгийн хяналтгүй авдаг. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг хохироох, заримынх нь сэтгэл санааг унагах, наадмын өмнөх бэлтгэлийг хүчгүйдүүлэх, нэр төрийг нь гутаах зэрэг үйлдлүүд допингоор далимдуулж явагдаж байна. Томоохон цолтнуудад хүндрэл ч учруулж мэдэхээр байна өнөөдрийн энэ байдал.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- Допинг хэрэглэсэн нь илэрсэн бөхчүүд шүүхэд хандаад ялалт байгуулсан гэдэг нь үнэн үү?
- Тийм. Хоёр бөх шүүхэд хандаад ялалт байгуулсан. Баяр наадмын тухай хуулинд улсын баяр наадмын сүүлийн 16 -т үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан. Гэтэл энэ хоёр өнгөрсөн жилийн наадамд допингийн шинжилгээ өгөөл гараагүй. Тийм байтал саяхан зүгээр явж байхад нь барьж аваад допинг илэрлээ гэж зарласан. Тиймээс энэ хоёр бөх шүүхэд хандан ялсан. Шүүхээс Бат-Орших, Даш хоёрыг Улсын байр наадам, Цагаан сарын барилдаанд барилдах эрхтэй гэж заасан. Гэтэл хуучин холбооны нөхдүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байна. ТББ-ийн шийдвэрээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болдог юм уу.
- Та сая "Бид эвлэрэхэд бэлэн" гэж хэлсэн. Эвлэрэхэд яг юу саад болоод байна вэ?
- Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ хоёр эвлэрэхийг зөвшөөрөхгүй байна. Бусад нь эвлэрэхэд санал нэгдсэн. Бид хуралдаад эвлэрэхээр болсон. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Рагчаа нар эвлэрэлийн гэрээ байгуулаад гарын үсгээ зурах гэсэн ч Б.Бат-Эрдэнэ утсаар яриулаад болиулсан. Г.Баясгалан гэх хүн мөн над руу агсамнасан. Тэр хүн "Та нартай, наргүй төр наадмаа хийнэ" гэсэн. Цагдаагийн хүчээр наадмаа хийнэ гэсэн үг л дээ. Гарын даа, хөлийн цэц, засуулгүйгээр яаж барилдаан болох юм.
Д.Болор