8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг баталж болохгүй

2018-06-20 09:00:00

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Уг хуулийг УИХ-ын зарим гишүүд болон хуульчид эсэргүүцэж байгаа юм. Учир нь уг хуульд өөрчлөлт орсноор Засгийн газар түүний харъяа агентлагууд нутгийн захиргааны байгууллагууд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гарна гэж байгаа юм.

Энэ талаар хуульч Л.Нинжбаттай ярилцлаа.

- УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ өөрчлөлтөөр иргэд болон аж, ахуй нэгжийг хохироож, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байна гэх мэдээлэл байна. Та уг хуулийн өөрчлөлттэй танилцсан уу?

- Захиргааны шүүхийг байгуулсан түүх, захиргааны эрх зүйн хөгжлийн тухай эхэлж яръя. Таван жилийн өмнө Захиргааны ерөнхий хууль,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг баталж, Захиргааны хэргийн шүүхийг байгуулж байсан. Захиргааны ерөнхий хуулийн гол ач холбогдол нь иргэд, аж ахуй нэгж төрийн албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн эсрэг шүүхэд хандахад чиглэдэг ач холбогдолтой юм. Энэ ач холбогдолын дагуу ч энэ даганасан хуулийг байгуулсан. Өнөөдөр Засгийн газраас оруулж ирж буй уг хуулийн төсөл нь Засгийн газар болон түүний харъяа байгууллагуудыг Захиргааны хэргийн шүүхийн харъяалалаас гаргаж байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон түүний харъяа төрийн захиргааны байгууллагууд иргэл, аж, ахуй нэгжүүдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан тохиолдолд хандах газаргүй болгох гэж байна. Бүхэл бүтэн шүүхийн институцийг нурааж байна. Төрийн тогтолцооны хувьд энэ нь хойш ухарч буй маш том алхам.

Иргэд, аж ахуй нэгжийн эрхийг нь богдуулсан маш том хор уршигтай зүйл болж байна. Тиймээс уг хуулийг баталж болохгүй. УИХ-ын гишүүдэд хандан уриалахад, хуулийн салбарт ухралт болсон ардчилсан бус шийдвэрийг битгий гаргаасай гэж хүсч байна. Иргэд, сонгогчдынхоо эрх, ашгийг хамгаалсан төрийн түшээ байгаасай гэж та бүхэнд уриалмаар байна.

- Иргэд болон аж, ахуй нэгжүүдийн эрхээ хамгаалах эрхийг боогдуулах гэж байна та хэллээ. Хэрвээ уг хууль батлагдвал эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчид аль байгууллагад хандах юм бэ?

- Тодорхойгүй байна. Хууль санаачлагч нь хохирсон гэх иргэдийг Үндсэн хуулийн цэцэд хандаж асуудлаа шийдүүлнэ гэж тайлбарлаж байна лээ. Тухайлбал, Яамны тендер хүчингүй болбол яах ёстой юм. Тендерийн асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэдэг байсан бол уг хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн цэцэд хандах нь байна шүү дээ. Ийм үл ойлголцсон нөхцөл байдал үүсчихээд байна. Тэгэхээр л энэ хуулийн өөрчлөлт буруу байгаа юм. Төр, захиргааны албанд ажиллаж байсан ажилчин ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан маргааныг Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэдэг байсан.

Гэтэл энэ хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэх нь. Цэц өөртөө ийм их ачааллыг хүлээж авахад бэлэн үү. Хамгийн чухал нь цэцэд харъяалагдах маргаан мөн үү. Цэц нь Үндсэн хууль зөрчсөн маргааныг шийдвэрлэдэг байгууллага. Түүнээс салбар хуулиудын маргааныг хэлэлцэж, шийдвэрлэдэг байгууллага биш.

- Засгийн газраас төрийн томоохон өмчүүдийг хувьчлах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирээд байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийг батлахаар яаравчилж байна гэх маргаан олон нийтийн дунд байна. Та үүнтэй санал нийлэх үү?

- Надад ийм хардлага байна. Хуулийн үндэслэл муутай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирж буй нь маш олон хардлагыг дагуулж байна.

Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Уг асуудлаар Засгийн газар ялагчаар үлдэхийн тулд өөрийгөө Захиргааны хэргийн шүүхээс гаргаж байна гэх хардлага байна. Мөн улсын томоохон үнэ, цэнэтэй аж, ахуй нэгжийг хувьчлах хөтөлбөрийг батлахаар хэлэлцэж байна. Хэлэлцэх явцад нь ямар нэгэн саад тотгор учрахаас сэргийлж дур зоргоороо аашлан энэ хуулийг батлах гэж байна гэх хардлага ч бас байна. Хардахаас өөр аргагүй байна.

Уг хуулийн төслийг санаачилсан санаачлагчид энэ талаар байр, суурь тайлбараа огт илэрхийлэхгүй байна. Харин ч эсрэгээрээ нууцаар маш хурдтай байдлаар батлах гэж ажиллаж байгаа юм. Энэ нь ч иргэд, хуульчдын дунд хардлага үүсгэж байгаа юм.

- Хуульчид уг асуудлаар нэгдэн ямар нэгэн ажил хийх үү?

- Эгнээндээ 5000 гаруй хуульчийг нэгтгэсэн Монголын хуульчдын холбоо энэ асуудлаар байр, сууриа илэрхийлж мэдэгдлээ гаргасан. Ард иргэд бидний гаргасан мэдэгдэлтэй танилцах хэрэгтэй юм. Хуульчид болон Захиргааны хэргийн шүүгчдийн эрх ашгийн асуудал биш. Энэ бол нийт иргэд болон аж, ахуй нэгжүүдийн эрхийг хамгаалах тогтолцооны асуудал. Тэдний эрх ашгийн асуудал энд яриад байгаа юм. Нийт захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэж буй маргааны 70-80 хувь нь үгүй болно. Тэгэхээр Захиргааны хэргийн шүүх чинь ямар ажил хийх юм бэ. Шүүхээ татан буулгах юм уу. Шүүгчдийг нь хааш нь явуулах юм. Энэ мэт маш буруу үр дагавартай. Улс төрчид мэргэжлийн хуульчдаа сонсох ёстой.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл