8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос худалдаалахаар болж, Замын-Үүдэд жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсэн өдөр

2018-06-19 18:40:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах сонин ажлын эхний өдрийн “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. 

Ж.Батзандан: С.Зориг агсны гэргий Б.Булганаас ноцтой захидал ирсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын эрх мэдлийг хэтрүүлсэн заалтыг оруулж буйг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Мөн С.Зориг агсны гэргий Б.Булганаас ирсэн захидал болон Банкуудыг дахин санхүүжүүлэх хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Засгийн газрын дураараа загнахыг хүлээн зөвшөөрөхгүй 

Тэрбээр мэдээллийн эхэнд “Өнгөрсөн долоо хоногт Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эрх баригч нам өргөн барьсан. Захиргааны ерөнхий хуулиас Захиргааны шүүхийн хяналтаас Засгийн газар түүний харъяа байгууллагууд орон нутгийн байгууллагуудыг гаргах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь ардчиллаас ухарсан алхам болсноос гадна хүнийг эрхийг уландаа гишгэсэн хуулийн төсөл болсон. Засгийн газар Засгийн газрын байгууллагуудын дураараа авирлах боломжийг олгох байна гэж бид харж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн турш  миний бие Монголын урдаа барих хуульчидтай мөн  Захиргааны эрхзүй болон Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэшсэн хуульчидтай уулзаж тус хуулийн төслөөр санал солилцсон. Хэрвээ Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг байхгүй болгох гэж Захиргааны шүүхийг ажилгүй болгох гэж байгаа бол Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудыг хууль дээдлэх зарчмаас гадуур дураараа авирлах гэж байгаа бол хүний эрхийн эсрэг ухралт болно. Тус хуулийн төслийг оруулж ирсэн Засгийн газрын нөхдүүд ялангуяа хуульзүйн сайд, ЗГХЭГ-ын даргад хандан хэлэхэд 1992 оны Үндсэн хуулиар төрөлжсөн шүүх байгуулж болно гэсэн заалтыг анх удаа оруулж ирсэн. Төрөлжсөн шүүхийг байгуулах хүрээнд 2004 онд  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж Захиргааны шүүхийг анх удаа байгуулсан түүхтэй. Ингэснээр Захиргааны байгууллагуудыг Захиргааны болон Засгийн газрын байгууллагуудын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох , хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг  түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг Захиргааны хэргийн шүүхэд олгосон.  2004 оноос хойш Захиргааны шүүх сайн ажиллаж байгаа гэж би дүгнэнэ. Засгийн газрын дураараа загнахыг таслан зогсоож чадаж байгаа гэж харж байна. Алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр алдаа оноог нь засах гэж байгаа гээд Захиргааны шүүхийг буулгах, тус шүүхийг хүчгүйдүүлэх гэсэн Засгийн газрын дураараа загналтыг  дэмжсэн ийм хуулийн төслийг яавч оруулж ирж болохгүй. Хэрэв энэ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Монгол Улсад дарангуйлал тогтоно. Засгийн газар болон түүний харъяа бүх байгууллагын шийдвэрүүд хяналтаас гарна. Үүнийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч болохгүй" гэлээ. 

Харин банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлаар тэрээр "500 гаруй тэрбум төгрөгийг нөхцөл  байдал нь хүндэрсэн хэдэн банкинд хувааж өгөх асуудал яригдаж байгаа. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран  хийх гэсэн оролдлого гэж би харж байгаа" гэлээ. 

Б.Булган С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэгдэх гурван хүнийг танихгүй гэсэн

С.Зориг агсны гэргий Б.Булган Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон Хууль зүйн дэд сайд, Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд захидал хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Энэ захидал нууц захидал биш ээ. Удахгүй хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд ил болгоно. Уг захидалд Б.Булган буюу С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч нь одоо ял аваад буй гурван хүнийг танихгүй гэж бичсэн байсан. Хэзээ ч энэ гурван хүнийг харж байгаагүй гэж захидалдаа бичсэн байна. Өөрөөр хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өгчээ. Амгаланбаатар гэх этгээд би 16 настайдаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн юм гэж мэдүүлж байжээ. Гэтэл зөвхөн Амгаланбаатар гэх хүний мэдүүлгээр хоёр хүн шоронд хоригдож байна. Энэ талаар ярьсан УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлэх дарамтлах ойлголтыг хууль хяналтын байгууллагаас удаа дараа хийж байна. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил мөн" гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-    Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн гэж та хэллээ. Тэр заалтыг танилцуулна уу?

-    Захиргааны ерөнхий хуульд  хоёр өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, уг хуулийн 3.1.1-т Монгол улсын Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нийтийн захиргааны шийдвэр үйл ажиллагааг захиргааны шүүхийн хяналтаас гаргах гэсэн найруулга орж байна. Мөн 5.5.1 заалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нутгийн захиргааны бусад байгууллагыг захиргааны хэргийн шүүхээс гаргахаар оруулж ирж байна. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийг дагалдан өргөн баригдсан хуулийн 2 дугаар зүйлд мөн тодорхой өөрчлөлт орж байна. Энэ хуульд өөрчлөлт орсноор Засгийн газар түүний харъяа агентлагууд нутгийн захиргааны байгууллагууд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гарах нь. 1992 оны Үндсэн хуулийн хамгийн том ололт нь захиргааг хяналтад оруулсан үйлдэл байв. Засгийн газар болон захиргааны дураараа авиралтыг хуулиар хязгаарлаж шүүхээр хянуулж өгсөн явдал юм. 

-    Б.Булганы захидал яг хэзээ Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон бусад гишүүдэд ирсэн бэ? 

-    Б.Булганы захидал долоо хоногийн өмнө дээрх хүмүүст ирсэн. Захидалд ноцтой олон асуудал бий. Хууль хяналтын байгууллагад захидлыг хүргүүлсэн. 

-    Арилжааны банкуудыг дахин санхүүжүүлэх хуулийн төслөөр яг ямар банкийг санхүүжүүлэх гээд байгаа вэ. Аль банкийг хэдэн төгрөгөөр санхүүжүүлэхээр яригдаж байна? 

-    Энэ асуудлыг нууцаар оруулж ирсэн. Тиймээс энэ талаар ярих боломжгүй. Ямартай ч 500 гаруй тэрбум төгрөгөөр дахин хөрөнгөжүүлэх, хөрөнгөжүүлэхдээ бэлэн мөнгө эсвэл хувьцаа хэлбэрээр хөрөнгөжүүлэх хоёр асуудлыг ярьж байгаа. Эрх баригчид энэ хуулийг бүх улсад байдаг сайн хууль хэмээн тайлбарлаж байна. Гэтэл тийм биш. 30 хувийн хүүтэй банкууд хэзээ ч дампуурдаггүй юм. Нэг хувийн хүүтэй зээл олгодог Японы банкууд дампуураагүй байна. 

Өнөөдрөөс эхлэн маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй боллоо

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн гаргаж буй "Монгол хэлний зав бичих дүрмийн журамласан толь" -ийн нээлт өнөөдөр боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн ёслолын үеэр "Монгол Улс 1941 оноос крилл бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн хэдий ч зөв бичих, үгсээ журамлах асуудал нэлээд хожуу эхэлж, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд анх журамлаж байв. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч нэгдсэн байдлаар дахин журамлаагүй юм. Харин өнөөдөр 38 мянган үгийг журамлаж, шинээр хэвлэн гаргалаа.

Энэ бол хэн нэгний үзэл бодол, хувийн байр сууринаас үл хамаарч, Монгол хэлний журамласан толийг төрөөс эрхлэн гаргаж байгаа нь энэ юм.

Өнөөдрөөс эхлээд уг толийг онлайн байдлаар олон нийтэд нээлттэйгээр хэрэглүүлж эхэлнэ" гэж онцолсон юм. Мөн энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд уг толийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэвлэсэн учир Төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, ЕБС-иудад үнэгүй тараагдана гэдгийг тодотголоо.

"Монгол хэлний зав бичих дүрмийн журамласан толь"-ийг эрхлэн гаргахад Академич Л.Болд, Хэл бичгийн  шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, Монгол Улсын Ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор М.Базаррагчаа, Ж.Баянсан нарын 28 эрдэмтэн судлаалчид оролцсон байна. Эрдэмтэд хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байж, уг толийг бүтээсэн аж.

Монголын Улсын Ардын багш С.Дулам "Сүүлийн хоёр жилийн турш манай эрдэмтэд хүчин чармайлт гарган, ажилласны хүчинд энэ толийг гаргаж чадлаа. Эдгээр нрдэмтэд Акедимч Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтдийн гаргаж байсан толийг дахин шинэчлэн, 38 мянган үгээр журамлалаа. Нутгийн аялгууны үг, нутаг нутгийн онцлогоос үүдээд 200 сая үгийн хэрэглээ байна гэсэн ерөнхий судалгаа байна. Тиймээс бид эдгээр үгийг нийтлэг хэрэглээгээр нь эрэмбэлэн жагсааж, 38 мянга болгон хэрэглэгчдэдээ өргөн барьж байна. Энэ бол хэрэглээний түвшинд бүх нийтээрээ хэрэглэх боломжтой толь юм. Мэдээж эрдмийн маргаан үргэлжилнэ. Энэ маргаан үргэлжилж, дахин эрэмбэлэгдэх хүртэл уг толь бичиг хэрэглэгдсээр байх болно.Олон жилийн турш Монгол хэлсний зөв бичих зүйн асуудал маргаан дагуулсаар ирсэн. Хамгийн ихээр маргаан дагуулж байсайн үгнүүдийг манай эрдэмтэд тухайлан хэлэлцэж, журамласан. Хамгийн энгийнээр хэлэхэд, 700 үгийн жагсаалтыг хүртэл дахин журамласан гэсэн үг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй. Журамласан толинд үгсийг хэрхэн бичихээр зааасныг л дагна гэсэн үг. Би ийм их эрдэмтэн хүн. Энэ үгийг ингэж бичнэ гэсэн  үг өнөөдрөөс байхгүй болж байна" гэв.

2 настай хүүхдээр морь унуулж уралдуулсан эцгийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2018 оны тавдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нэгэн малчин зээ хүүгийнхээ үсний найрыг хийхдээ бэсрэг хурдан морины уралдаан зохион байгуулж энэ үеэр нь найранд ирсэн нэгэн зочин хоёр настай хүүгээ морин дээр хүлж уралдуулсан мэдээлэл гараад байгаа билээ. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр настай хүүгийн эцгийг торгож шийтгэсэн байна. 

Зөрчлийн тухай хуулийн  6.3.2-т "Хүүхдийг бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

Тиймээс ч тухайн эцгийг аймгийн Цагдаагийн газраас 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ. 

Түүнчлэн хурдан морины уралдааныг зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн айлд зохих шийтгэлийг оногдуулж байгаа талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар мэдээллээ. 

БҮТ: Олон хүүхэд шалгалтаасаа хоцорсон гэдэг нь ташаа мэдээлэл

Өнөөдөр ЭЕШ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 09:00-10:20 цаг хүртэл Монгол хэлний шалгалт явагдах бол 13:30-14:50 цаг хүртэл Нийгмийн тухай мэдлэгийн шалгалт эхлэнэ.

Маргааш буюу зургадугаар сарын 20-нд 09:00-10:40 цагт Хими, 13:00-14:20 цагт Орос хэлний шалгалт явагдах юм.

Өнөөдөр Яармагийн гүүрэн дээр осол гарч нэлээдгүй ЭЕШ өгөх хүүхэд шалгалтаасаа хоцорчээ. Иймд шалгуулагч хүүхдүүд цагаа төлөвлөн эрт очихыг анхааруулж байна.

Мөн өнөө өглөө Яармагийн гүүрэн дээр гарсан зам тээврийн улмаас ЭЕШ-аас олон хүүхэд хоцорсон талаарх мэдээлэл гарч эхэлсэн билээ. Улмаар шалгалтаас хоцорсон хүүхдүүдээс ахин шалгалт авах ёстой гэсэн хүсэлтийг шалгуулагчид болон тэдний эцэг эхчүүдээс хүсэж байгаа аж. ЭЕШ-ын журамдаа ахиж шалгалт авахгүй гэж заасан байдаг юм байна. Тэгвэл энэ талаар Боловсролын үнэлээний төв "Олон хүүхэд шалгалтаасаа хоцорсон гэдэг нь ташаа мэдээлэл. Нэг хүүхэд л өглөө замын түгжрэлээс болж шалгалтаасаа хоцорлоо гэж манай төв рүү утсаар ярьж гомдол гаргасан. Манайх дүрэм журмынхаа дагуу явах болохоор ямар ч арга байхгүй.

Нэг хүүхэд болохоос нэлээн олон хүүхдийн эрх ашиг, хөдөлмөр хөндөгдөөгүй болохоор тэр хүүхдийг шалгалтад оруулах боломжгүй. Яагаад гэвэл шалгалтын материал, сэдэв задарсан байхад гаднаас ямар ч хүүхэд оруулах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Яармагт ЭЕШ авч байгаа сургууль байхгүй. Хан-Уул дүүргийн хүүхдүүд 18 дугаар сургууль дээр ЭЕШ өгч байгаа. ЭЕШ хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авна гэсэн ойлголт байхгүй” гэх мэдээллийг өгсөн байна. 

Замын-Үүдэд жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж байна

Дорноговь аймгийн Замын-Үүдэд 69 машины жолооч нар урд хил рүү нэвтрэх зурвасыг хаасантай холбоотойгоор өнөө өглөөнөөс хойш  69 машинтай жолооч нар хоёр улсын хил дээр эсэргүүцлээ илэрхийлж байна. ятадын талаас манай жолооч нарт хандаж тухайн үйлчилгээг үзүүлэхдээ стандартын дагуу, сандал суудалтайгаа ороод норм хэмжээндээ  ачаагаа ач гэсэн шаардлага тавьсан юм байна. Харин энэ шаардлагыг эсэргүүцэж тэд ийнхүү жагсаж байгаа аж.

Жолооч  хоёр улсын хил рүү орох гарах гарцыг хааснаар  наашаа цаашаа зорчих иргэд болон тээврийн хэрэгслүүд хил дээр гацаж, хүндрэл үүсээд байгаа аж. Хөрш орны хилийн албадын зүгээс тавьсан зүй ёсны шаардлагын хариуд Монголын жолооч нар ийнхүү эсэргүүцэл илэрхийлж, иргэдэд хүндрэл учруулж, багагүй бухимдал үүсгээд байна.

ДЭМБ-аас “компьютер тоглоомын өвчин”-ийг шинээр бүртгэж авчээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) “gaming disorder” буюу компьютер, тоглоомын өвчин гэгчийг албан ёсоор өвчний ангилалд оруулж бүртгэж авлаа..

Энэ өвчний илрэх гол шинж тэмдэг нь

  •  Компьютер, видео тоглоомонд хяналтаа алдан донтох
  •  Бусад зүйлсийг сонирхох, өдөр тутмын үйл ажиллагаанаасаа компьютер тоглоомыг илүүд тавих
  •  Гарах сөрөг үр дагаврыг нь үл тоомсорлон тоглоомоо үргэлжлүүлсээр байх хэмээн тодорхойлжээ.

ДЭМБ-аас гаргадаг Олон Улсын Өвчний Ангилал буюу International Classification of Disorders жагсаалтын шинэчлэгдсэн хувилбарт “компьютер тоглоомын өвчин”-ийг багтаажээ.

Яармагийн гүүрэнд гарсан осол олон хүний ажлыг цалгардуулж байна

Приус маркийн машин зам тэгшлэгч машинтай мөргөлдөн томоохон осол гарчээ. Яармагийн гүүрийг шинэчлэн давхар гүүр болгон барьж байгаа. Энэ ажлын хүрээнд гүүрэн дээгүүр зам засдаг машинууд дүүрэн холхино. Энэ үеэр приус маркийн машин зам тэгшлэгч машинтай мөргөлдөн осол гарч замын түгжрэл үүсгэн, өглөөг ажилдаа хоцорч эхлүүлж байгаа хүмүүс бухилдалтай байлаа.

Eu зам тээврийн ослоос болж уг шалгалтаас олон хүүхэд хоцорсон талаар эцэг эхчүүд цахим хуудастаа бичиж байна. Тодруулбал Нисэх, Яармаг, Өлзийт, Морин чиглэлээс ирж байгаа хүүхдүүд шалгалтаасаа хоцорсны улмаас шалгалт авах сургууль нь үүдээ барьсан гээд оруулаагүй аж.  

“Хэдийгээр зам тээврийн аваар осол гарсан нь хэцүү ч олон олон хүүхдийн ирээдүй хэцүүдлээ” хэмээн эцэг эхчүүд гомдоллож байна. Улмаар Боловсролын үнэлгээний төв болон яамны зүгээс холбогдох арга хэмжээг авч, хүүхдүүдээс дахин шалгалт авч өгөхийг хүсч байна.

Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна

Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтын ажлыг энэ сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд нийслэлийн замын цагдаагийн албан хаагчид, дүүргийн татварын хэлтсийн ажилтан нар хамтран хяналтын цэг болон хөдөлгөөнт байдлаар уулзвар, замд хуулийн хэрэгжилтийн хангалтад хяналт тавин ажиллаж байна. Хуулийн дагуу тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, зөрчил илэрсэн дүүргийн татварын хэлтэст төвлөрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч, бичиг баримтыг буцаан олгож байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Я.Содбаатар: Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулахгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч мэдээлэл хийгээгүй. Тус хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлцсэнийг тус бүлгийн дэд дарга Я.Содбаатараас тодрууллаа.

- МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ? 

Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, саналаа нэгтгэлээ. Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанк банкуудын өөрийн хөрөнгийг өргөжүүлэхийн тулд 840 тэрбум төгрөг гаргасан байдаг. Гэтэл үүнийг хэн шийдэж олгосон, яаж эргэн төлөх вэ гэдэг нь асуудал дагуулж байгаа юм. Тиймээс одоо хуультай болгоё гэж байгаа хэрэг. Ийм хуультай болсноор банкуудыг ямар процессоор хөрөнгөжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудад тавьж буй шаардлагаа ойлгомжтой болгож, тэднийг хариуцлагажуулна. Энэ талаас нь харвал банкуудад хүнд тусаж болох юм.

- Дэгийн тухай хуулийн төсөлд байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулахаар тусгасан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Өргөн барьсан төсөлд тийм заалт байхгүй. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэгэнт тусгаагүй зүйлийг хэлэлцүүлгийн явцад оруулах боломжгүй. Ер нь хуралдааны дэгийг зохицуулахтай холбоотойгоор хуулийн төсөл боловсруулж, санал авах явцад ийм санаа гарч байсан. Одоо хэлэлцүүлгийн явцад ч зарим гишүүн ийм санал гаргаж байгаа. Дэлхийн жишгээс харвал парламентад байнгын хороод нь хаалттай хуралддаг юм билээ. Энэ нь мэргэжлийн байнгын хороод улстөржилгүй, сонгогчдод таалагдах гэж бус, хэлэлцэж буй асуудлынхаа голыг олох боломж олгодог. Гэхдээ манайд нэгэнт нээлттэй явуулаад хэвшчихсэн учраас одоо хаалттай болгоно гэвэл нэлээд хүндрэл, хардалт гарахыг үгүйсгэхгүй. Харин хуралдааны танхимд асуудал үүсгэж байгаа гишүүдэд сануулга өгч, гаргах хүртэл арга хэмжээ авна.Энэ мэт анхаарал татаж байгаа заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх, гишүүний ард буй иргэд хийгээд олонх, цөөнхийн эрх ашгийг хамгаалах талаар ажлын хэсгийн түвшинд илүү нарийвчлан ярилцах байх.

Хэнтийн тойрогт хэн очих вэ

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй болсон юм. Учир нь УИХ-ын гишүүн Д.Гантулга албан ёсоор гишүүнээсээ чөлөөлөгдсөнтэй холбоотой. Улмаар улс төрийн хүрээнд нөхөн сонгууль болох нөхцөл үүсээд байгаа билээ. Сонгуулийн тухай хуулийн 52.1-т тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна гэж заасан байдаг аж.  

Энэ сургаар ч тухайн тойрогт нэр дэвшихээр горилогчид бэлтгэл ажлаа эхлүүлсэн сурагтай гэнэ.  Тэгвэл Хэнтийн тойрогт хэн очих вэ? 

МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тойрогт нэр дэвшинэ гэсэн таамаг байсан ч тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нэр дэвшинэ гэх яриад гараад байгаа. Засаг даргын хувьд одоогоор ямар нэгэн байдлаар энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй. Гэхдээ л магадлал, таамагт "өндөр" яваа нэгэн.  Түүний хувьд: 

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн 1-р дунд сургууль
  • 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч мэргэжлээр
  • 1994 онд Москва хотын Нийгэм эдийн засгийн сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

  • Эдийн засгийн ухааны доктор, профессор

Ажилласан байдал:        

  • 1980-1982 онд Өндөрхаан хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд багш
  • 1982-1985 онд Бор-Өндөр хотын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч
  • 1985-1989 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороонд тасгийн эрхлэгч, аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1991 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороонд нарийн бичгийн дарга
  • 1991 оноос Ардын Их Хурлын депутат
  • 1992 онд Монгол Улсын Бага Хурлын гишүүн
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-1999 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөх
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2007 онд Монгол Ардын намын бага хурлын гишүүн
  • 2007-2008 онд ХХАА-н Дэд сайд
  • 2008-2012 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос-Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны ерөнхийлөгч
  • 2013-2016 оноос Хэнтий аймгийн намын хорооны дарга
  • 2016 оноос- Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Монгол Ардын намын хорооны дарга нэгэн билээ. 

Тэгвэл тус тойрогт МАХН-аас нэр дэвшигч гарах нь тодорхой болсон. Олны яриагаар бол МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтий аймгийн 42 тойрогт нэр дэвшихээр бэлтгэж ажлаа эхлүүлсэн гэнэ. 

Сонгуулийн тухай хуульд зааснаас УИХ-ын гишүүний орон, гарсан суудлыг нөхөн сонгууль зохион байгуулах учиртай. Нөхөн сонгууль зохион байгуулахдаа УИХ-аас шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлаж, 30 хоногийн хугацаанд зохион байгуулах хуультай. Гэвч сонгуулийн хуулиар нөхөн сонгуулийг зөвхөн зургаа, аравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулах ёстой учраас ийнхүү Хэнтийн нөхөн сонгууль ирэх намраас наашгүй нь тодорхой болоод байна. Түүнчлэн уг нөхөн сонгуультай холбоотойгоор Аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох учиртай. Ингэхдээ 2016 оны сонгуулийн зардлын дээд хэмжээгээр Хэнтийн нөхөн сонгуулийг явуулна гэж үзвэл сонгууль болохоос 70 хоногийн өмнө хэмжээг нь зарлах юм байна. 

Наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос худалдаална

Энэ жилийн баяр наадмын тасалбарыг “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр худалдаалахаар болжээ. Тодруулбал, наадмын тасалбарыг онлайнаар худалдан борлуулахаар болж, программ хангамжийг нэвтрүүлсэн ч наадмаас өмнө амжихааргүй болжээ. Тиймээс наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос эхлэн нийслэлийн “Нэг цэгийн үйлчилгээ”- ний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, болон зургаан буудлын “Оргил” төв дэх цэгээр дамжуулан худалдаалахаар болсон байна.

Дашрамд, Үндэсний их баяр наадмын тасалбар нээлт, бөхийн барилдаан, хаалт гэсэн гурван төрөл байх юм байна. Тасалбарын үнэ 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр тасалбар л өгөх аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment