8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэхайрхан сумын иргэд Хятадын хөрөнгө оруулалттай “Шин жун чи” ХХК-ыг алт олборлохыг эсэргүүцэж эхэллээ

2018-06-19 10:05:00

Сүүлийн хэдэн жилүүдэд  уул уурхайн компаниуд Монгол орны газар шороог ухаж, сэндийчиж байгалийн баялагийг цөлмөх болсон.  Хайгуул, алт олборлох нэрийдлээр байгалийн унаган өнгө төрх алдагдаж, тэр байтугай  түүх соёлын үнэт өв үрэгдэхэд хүрч байгаа юм. Яг ийм байдал Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тохиолдоод байна. Тодруулбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын  Баянзүрх, Багануур багийн нутагт орших Ар баян айраг хэмээх газар 2007 оноос эхлэн “Жөн юан” нэртэй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ХХК суваг малталт, дээжлэлт, өрөмдлөгийн ажил хийж  эхэлсэн байна. Тус компани өрөмдлөгийн ажил хийж байгаад 2013 онд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шин жун чи” ХХК-д тус тусгай зөвшөөрлөө зарсан аж. Тусгай зөвшөөрөл худалдаж авсан  “Шин жун чи” ХХК  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны наймдугаар сарын 01-нд  дуусах аж. Хайгуулийн лицензийн хугацаа дуусаад ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэж буйг нутгийн иргэд эсэргүүцэн тэмцэж эхэлсэн байна. Ашиглалтын үйл ажиллагаа эхэлбэл тус сумын эко бүтэц тун эмзэг бөгөөд гадаргын ус багатай, хөрсний элэгдэлд өртөмхий, монгол элс, бор хярын элстэй хаяа дэрлэн оршдог зэрэг нь цөлжих эрсдлийг бий болгоно хэмээн нутгийн иргэд эсэргүүцэж байгаа аж.

Мөн өнгөрсөн жил Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд Монгол туургатны өв соёлын наадам гэсэн сүржин нэртэй наадам болсон. Тус наадам энэ жилээс эхлэн жил болгон зохион байгуулагдахаар болсоныг нутгийн иргэд мөн эсэргүүцэж байгаа аж. Тодруулбал, эрт дээр үеэс өнөөдрийг хүртэл малчдын гол зуншлага болсон Хар нуурын эрэгт тус сүртэй нэртэй олныг хамарсан наадам зохион байгуулсан нь малын бэлчээрийг сүйтгэж хөрсний элэгдэлд оруулан малын тарга тэвээрэг алдагдахад хүргэж байгаа аж. Тус наадмыг зохион байгуулснаар хөрсний болон усны бохирдлыг дээд зэргээр нэмэгдүүлж нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог алдагдуулах, нутгийн иргэдэд эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд ямар ч үр өгөөжгүй, мөн тус нутгийн үзэсгэлэнт байгалийн унаган төрхийг алдагдуулах хэмжээний наадам болсон хэмээн үзэж байгаа талаар нутгийн иргэд мэдээлэл өглөө.   

Энэ талаар нутгийн иргэн Т.Насанжаргалаас тодруулахад “Манай сумын Баянзүрх, Багануур багийн нутагт орших Ар баян айраг хэмээх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Шин жун чи” ХХК  болон хайгуулын лиценз эзэмшдэг 12 компани байгаа. “Шин жун чи” ХХК –ын хайгуулын хугацаа 2019 оны наймдугаар сарын 01-нд дуусна. Тус компани үргэлжлүүлэн олборлолт явуулах гэж байгаа учраас нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм. Мөн манай сумын нутагт  өнгөрсөн жилээс эхлэн жил болгон Монгол туургатны өв соёлын наадмыг зохион байгуулна гэсэн шийдвэр гарсан байгаа. Манай сумзөөлөн хөрстэй элсэрхэг газар. 40-50 жилийн өмнө тариалан эрхэслэн газар өнөөдрийг хүртэл нөхөн төлжөөгүй байгаа. Тийм учраас  жил болгон тус наадмыг зохион байгуулах боломжгүй. Манай нутгийн иргэд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханд хандсан. Мөн БОАЖЯ-ын газрын дарга нартай уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үр дүнд тусгай хамгаалалттай газрын хэсэгт нэвтрэхгүйгээр зохион байгуул гэсэн захирамжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Ийм хөрсөн дээр дахин наадам зохион байгуулбал цөлжилт бий болно” хэмээн хэллээ.

 Нэмэлт мэдээлэл дуулгахад: Эрдэнэхайрхан сум хойд хэсгээр Багануурын Бэрх ,Түдэвтэй уул ,Тосон , Уужимын хяр , Их билчир , Налуу, Мөсөн , Харганын салаа, Сэнжитийн хярууд , дунд хэсгээр Товхош , Бор хирийн элсэн манхан , Цагаан хайрхан , Алтан , Ар баян айраг, Хүйтэн нуруу, Залаа Хуугаа, өмнөд хэсгээрээ Улаансээр, баруун зүүн Зос, Өвөр баян айраг, Цогт хайрхан зэрэг уул хяр цармууд, Улаагчны хар нуур, Бага нуур, Жаахан нуур, Урт булаг, Салаа, Баянзүрх, Өвөр улаагчин, Тээл, Мөсөн, Бургаст, Шаварт, Мухарт, Нарийн голууд бүхий говь хангай хосолсон өргөн уудам, үзэсгэлэн төгөлдөр газруудтай. Мөн эрт дээр үеэс уламжлан хэрэглэж, судар номонд тэмдэглэгдсэн Багануурын шунхан, Замбалын модны зодог, Нуурмагийн гиван, Мөсөнгийн булгийн жуган, Мухарт, Нарийн голын гоньд, Олон түрүүний дэгд хужир Их хайрханы сэндэр, барагшуун, Шаварт, Нарийн голын хаяагийн хунчир зэрэг ховор нандин эмийн ургамлууд энэ нутагт ургадаг. Ийм л байгалийн үзэсгэлэнт төгөлдөр тус суманд алт олборлож эхэлбэл эдгээр байгалийн ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт унаган төрх алдагдана хэмээн нутгийн иргэд эсэргүүцэж эхэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол хүн
Овоо ш дээ, ус байгалиа хамгаалж сайн тэмцээрэй. Ухаантай шүү, манай ЗАВХАНыхан!
2018/06/19 59.153.114.223
НАМСРАЙ
МАШ БАГА ИЛЭРЦТЭЙ ГАЗРЫГ ДАМЖУУЛЖ ЗАРААД ЮУ Ч ГАРААГҮЙ ГАРАХГҮЙ ЭЭ
2018/06/19 103.240.241.32
бууж өгч болохгүй
нутаг усыг чинь хорлож хаяад алтыг чинь ухаж зөөгөөд дуусна шүү. хөөж явуул
2018/06/19 124.158.113.11
Зочин
Ингэхэд нутгийн иргэд өөрсдөө цөлжилтийн эсрэг юу хийдэг юм бол
2018/06/19 202.9.41.223