8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна

2018-06-18 15:20:00

Сүүлийн үед аялал зугаалгаар яваа иргэд гол усанд эндэх, сураггүй алга болох тохиолдол цөөнгүй гарах болжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гурван иргэн сураггүй алга болсныг Онцгой байдлын албаныхан болон орон нутгийн иргэд эрэн хайж байгаа аж.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Баяннуур” багийн Аукей арал гэдэг газар 46 настай, эрэгтэй Ж зургаадугаар сарын 14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлага өнгөрсөн баасан гариг буюу зургадугаар 15-ны өдрийн 00:10 цагт Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 25 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Өчигдрийн байдлаар тус сумын Баяннуур багийн Аукей гэдэг газраас Харганат гэдэг газар хүртэл 15 км-т Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт эрлийг түр зогсоон өнөө өглөөний 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Долоод” багийн Хөмөлтэйн гүүр орчим Хэрлэн голд загасчилж явсан Дорноговь аймгийн харьяат 24 настай, эрэгтэй Х өчигдөр 00:14 цагийн орчимд хамт явсан хүмүүсээс салж, сураггүй алга болсон тухай дуудлагыг өдрийн 01:26 цагт хүлээн авч Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин,сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, 1 автомашинтай Хөмөлтэйн гүүрээс зүүн тийш 18 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдөрэрлийг үргэлжлүүлж байгаа ажээ.

Булган аймгийн Тэшиг сумын “Харгал” багийн Ишгэн толгой гэдэг газар Эгийн голын усанд Орхон аймгийн харьяат 33 настай, эрэгтэй С осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрлийн ажиллагаа үргэлжлүүлж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл