8o
Улаанбаатар хот
mobile menu

30 ишлэл:  "Хөрөнгийн биржийн хувьчлалаас ухарвал жинхэнэ утгаараа эдийн засгийн бүлэглэлийг дэмжинэ"

2018-06-18 10:02:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн.

2020 ондоо багтаа “МИАТ”-ийн 49 хувь, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж 100 хувь, Монгол шуудан 10 хувь, Монголын цахилгаан холбоо 66 хувь, ХАА-н бирж, Мэдээлэл холбооны сүлжээ 49 хувь болон орон нутгийн өмчит 20 АЗЗА компанийг дуудлага худалдааны зарчмаар худалдахаар оруулж ирээд байгаа юм.

Хувьчлалын асуудлаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Ням-Осор иргэдэд зориулан ямар мэдээлэл өгснийг ОНЦЛОХ 30 ИШЛЭЛЭЭР ХҮРГЭЖ БАЙНА.

1.    Олон нийтийн оролцоог хангаж, хувьчлалыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хийх нь илүү өгөөжтэй гэж үзсэн юм. 
2.   Өмч хувьчлал өнгөрсөн жил яригдсан хэдий ч ихэнх компаниуд алдагдалтай ажиллаж байсан учраас хойшлуулсан. Дахин оруулах гэтэл Засгийн газар огцорсон. Ийм байдлаар хойшилж ирсэн байдаг.
3.    Хөрөнгийн биржээр хувьчилбал хүн шахдаг, бараа шахдаг зүйл байхгүй болно. Дур зоргоороо машин, байшин худалдаг авдаг юм үгүй болно.
4.    Хяналт сайжрахаар компанийн засаглал сайжирч, үр ашиг дээшилдэг.
5.   МИАТ, хоёрт, Төрийн банк, гуравт, Монголын хөрөнгийн бирж,  дөрөвт, Арилжаа төлбөр тооцооны төв, тавд, Хөдөө аж ахуйн биржийг,  зургаад Мэдээлэл холбоо сүлжээ компанийг, долоод нь Монгол шуудан компанийг хувьчлахаар тусгасан.
6.    Хувьчлах эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Хөрөнгийн үнэлгээг хуулиараа бид үнэлэхгүй. Хууль тогтоомжийн хуулийн хүрээнд бид зөвхөн блансын үнэн дүнг тавьсан юм. 
7.    Заавал үнийн төсөөлөл байх шаардлага тавьсан учраас дүн оруулж ирж байна. УИХ хувьчлахаар шийдвэр үнэлгээ дахин хийгдэж, үнэ тогтоно.
8.    26 жил хөрөнгийн зах зээл мэдэхгүй гэж ухарсан. Дахиад 50 жил хүлээх үү. Өнөөдөр ч УИХ -ын зарим гишүүн тэгж ярьж байна лээ.  Одоо болсон.  
9.    Хөрөнгийн зах зээлд хувийн хэвшлүүдээс хамгийн сүүлд Монгол базальтынхан хувьцаа гаргасан нь амжилттай явж байна. 
10.    Төрийн өмчит компаниас “Монгол шуудан” мөн хувьцаа гаргасан. “Монгол шуудан” компанийн 66 хувийг төр эзэмшдэг бол 34 хувь нь хувьд гарсан. Одоо 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Тодорхой хувийг нь хувьчилснаар хувьцааны үнэ нь гурав дахин өссөн. Өмнө нь 100 хувь төрийн өмчид байхад жилийн нэг тэрбумын ашигтай ажилладаг байсан бол хувьцааг биржид гаргаснаар энэ оны нэгдүгээр улиралд нэг тэрбумын ашигтай ажилласан байгаа.  
11.    Байгаа мөнгөө банкинд хадгалаад ахиу хүү аваад сууж байдаг тогтолцоогоо өөрчлөх цаг болсон. Монголын хөрөнгийн зах зээлийн 97 хувийг банк, банк бус санхүүгийн байгууллага бүрдүүлж байна.
12.     Дэлхий нийтэд санхүүгийн зах зээлийн 45-50 хувийг банк, 40-45 хувийг хөрөнгийн бирж, үлдсэн таван хувийг ломбард, хоршоо, банк бус санхүүгийн байгууллага бүрдүүлдэг.
13.     Цэнхэр, ягаан тасалбар дээр алдсан нь үнэн. Гэхдээ одоо тийм болно гэж хардаад, ажлаа явуулахгүй байж болохгүй л дээ.
14.    Хөрөнгийн биржийн хувьчлалаас ухраад дуудлагын худалдаагаар хувьчлалыг явуулна гэж улс төрийн шийдвэр гаргах юм бол жинхэнэ утгаараа эдийн засгийн бүлэглэлийг дэмжинэ.
15.    Том компаниудыг хөрөнгийн биржээр гаргаад хувьцааг нь иргэд авдаг, өгдөг болчихвол ядаж хүн амын 20 хувь нь хөрөнгийн зах зээлд тоглодог болчих болов уу л гэж зорьж, энэ тогтолцоог  үүсгэхийг оролдсон.
16.     МИАТ -ыг салбарын сайд нь хувьчлах хэрэгтэй гэж үзэж жагсаалтад оруулсан. Нэгдүгээрт, МИАТ менежмент муу байна, хоёрдугаарт таван онгоцтой хэрнээ 800 хүн ажилладаг. Гуравдугаарт, гадаадын компаниудтай өрсөлдөх чадваргүй, дөрөвдүгээрт либералчлал явуулах хэрэгтэй гэсэн үндэслэлээр оруулсан. Бид бол өрсөлдөөн байхгүй гэж үзсэн. 
17.   Улсын хэмжээнд авто зам засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан 495 компани байгаа. Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг, тайлан баланс гаргадаг 90 орчим компани бий. Энэн дотор төрийн өмчит 20 АЗЗА багтдаг. 
18.   АЗЗА-д 2006 онд Кувейтын сангаас таван сая орчим доллараар тоног төхөөрөмж авч өгсөн байдаг. Түүнээс хойш төр хөрөнгө оруулалт хийгээгүй. Техникийнх нь 80 хувь элэгдэж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон.
19.    Авто замыг засварлахад жилд 50 тэрбум шаардлагатай гэж үздэг. Гэвч дээрх 20 АЗЗА-д жилдээ 11-17 тэрбумыг л төсвөөс өгдөг. Нэг компанид дунджаар 200-500 сая төгрөгийн санхүүжилт ногддог. Түүнийгээ цувуулж авдаг,  тэр нь засвар үйлчилгээндээ хүрдэггүй.  Гэтэл жилээс жилд өр нь нэмэгдээд байдаг. 
20.    2016 оны сүүл, 2017 оны эхэнд 9.5 тэрбумын өртэй хүлээж авсан. Ноцолдсоор байгаад жилийн турш нэг тэрбумын өрийг дарсан.  Цаана нь есөн жилийн турш төлж чадаагүй таван тэрбумын Кувейтын зээл байгаа.  Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэл, татвар, мөн банкинд өртэй. Өр зээлтэй учраас тендерт оролцож чаддаггүй. 
21.    Хуулиараа өртэй компани тендерт оролцох боломжгүй. 
22.    АЗЗА нь хэрэгцээт техник нь 1600 байх ёстой ч 600 техниктэй.  Нэг компани арав гаруй техник авъя гэхэд дунджаар 4-5 тэрбум хэрэгтэй. 20 компанид 80-100 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байж, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх шаардлагатай болж байгаа. Төр энэ хэмжээний санхүүжилт хийх боломжгүй. Одоо жаахан удвал бүгд дампуурна.  
23.    Саяхан Авто зам тоног төхөөрөмжийн түрээс ТӨХК дампуурсан. Парк шинэчлэлт, тоног төхөөрөмжийн үйлчилгээ хийж чадаагүйгээс, түрээсийнх нь үйл ажиллагаа зогсож,  хүнд байдалд орсон. Татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 600 сая төгрөгт хүрч, өрөнд орсон.  Засгийн газарт асуудлыг тавьж, татан буулгасан байгаа.Аймгуудын АЗЗА түүний л нэг адил хүнд нөхцөлд байна. Балансын үнэ тавьсан. Үнэлгээ хийгдээгүй байгаа гэж ойлгох хэрэгтэй. Үнэлгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй. 
24.    Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар компанийг гурван ангиллаар үнэлнэ. Үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй компани хийнэ. Дараа нь үнэлгээг нь хөндлөнгийн аудитын компани үнэлнэ. Буруу үнэлж үү, зөв үнэлж үү гэдгийг аудитынхан дүгнэнэ.
25.    Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн хуучин байрыг,  газартай нь долоон тэрбумаар үнэлсэн байдаг.  Дуудлага худалдаанд оруулахад 27 тэрбум төгрөгт хүрсэн. 
26.    Оргил рашаан сувиллыг 7.7 тэрбумаар хувьчилж, орлогыг нь улсын төсөвт оруул гэж УИХ-ын тогтоол батлагдсан. Тэгтэл 15.2 тэрбумаар хувьчилсан нь хоёр дахин нугарсан үнэд хүрсэн. 
27.    Хувьчлах жагсаалтад орсон компаниуд Хөрөнгийн бирж дээр гараад хэд хүрэхийн, дуудлагаар худалдахаар хэд хүрэхийг бид мэдэхгүй. 
28.    Эдийн засгийн ойлгоц байхгүй байна уу, улс төр хийгээд байна уу. Ойлгохгүй байна. Би олон өдөр тайлбарласан. Үнэлгээ хийдэг журамтай гэдгийг.
29.    Бид хулгай хийх гээгүй, ажил хариуцаж байгаа учраас хийх гээд л ноцолдож байгаа шүү дээ.
30.    Энэ ажилтай жил шахуу ноцолдлоо. Салбарын яамд нь мөн ноцолдож байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment