8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Эдийн засгийн форум эхэлж, “Оюутны хөгжлийн зээл”-ийн бүртгэлийг сунгасан өдөр

2018-05-21 18:45:00

Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

БАЙР СУУРЬ: Эдийн засгийн чуулганд улс төрчдийн яруу найргийг сонсох гэж ирээгүй

ЗГХЭГ-ЫН ДАРГА ЗАНДАНШАТАРӨДӨР ИРЭХ БҮРТ БОЛОМЖОО АЛДАЖ БАЙНА

Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тодорхой асуудал шийдэхийн төлөө чуулж байна. Энэ хүрээнд гарын үсэг зурна. Өнөөдөр гэхэд “Монголын хөгжлийн алтан гурвалжин” баримт бичигт манай таван яам, нийслэл гарын үсэг зурна. Мөн Монгол Улсыг, хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн. Мэдээлэл технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурна. Зөвхөн ярьж, санал солилцох бус үр дүнд чиглэсэн уулзалтууд хийхийг зорьж байна. Тавантолгойн төслийг 10 жилийн өмнө ашигласан бол Монгол Улс өнөөдөр огт өөр төвшинд байх байсан. Өдөр ирэх бүрт боломжоо алдаад байна. Эдийн засагт алагдсан боломжийн өртөг гэж бий. Алдагдсан боломжийн өртөг нь 10 жилийн хугацаанд алаатай гэрээнээсээ илүү боллоо. Нөгөө талдаа том төслүүд хөдөлөхөөр ард түмэнд өгөөж нь хүртэхгүй улс төр, бизнесийн цөөхөн бүлэглэлүүд үр ашгийг нь шимээд авчихдаг засаглалын гажуудлыг засахаар гурван тулгуурт хөгжлийн бодлого боловсруулсан.

ДЕФАКТО НЭВТРҮҮЛГИЙН ХӨТЛӨГЧ, ЭДИЙН ЗАСАГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН: ЯРИАД ӨНГӨРӨХ БУС АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХОД АНХААРАХ ЁСТОЙ

Цахим оролцоо гэх сэдвийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж буй нь маш шинэлэг бас давуу тал юм. Уг оролцоог идэвхжүүлснээр төр засгийн бодлого, шийдвэр иргэдэд маш түргэн хүрнэ гэсэн үг. Хууль гаргахаасаа өмнө иргэдийнхээ саналыг авна гэж сая ярьсан. Энэ бол өмнө нь яригдаж байгаагүй зүйл юм. Технологийн болон агуулгын, ажил үүргийн хувьд цоо шинэ сэдэв боллоо. Үүний цаана блокчейн технологийн тухай асуудлыг ярих ёстой юм. Блокчейн бол дараагийн интернэт юм. Энэ интернэт нэвтэрснээр аюулгүйгээр мөнгө шилжүүлэх цахим гарын үсгийг бий болгох юм. Тэгэхээр янз бүрийн лавлагаа болон бусад зүйлийг авах гэж бөөн ажил болох шаардлагагүй болж байна. Цахим гарын үсгээр та байгаа газраасаа хуралд оролцож, гарын үсэг зурж болно.  Чиний гэрээг хүлээн зөвшөөрнө. Ийм ажлууд бий болж буйг зарлачихлаа. Гэхдээ манай форумын онцлог нь яриад л өнгөрөх юм. Ярьсан зүйлээ ажил хэрэг болгоход ажиллах ёстой. Бас Монголын эдийн засагт тушаа болж буй зүйл бол НӨАТ. Компанийн орлогоос татвар авах нь хөл рүү нь буудаж буйтай ижил. Ийм учраас манай хувийн хэвшил хөл дээрээ босч чадахгүй байна. Үүнээс болж иргэд мянга, мянгаараа Солонгос руу зугатаад байгаа юм. Үүнийг засахгүйгээр Монгол улсын эдийн засаг хөгжихгүй.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ҮНЭНБАТ:ЧУХАЛ ШИЙДВЭР ГАРГАСАН ХҮМҮҮСЭЭ ИНГЭЭД ХОРИОД БАЙХ ЮМ УУ

Банк санхүүгийн салбар ямар ч асуудалгүй, хэвийн үйл ажиллагаатай байгаа. Бид ОУВС-гийн активын чанарын үнэлгээг амжилттай даван туулсан. Одоо өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх ажлыг энэ ондоо багтаагаад хийх төлөвлөгөө гарган, ажиллаж байна. Бид энэ удаагийн эдийн засгийн чуулганаас өмнө нь гарсан бодлогын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хүлээж байгаа. Үндсэндээ Монгол Улс бодлого, хөтөлбөрүүдийг цаасан дээр гаргасан байдлаар дутаагүй. Гол нь эдгээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт чухал хэрэгтэй байгаа энэ үед бидний нэрийн хуудас болсон Оюутолгойг төсөл дээр улс төрийн шийдвэр гаргасан хүмүүсээ шалгаад эхэлчихлээ. Мега төслүүд нь явж эхлэхгүй байна. Нөхцөл байдал ийм байхад бид шинэ бодлого, хөтөлбөр яриад байх нь тохиромжгүй. Одоо хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахыг зорьж байгаа бол өмнө нь энэ чиглэлд чухал шийдвэр гаргасан хүмүүсээ ингээд хориод байх юм уу. Эсвэл асуудлаа томоор нь харах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй л гэж хэлмээр байна.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН БИЗНЕС ХӨГЖЛТИЙН АСУУДЛЫГ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ О.ОДБАЯР: ЭНДЭЭС ГАРАХ ҮР ДҮН 3 САЯ ИРГЭНИЙ АМЬДРАЛД ЯМАР НЭГЭН БАЙДЛААР НЯЛЗАХ ХЭРЭГТЭЙ

 Эдийн засгийн форум “Хүчээ нэгтгье” уриан дор зохион байгуулагдаж байна. Хүчээ нэгтгье гэхээр хэдэн дарга, захирлууд хүчээ нэгтгэх асуудал биш юм. Энэ форумын өгөөж нь Монгол Улсын 3 сая иргэнд хэрхэн нөлөөлүүлэх вэ гэдгийг хөндөх ярих учиртай. Давосын чуулга уулзалтад дэлхийн бүхий л улсууд очдог. Тэдний очдог гол зорилго нь ерөөсөө эрэлхийлэл. Дэлхийн цаашдын хөгжлийн чиг хандлага юун дээр байна. Юун дээр суурилж, цаашаа явахаар байна гэдгийг тандаж, мэдээлэл авахыг хүсдэг. Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид, улстөрчид энд цуглачихаад, богино болон дунд хугацааны стратеги хөгжил нь ямар байх юм гэдгээ ярилцаж байна. Эндээс гарах үр дүн 3 сая иргэний амьдралд ямар нэгэн байдлаар нялзах хэрэгтэй. Манай улс цаашдаа ийм байдлаар хөгжих юм байна. Тиймээс хувь хүний хөгжилдөө ингэж анхааръя гэсэн ерөнхий ойлголтыг өгөх хэрэгтэй. Жишээ нь, том төслүүдээ хөдөлгөхтэй холбогдуулан, ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүд энэ чиглэлд мэргэжлийн боловсон хүчин болоход анхаардаг юм ч уу. Ийм байдлаар бодит төсөөлөл өгөх хэрэгтэй. Бидэнд эх орон, баялаг байна. Яагаад хөгжихгүй байна гэхээр хүний хөгжил дутмаг байна. Тиймээс өнөөдөр энэ чуулганаар уул уурхай ярихаасаа илүүтэй хувь хүний хөгжлийг илүү хөндөн ярих учиртай гэж би харж байна.

МХАҮТ-ЫН Б.ЛХАГВАЖАВ: УЛС ТӨРЧДИЙН ЯРУУ НАЙРГИЙГ СОНСОХ НЬ ЧУХАЛ БИШ

Төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны хэлбэрээр энэ форум найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнөөдөр үдээс өмнө хоёр цагийн турш дарга нарын үгийг сонслоо. Одоо хувийн хэвшил үгээ хэлнэ. Сонсох байх гэж найдаж байна. Ер нь эдийн засгийг жаахан өсгөж, өндийлгөж байгаа хүмүүс чинь энэ хэдэн бизнес эрхлэгчид, малчин тариаланчид. Түүнээс биш дарга нар эдийн засгийг өсгөчихөөгүй юм. Олон улсын байгууллагууд, дарга нарын яруу найраг, цэцэрхэлээс үнэндээ залхаж байгаа. Тоон үзүүлэлтээрээ эдийн засаг жаахан өндийж байгаа нь үнэн боловч яг баялаг бүтээж байгаа ААН, иргэнд наалдсан зүйл бага байна. Цалингаа 200 тэрбум төгрөгөөр нэмж чадахгүй байж, бид 20 их наядын эдийн засаг ярьж байгаа нь хэт өрөөсгөл, хийсвэр зүйл. Бодит амьдралаа л ярих хэрэгтэй. Хоёр жилдээ бид гадна дотныг хамарсан 2 их наядын ажил хийж чадна. Өнгөрсөн 2012 онд эдийн засаг өсөлттэй байх үед дарга нар гарч ирээд л, боломжуудыг хааж боосон хууль ярьж эхэлснээр өсөлт унасан. Одоо тэр хүмүүс ч өнөөдөр илтгэл тавиад л явж байна. Гол нь өнөөдөр бид бодит байдлаа ярих ёстой. Өнөөдөр улс төрчдийн сайхан яруу найргийг сонсох нь чухал биш. Улс төрчдийн яруу найргийг л үдээс өмнө сонслоо. Түүнээс илүү ярих зүйл олон байна. 

ГОЛОМТ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ГАНБОЛД:

Яг өнөөдрийн байдлаар Монголын Эдийн засгийн зонхилох орлогыг Уул, уурхайн салбар бүрдүүлж байна. Өнөөдрийн чуулганаар хоёр дахь онцлох зүйл нь уул уурхай, зэс, алт, нүүрс гээд бидний экспортолдог бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байна. Тавантолгойг маш олон жил ярьж байна. Яг одоо өнөөдрийн байдлаар дорвитой шийдэлд хүрээгүй байгаа. У.Хүрэлсүх сайдын удирдаж байгаа Засгийн газар Тавантолгойг эргэлтэд оруулна, хөрөнгө оруулалтын шинэ загварыг авчирна гэсэн. Үүнийгээ хийх хэрэгтэй. Үүний суурь нь Тавантолгой үндэсний томоохон орд учраас ард түмний тодорхой хувь, эзэмшлийг тодорхойлж өгөх, мөн гадаадын стратегийн томоохон хөрөнгө оруулагчийг олох нь чухал. Манай гол экспортын бүтээгдэхүүнүүд таатай мөчлөг дээр байгаа учраас эдийн засаг одоогийн байдлаар өсөлттэй байгаа. Улс орны эдийн засаг өсчихсөн, гадаадын хөрөнгө оруулалт өсчихсөн. Ийм байдалтай байна. Тэгэхээр зарим үед олон жил ийм байдалд тайвширч ирсэн. Энэ мөчлөг бол буцдаг. Гол экспортын бүтээгдэхүүний үнэ буурахад монголын эдийн засаг бэлэн байдалд байх ёстой. Тэр нь нэгдүгээрт, олборлолтын бус салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүнийг эдийн засагт дээр ярихдаа гурван үндсэн бүлэг яриад байна. Нэг хэсэг нь уул уурхайн салбараа дэмжье, хоёрдугаарт, олборлолтын бус салбарт хөрөнгө оруулалт хийе, гуравдугаарт, санхүүгийн зах зээл болоод бусад чиглэлд ажиллая гэж байгаа. Эдийн засгийн тогтвортой байлгахын тулд солонгоруулсан бодлогыг дэмжих ёстой.  Санхүүгийн зах зээл идэвхжиж байгаа энэ үеийг ашиглаад санхүүгийн зах зээлдээ ач холбогдол өгөх ёстой. Ялангуяа хөрөнгийн зах зээлийг сэргээхэд анхаарах ёстой. Хоёрдугаарт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гол амин зүрх гэж яриад байгаа технологид суурилсан хөгжлийг бий болгоход анхаарах. Манайх залуу мэргэжилтнүүд олон болсон. Тиймээс энэ чиглэлд маш сайн анхаарах ёстой. Гуравдугаарт, боловсролынхоо чанарт анхаарах хэрэгтэй. Жишээ нь, бид баялгын сан юм уу /Норвегийн загвараар/, сандаа тулгуурлаад боловсролынхоо салбарыг шинэчлэх хэрэгтэй. Боловсролдоо хөрөнгө оруулалт сайн оруулах хэрэгтэй. Олон Улсын судалгаа, чуулганд хийгдэж байгаа мэдээллээс харахад ойрын 4-5 жилдээ эдийн засаг сайн байх болов уу гэж харж байна. Харин энэ эрчээ хадгалах хэрэгтэй. Түүхий эдийн үнэ таатай нөхцөлтэй байдаг. Цикл нь эргэх үед манай эдийн засаг бэлэн байх ёстой.

Сингапурын парламентын гишүүн асан, эдийн засагч Калвин Чэнг: Монголын эдийн засагт ил, тод, ойлгомжтой байдал шаардлагатай байна
- Би Хонконгоос хүрэлцэн ирж Монголын эдийн засгийн чуулганд оролцож байна. Анх удаа Монголд ирж байна. Маш их баяртай байна. Ингэхдээ блокчейн технологийг Монголд нэвтрүүлэх боломж, бололцоо байгаа эсэхтэй танилцахаар ирсэн. Уг технологийг эдийн засагт нэвтрүүлснээр ил тод байдлыг авчирна. Яг одоогийн байдлаар уг технологи нь өөрөө хөгжлийн шатандаа явж байгаа. Монголын эдийн засгийн хувьд уг технологийг нэвтрүүлэх амжилттай хөгжүүлэх боломж, бололцоо нь байна гэсэн дүгнэлттэй байна. Мөн блокчейн технологи нэвтрүүлэхээсээ  гадна эдийн засаг, санхүүгийн салбарт нь ямар боломжууд байгааг бодит байдал дээр харахаар хүрэлцэн ирсэн. Миний ажиллаж ирсэн туршлагаас үзэхэд Монголд эдийн засгийн ил тод байдал маш чухал санагдаж байна. Хуулийн хүрээнд бүх зүйл нь тодорхой байхаас гадна гадны хөрөнгө оруулагчдад зориулсан татварын эелдэг бодлого хэрэгжүүлэх чухал шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаасаа буцаагаад үр ашиг хүртэнэ гэсэн итгэлтэй болно. Эдийн засгийн салбар руу гаа чиглэсэн төрийн албаны үйл ажиллагаа ойлгомжтой байх ёстой гэж бодож байна.

О.Алтансүх: Хүүхдийн фэйсбүүкт үзэж буй бүхий л мэдээллийг эцэг, эхэд нь давхар хүргэдэг болгоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдав. Хуралдаанаар хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэн шийдвэр гаргасан юм. Статистик тоо баримтаас үзвэл өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүүхдийн үйлдсэн 950 орчим гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд хохирч, 127 хүүхэд амь насаа алдсан байна.

Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй хүүхэд байжээ. Зам тээврийн осолд 1083 хүүхэд гэмтэж, 55 хүүхэд нас барсан. Хурдан морины 394 уралдааны үеэр 629 хүүхэд мориноос унаж 159 хүүхэд бэртэж, гэмтсэнээс хоёр нь амь насаа алдаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Улсын хэмжээнд хүүхдийн асрамж, халамжийн 36 төвд 1019 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Үүнээс улс, нийслэлийн санхүүжилтээр ажилладаг гурван төв 357 хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж  байна. Олон улсын болон төрийн бус байгууллагын санхүүжилтээр ажилладаг 33 асрамж, халамжийн төвд 662 хүүхэд амьдардаг гэсэн судалгаа гарчээ. 

Тиймээс хүүхдийн өсөх орчинг сайжруулах, эрүүл мэндийг нь дэмжих, бүхий л орчинд нь эрхийг нь хангах болон гэмт хэрэг болон бусад хүчин зүйлээс хэрхэн хамгаалахын тулд цаашид ямар ажил хийх талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс тодрууллаа. 


-Өнөөдрийн хуралдаанаас хүүхэд рүү чиглэсэн ямар ажлыг хийхээр төлөвлөв. Хуралдааны үр дүн юу байв? 

- Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны явцад 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Энэ төлөвлөгөөгөөр Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засаг дарга нараас эхлээд бүхий л шатны дарга нар болон төрийн байгууллагуудын хариуцах үүргийг зааж өгсөн. Тэгэхээр энэ удаагийн хурал богино хэдий ч маш үр дүнтэй болсон гэж дүгнэж болохоор байна. Тодруулбал, цахим орчинд хүүхдийг хамгаалах нэлээн хэдэн ажлыг урагшуулахаар боллоо. Ер нь хүүхэд хамгааллын чиглэлээр томоохон өөрчлөлтүүд гарч байгаа. Тухайлбал, зуслангуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс дэмжихээр тогтоол гаргалаа. Өнгөрсөн жил 57000 хүүхэд зусланд хамрагдсан. Энэ жил энэ тоог 100.000 хүргэх төлөвлөгөөтэй байна. Мөн асрамж халамжийн төвүүдийг цэгцлэхээр болсон. Хувь хүмүүс хүүхэд асрах төв нээгээд янз бүрийн байдлаар санхүүжилт босгож буй үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдийн хувьсах зардлыг төрөөс олгоно. Тэдний хяналт шалгалтыг сайжруулахыг шаардана. Хүүхдийнхээ тоог нарийн гаргана. Жилийн өмнө асрамж халамжийн төвд нийт 1420 хүүхэд байсан. Бид нэгдсэн бүртгэл хийгээд хурууны хээг нь бүртгэхэд 1010 хүүхэд амьдарч байсан. Эдгээрээс 615 хүүхэд нь хагас ба бүтэн өнчин.

Гэр бүлтэй хүүхэд  ч мөн асрамж халамжийн төвд амьдарч байна. Тиймээс бид тэдгээр хүүхдүүдийн эцэг, эхийнх нь судалгааг гаргаад хүлээлгэж өгөөд үүрэгжүүлэх ажлыг хийнэ. Хүүхдээ авахгүй гэвэл эцэг, эх байх эрхийг хасна. Энэ мэт тодорхой шийдвэр гаргасан үр дүнтэй хурал боллоо.

- Цахим орчинд хүүхдийг хамгаалах, хэрэглээг нь хянах ажлыг хийхээр боллоо гэж хэллээ. Энэ талаар тодруулна уу?

-Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо технологийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Засгийн газраас үүрэг өгсөн. Бид ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нийт интернэт хэрэглэдэг хүүхдийн тоо тэдгээртэй холбоотой програм хангамжийн нэлээд олон зүйлийг судалсан. Эхний ээлжинд бүх хүүхдийн утасны дугаарыг бүртгэлтэй болгож байна. Фэйсбүүкт заавал өөрийнхөө зургийг тавьж байж ашиглана гэсэн зарчмыг баримтална. Хамаагүй нэр, зураг тавьж фэйсбүүкийг ашиглахгүй гэсэн үг. Манай харилцааны чиглэлийн хүмүүс энэ асуудлаар Фэйсбүүк компанитай ярилцаж тохирсон. Мөн цахим орчин дахь хяналт шалгалтыг сайжруулахаар нэг төрлийн програм хангамжийг нэвтрүүлж байна.

Тодруулбал, хүүхдийн фэйсбүүкт үзэж буй бүхий л мэдээллийг эцэг, эхэд нь рефорт хийдэг болгох гэж байна. “Танай хүүхэд энэ сайт руу ороод 30 минут болж байна. Ийм кино үзэж байна. Анхаарна уу” гэх мэтчилэнгээр рефорт өгнө. Бүртгэлтэй утасны дугаараар мэдээлэл нь очно гэсэн үг. Ирэх есдүгээр сарын 1-ээс энэ үйлчилгээ нэвтэрнэ.

- Насны хувьд хэдэн насны хүүхдүүдийг хамруулах вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй бүх хүүхдүүдийг хянана.

-Сүүлийн үед хүүхдүүд бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэлд автах нь маш их боллоо. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвөөс үүний эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах гэж байна вэ?

-Өчигдрийн байдлаар мэдээлэл авахад, он гарснаас хойш хүчирхийллийн золиос болсон, гэмт хэргийн хохирогч болж буй мөн хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд  нийлсэн 1620 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлчихсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөр бүр асуудал гарч байна. Тэр бүхэнд бид ажиллаж байна. 108 тусламжийн төв хажуудаа яаралтай тусламжийн машинтай болчихсон. Гэмт хэргийн асуудал гарахад цагдаатай зэрэгцээд очиж байна. Он гарснаас хойш 315 хүүхдийг гэмт хэргийн газар дээрээс нь бид авсан. Энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Хамгийн чухал зүйл урьдчилан сэргийлэлт. Тиймээс бид энэ жил хүүхэд хүмүүжлийн эерэг арга гэх канад эрдэмтний зохиосон аргалчлалыг 20000 хүнд сургалтаар хүргэх гэж байна. Тэр 20.000 хүн нь хоёр ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн хүмүүс юм. Албадан сургалт авч байна гэсэн үг. Ийм арга хэмжээг аваад эхлэхээр хүүхэд хүчирхийлэх хэрэг буурна гэдэгт итгэлтэй байна.

-Орон, гэргүй хүмүүсийн дэргэд буй хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг тэнэмэл иргэдийн судалгааг хийж тэдэнд зориулсан тусгай ажлыг авч хэрэгжүүлэх юм. Улсын хэмжээнд 1035 тэнэмэл иргэн байна. Энэ хүмүүстэй хамт 215 хүүхэд бий. Энэ 215 хүүхдэд бид хуулийн ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, эцэг, эх байх чадваргүй бол хүүхдийг нь хүчээр авна. Эрхийг зөрчихөөс өөр аргагүй. Налайхын Хонхорт тэнэмэл иргэдэд зориулсан тусгайлсан үйлдвэрлэлтэй амьдрах орчин нөхцөл бүрдүүлж байгаа. Энэ жил тэнд 600 орчим хүн очих болов уу гэсэн тооцооллыг хийж байгаа юм. Энэ ажлыг Нийслэлийн Засаг дарга хариуцан ажиллаж байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэлээ. Гэтэл хүчирхийлэлд өртсөний дараа тэр дундаа олон жил хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ямар арга хэмжээ авч ажиллаж вэ?

-Бид Сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй хамтарч ажиллаж байна. Европын холбооноос зарласан хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх чиглэлийн олон улсын тендерт олон улсын байгууллагатай хамтарч оролцоод ялалт байгуулсан.

Тэгэхээр бид энэ жилийн 187, өнгөрсөн жилийн 132, үүний өмнөх жилийн 89 хүүхдэд насан туршид нь нөхөн сэргээх чиглэлийн тусгай эмнэлгийн тасаг нээж ажиллуулна. Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод.

- PC тоглоомонд  донтсон хүүхдүүдэд энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх үү?

-Өнгөрсөн жил 215 хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэхээр ирсэн. Тэгэхээр PC тоглоомыг хаах бус шат дараатай арга хэмжээг авъя гэж байгаа юм. Стандартыг нь сайжруулж ажиллах цагийг нь тодорхой болгох, тоглох хүүхдийн насны хязгаарыг тогтоох гэсэн зарчмаар ажиллая гэж байгаа юм.

Удахгүй Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдөрт зориулан танай байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллах гэж байна вэ?

-Бид 18 төрлийн арга хэмжээг энэ өдөрт зориулан зохион байгуулах гэж байна. Нийтэд зориулсан арга хэмжээнээс гадна бизнесийн чиглэлийн байгууллагууд бидний хийж буй ажлыг нэлээн дэмжиж байгаа. Мэдээж хэрэг уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд арга хэмжээ болно Мөн баярлаж чадахгүй байгаа хүүхдүүдэд очно. Гэр хороололд хүнд нөхцөлд амьдарч буй 1000 орчим хүүхдийг баярлуулахаар бэлтгэж байна. Баярлуулна гэхээр бэлэг биш юм. Сургалтанд суух эрхийн бичиг өгөх ч юм уу ямар нэгэн байдлаар илүү үр дүнтэй бэлэг өгье гэж төлөвлөж байгаа.

-Ярилцсанд баярлалаа

Д.Хаянхярваа: Д.Сугарын оронд Ш.Солонгын нэр яригдсан

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “Өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой төслийг хөдөлгөх асуудлыг хэлэлцлээ. Ингэхдээ смаш сайн судалгаа хийх шаардлагатай гэж үзлээ. Тавантолгойн 30 хувьд нь олон улсын зах зээлд IPO гаргая. Цаашлаад Тавантолгойн төслийг дагалдах дэд бүтцүүд, үйлдвэр аж ахуйн газрууд гэх олон зүйлийн тооцоо, үндэслэл судалгааг гаргаж байж шийдвэрээ гаргахаар боллоо. Эцсийн байдлаар ирэх 7 хоногт МАН-ын бүлэг Тавантолгойн төслийг хөдөлгөх улс төрийн шийдвэрийг гаргахаар боллоо” гэсэн юм. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Тавантолгойн 30 хувь гэхээр хэдий хэмжээний хөрөнгөд IPO гаргана гэсэн үг вэ?

-Эцсийн байдлаар шийдээгүй. Засгийн газраас бүх зүйлээ тодорхой болгоод бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Үүний АН-ын бүлэг, Үндэсний аюулгүй байдал, УИХ-аар хэлэлцүүлнэ. Тээвэрлэлт, ложистик, цахилгаан станц, зам, үйлдвэрлэл, борлуулалт гэх мэт бүхий л асуудлыг дахин нягтлах шаардлага байна.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг бүлгээрээ ярилцсан уу?

-Энэ асуудлыг ярилцсан. Ерөнхийлөгч, УИХ-аас санал болгох хүнийг дэмжихээр болсон.

-ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгын нэр яригдсан гэдэг үнэн үү?

-Яригдсан. Ерөнхийлөгчийн зүгээс ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Буяндэлгэр, ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж нарын нэрийг оруулсан. 

Ирэх жилээс 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхэлнэ

1072 хувьцаа мэдээллийн төвийг өнөөдөр "Эрдэнэс таван толгой" компаниас нээлээ. Ингэснээр иргэд 1072 хувьцааны талаарх мэдээллийг авч болохоос гадна компанийн үйл ажиллагаа ил тод болж байгаа юм байна.

"Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн онд 461.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гадаад дотоод өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан байна. Иймд хувьцаа эзэшигчдэд ногдол ашиг өгөх боломж бүрдсэн аж. Харин 2019 оноос "Эрдэнэс Тавантолгой" компани 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхлэх юм байна. 

 О.Баасанхүүг Солонгос явж эмчид үзүүлэх шаардлагатай гэжээ

МАХН-ын үарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд “Өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх хуралдаж, МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Шүүх хуралдааны үед О.Баасанхүү МАХН-ын зарим гишүүдтэй ам зөрж маргалдсан.  Тухайн үед Улсын Дээд шүүхийн танхимд МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүү рүү дайрч элэг рүү нь өшиглөсөн, цохисон. Тэр даруйд цагдаад хандаад, шүүх эмнэлэгт очсон. Өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гарах байх. Уг маргааныг Э.Эрдэнэжамъян эхлүүлсэн юм. Гэтэл Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар О.Баасанхүүгийн буруу мэтээр ярьж байна лээ. Харин ч тэд өөрсдөө л маргаан эхлүүлсэн. 

Маргааш О.Баасанхүү маргааш Солонгост очиж биеэ үзүүлэхээр явна. Эмсч Солонгос явж үзүүлэх шаардлагатай гэсэн. УИХ-ын гишүүний биед халдаж, цохиж зодсон энэ үйлдэл нь МАХН-ын зарим гишүүдийн ёс зүйг харуулж байна. УИХ-ын гишүүн бол ард түмний сонголтоор гарч ирсэн, Үндсэн хуулиар хамгаалагдах бүрэн эрхтэй. Гэтэл Н.Уламбаяр энэ эрхэнд нь хадлаа. Н.Уламбаяр өнгөрсөн оны аравдугаар сард манай намын бас нэг гишүүнийг зодож, танхайрсан. Одоо бол давтан танхайрч байна”  гэсэн мэдээллийг өгсөн юм. 

ШӨХТГ: ХААН банк хууль зөрчсөн нь тогтоогдож торгуулийн арга хэмжээ авсан

Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.  ШӨХТГ-т ирүүлсэн мэдээллийн мөрөөр шалгахад “Хаан банк" ХХК нь 2017 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу уйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0 хувь, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг cap бүр 5,000 төгрөг авах шийдвэрийг гаргасан байна.  Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан Хаан банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд данс гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийхгүй байх анхааруулгыг хүргүүлсэн байна. 

ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар Хаан банк ХХК-ийн дээрх үйлдэл нь өрсөлдөөний тухай хууль, зөрчлийн тухай хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан байна.   

Мөн Alivemax” компанийн бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл өгч байгаа тухай ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар “Сакуралайфмакс” ХХК нь өөрийн импортлон худалдаалдаг “Alivemax” компанийн “хүнсний бүтээгдэхүүний ангилал"-д хамаарах 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж ойлгогдохоор сурталчилж байгаа нь тогтоогджээ. Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэн 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

 TV-9 телевизийн “Монгол коммент" нэвтрүүлгээр шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна гэсэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт, шалгалтыг дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжийн 10 ШTC-ыг хамруулсан байна.

Хяналт шалгалтын явцад “Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил илэрчээ. Үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагчтай хамтран тус салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтыг шалган, холбогдох хуулийн дагуу “Монсуль” ХХК-д  5,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгуулан ажиллажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оросын айлчлал хойшлов

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд энэ сарын 23-26-ны өдрүүдэд болох тов зарлагдсан билээ. Уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох байсан ч хойшилсон байна.

Учир ннь ОХУ-ын талаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээж авах бэлтгэл ажил нь хангагдаагүй гэсэн үндэслэлээр айлчлалыг хойшлуулсан аж. 

Х.Бадамсүрэн: “Эрдэнэт үйлдвэр” Стандарт банканд өр төлсөн асуудал огт байхгүй

Эдийн засгийн чуулга уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс тус үйлдвэртэй холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчит компани боллоо. Үүнийг дагаад улсын төсөвт өгөх үр өгөөж нэмэгдсэн үү?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг ирэх 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй ажиллаж байна. Өрсөлдөх чадвар болон үр ашгаа нэмэгдүүлэх гол чиглэлтэй ажиллаж байна. Ил уурхайн, баяжуулах фабрикийн, засвар механикийн төслүүдийг ээлж дараатай хэрэгжүүлнэ. Ирэх таван жилд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ жил “Эрдэнэт үйлдвэр” 40 жилийнхээ ойг тэмдэглэж байна. 40 жил болсон үйлдвэрийн техник тоног төхөөрөмжий сайжруулах шаардлага бий.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшиж буй тал үрэлгэн зардал гаргаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Энэ үнэн үү?

-“Эрдэнэт үйлдвэр” аль болох зардлаа хэмнэхийг хичээж ажиллаж байгаа. Зэсийн үнэ энэ онд арай гайгүй байна. Гэхдээ хуучин шигээ өсөхгүй байна. Өнөөдөр өсөөд, маргааш буураад байгаа. Ийм үед зардлаа хэмнэж, бага зардлаа хэмнэж бага зардлаар ажиллахаар зорьж байна.

-“Эрдэнэт үйлдвэр” 2019 оны улсын төсөвт хэдий хэмжээний татвар төлөх вэ. Өмнө нь 500 тэрбум төгрөгийн татвар жилд төлдөг байсан. Гэтэл энэ жил 100 гаруй тэрбум болтлоо багасаж төсвийн төсөөлөлд тусгагдсан байсан. Энэ ямар учиртай юм бол?

-2017 онд “Эрдэнэт үйлдвэр” улс, орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Цаашид үүнийгээ аль болох бууруулахгүйн төлөө ажиллаж байна.

-Зэсийн ханшийг ирэх жилүүдэд 7800 байхаар төсөөлсөн байсан. Энэ хэр бодитой вэ?

-7000 дөхөх байх гэсэн таамаглалтай байгаа. Бид чиглэл чиглэлийн эх үүсвэрээс судалгаа авч байгаа. Өөрсдөө ч энэ асуудалд дүн шинжилгээ хийгээд явж байна. Ер нь энэ сард гэхэд зэсийн үнэ 6600 орчим л байна.

-Арбитрын шүүх Стандарт банкны өрийг “Эрдэнэт үйлдвэр” төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан . та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Стандарт банк олон улсын Арбитрын шүүхээр явж байгаа. Мөн дотоодын хууль, хяналтын байгууллага ч энэ асуудлыг шалгаж байгаа. Тиймээс өр төлөөд эхэлсэн асуудал огт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Цаашдаа нэгэнт үүссэн нөхцөл байдлыг “Эрдэнэт үйлдвэр”-т, улсад хор хохирол багатай шийдвэрлэхийн төлөө үйлдвэрийн удирдлага ажлын хэсэг ажиллаж байна. Энэ асуудлыг шалгах Засгийн газар, УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн холбогдох хүмүүстэй уулзсан. Өнгөрсөн долоон хоногт газар дээр нь очиж ажилласан. Ингээд холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгсөн.

-Арбитрын маргаанд бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэсэн асуудлыг хуульчид яриад байгаа. Үнэхээр ийм асуудал болсон уу?

-Шаардлагын дагуу холбогдох бүх бичиг баримтыг гаргаж өгсөн. Энэ бол зөвхөн энэ жил яригдаж байгаа асуудал биш. Олон жил ярилаа шүү дээ.

-Стандарт банкны өрийг төлөөд эхэлсэн гэсэн үнэн үү. Хэрвээ өр төлөөд эхэлсэн бол хэдий хэмжээний мөнгө төлөөд байгаа вэ?

-Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” Стандарт банканд өр төлсөн асуудал огт байхгүй. 

-Эдийн засгийн чуулга уулзалт “Хүчээ нэгтгэе” гэсэн уриатай болж байна. Эдийн засагт төр, хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох ёстой вэ?

-Сайн менежмент л явуулах ёстой. Хувийн хэвшил ч бай, төрийн компани ч бай дор бүрнээ хичээж ажиллах ёстой. Би хувьдаа төр муу менежер  гэдэгтэй санал нийлдэггүй. Энэ бол хүний чадавхаас шалтгаална. Тиймээс баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид аль болохоор ажлын байр нэмэгдүүлэх, баялаг бүтээхийн төлөө л ажиллах хэрэгтэй.

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж эхэллээ

Өнөөдөр уламжлал ёсоор УИХ- дахь намын бүлгүүд хуралдана. Бүлгүүд энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтэдэг.  Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн төслийг хэлэлцэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна. 

ОНЦЛОХ ИШЛЭЛ: Хөрөнгө оруулагчдыг дэмжихэд анхаарах хамгийн гол зүйл нь бодлогын томоохон өөрчлөлтийг гэнэт хийхгүй байх

Яг одоо Төрийн ордонд "Монгол Улсын эдийн засгийн форум-2018" болж байгаа билээ. Форумын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого ба хэрэгжих хөтөлбөрүүд гэсэн сэдвээр оролцогчид мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.  Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хүндэт зочноор оролцож, “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавиллаа. Түүнчлэн өнөөдөр “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийнэ. Маргаашийн хурлыг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэх юм байна. Мөн “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх”, “төвлөрлийг сааруулах бодлого”, “Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү”, “Монгол Улсын брэндинг”, “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт”, “Цахим шилжилт ба блокчэйн”, “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдвээр салбар хурлууд болно. 

  Энэхүү форумаас дараах онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

-Монгол Улсын хөрөнгө оруулалт нэг салбарт төвлөрсөн байна.

-Нийгмийн бодлогыг тэргүүлэх зэрэглэл болгон 27 зорилтыг дэвшүүлээд байна. 

-Сүүлийн 21 сарын дотор -1,6 хувийн уналттай байсан манай эдийн засаг 6,1 хувь өсөлттэй болж чадлаа. 

-Улсын төсвийн алдагдал 2016 оны байдлаар 664 тэрбум алдагдалтай байсан бол энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ бол төсвийн алдагдалд бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм. 

-Хөрөнгө оруулалтыг хариуцсан мэргэжлийг байгууллага алга. 

-Монгол Улс улстөрчдийн буруу бодлогоос болж өрийн дарамтад орсон ийм цаг үед бид хүчээ нэгтгэн, хөрш орнуудын эдийн засгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулж, тодорхойлох шаардлагатай.   

-Хөрөнгө оруулалтын орчинд хамгийн чухал зүйл болох засаглалын тогтвортой байдал буюу шударга, хариуцлагатай, ёс зүйтэй засаглалыг бий болгоно. 

-Баялаг бүтээгчдээ дэмжих багц хуулийг гаргана. 

-Олон улсын зээлдэгч нар ч биднийг эергээр харах болсон. Харж эхэллээ. 

-Засаглалын реформын хүрээнд иргэд, баялаг бүтээгчид шударга, хариуцлагатай, тогтвортой бодлогыг хүсч байна. 

-Манай засгийн газар 2,8 их наяд төгрөгийн өрийг дарж барагдууллаа. 

-ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүтээж байна. 

-Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдыг дэмжихэд анхаарах хамгийн гол зүйл нь бодлогын томоохон өөрчлөлтийг гэнэт хийхгүй байх явдал.  

-Хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, макро эдийн засгийн бодлогыг сайжруулахад анхаарч ажиллана. 

 -Татварын багц хуулиар 2,5 тэрбумаас доош орлоготой, 200-аас доош ажилтантай жижиг дунд үйлдвэрийг татварын нэг хувийн, зээлийн, төрөлжүүлж хөгжүүлэх зэрэг орчныг бүрдүүлж ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих ёстой. 

Форум салбар хуралдаанаар үргэлжилж байна. 

“Оюутны хөгжлийн зээл”-ийн бүртгэлийг сунгажээ

Монгол Улсын Засгийн Газрын 46-р тогтоолоор батлагдсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгох хяналтын тоо батлагдаж ирсэн тул зээл авах оюутнуудыг бүртгэж эхэлжээ. Иймд 2018-2019 оны хичээлийн жилд тус зээлд хамрагдах оюутнуудад хэд хэдэн шаардлага тавьж буй аж. Үүнд:

-Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх

-Дүнгийн шалгуур

-Зээл хүсэгчдийн өргөдлийн маягт /ОХҮГ-аас авна/

-Ирээдүйн зорилгоо тодорхойлж бичсэн ЭССЭ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх /

-Иргэний үнэмлэхийн хуулбар

-Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуулбарСургуулийн голч дүнгийн тодорхойлолт

-Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувьТухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт /багц цагаар/

Эдгээр шаардлага хангасан оюутнуудын материалыг тавдугаар сарын 01-нээс зургадугаар сарын 01-ний өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.

Д.Сугарын оронд Ш.Солонго нэр дэвшихээр болжээ

Өнгөрсөн 7 хоногт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар “Цэцийн гишүүнээр буцаж томилогдох хууль эрхзүйн үндэслэл байгаа. Гэхдээ би болохгүй. Та нараас залхаж байна” гэсэн тайлбарыг өгсөн нь хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл энэ 7 хоногт Д.Сугарыг чөлөөлж түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох хүнийг сонгох юм байна. Түүний оронд сонгох хүний нэр ч яригдаж эхэлсэн байна. Тодруулбал, Д.Сугарын оронд  УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болсон талаарх мэдээлэл гарч эхлэв. 

Ерөнхийлөгч болон УИХ-ын даргаас цэцэд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан байна. Улмаар  өнөөдөр МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kelvinloans
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ГЭРЭЭНИЙ АРГА ХЭРЭГТЭЙ ХЭРЭГТЭЙ.                   (kelvinloans86@gmail.com)   Та энэ компанид энэ компанид тавтай морилно уу. Бид хувийн
2018/09/20 197.210.53.183
Harry
Таны өрийг төлөх, эсвэл эхлэхийн тулд хувийн санхүүгийн зээл хэрэгтэй байна шинэ бизнес уу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай: harryjim598@gmail.com Манай үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүйг ү
2018/07/07 217.64.42.215
Mr Barry Mike
Та төлбөр тооцоо, бизнесийг төлөхөд зээл хэрэгтэй юу? Бизнес эсвэл хувийн зээл олгох хууль ёсны компанийг хайж байсан уу? Та яаралтай тусламжийн зээл хэрэгтэй юу? Би АНУ-ын Сүлжээний Корпорацийн Капит
2018/06/26 41.217.24.76