8o
Улаанбаатар хот
mobile menu

“Фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хуралдаан боллоо

2018-05-21 11:00:00

Энэ сарын эхээр “Фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломжууд” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд оролцсон зохион тэр арга хэмжээ ач холбогдлын хувьд уг нь анхаарч үзэхээс аргагүй чухал сэдвийг хөндсөн. Харамсалтай нь ХХААХҮЯ-наас хэрэг болгож урьсан Төрийн нарийн бичгийн дарга нь ирээгүй юм. Ер нь хөгжилд амин чухал хэрэгцээтэй ийм сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлье гээд яамны дарга нарыг урихаар орны хүнээ явуулчихдаг тал бий л дээ. Нөгөөх нь эрх мэдэл багатай болохоор өөрийнхөө мэдлийн хүрээнд бага сага юм ярихаас хэтэрдэггүй. Тэр хуралд ирсэн яамны газрын даргын амнаас лав фермерийн аж ахуйг дэмжих талаар бодитой хэрэгтэй мэдээлэл дуулдаагүй. Мэдэл нь хүрэхгүй асуудлыг мэргэжилтэн ярина ч гэж юу байхав. Саяхан МҮОНТВ Фермерийг аж ахуйн хөгжлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна лээ. Тэр хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга урилга авсан хэрнээ орны хүнээ буюу мэргэжилтнээ явуулсан харагдсан. Яам шийдвэрийнхээ хэмжээнд, Засгийн газар бодлогынхоо хэмжээнд анхаарах ёстой сэдэв дээр манай төрийнхөн ийм л хөндий хандаж байна.

Фермер яагаад чухал вэ гэдэг асуултад хариу хайя. Монгол бэлчээрийн мал аж ахуйтай. Эрчимжсэн мал аж ахуй бараг хөгжөөгүй гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Бэлчээрийн малд хоёр сөрөг тал бий. Нэгд нэг талаас гарах сүү, махны гарц асар бага. Хоёрдугаарт мах, сүүний гарц муутай малын хөлд бэлчээр талхагддаг зовлон байна. Сүүлийн үед асуудал болоод байгаа цөлжилт, дулааралт, ган зуд зэрэг зовлонгууд бүгд л малын хөлд талхлагдсан газар нутгаас болж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлвэл нэг малаас гарах сүү, махны гарц сайжирна. Тэр хэрээр эдийн засагт эргэлдэх мөнгө өснө. Нөгөө талаас бэлчээрийн талхагдал, цөлжилт зэрэг асуудал арилна. Бас өнөөдрийнх шиг мах, сүүгээ гаднаас импортлох биш харин эсрэгээрээ гадагшаа экспортлох боломж нээгдэнэ. Монгол улс өчнөөн сая малтай хэрнээ махны экспорт хийж чаддаггүй нь шүлхийтэй холбоотой. Сүүгээ гаднаас аваад байгаа нь боловсруулах үйлдвэрлэл муутай холбоотой. Энэ бүхнийг шийдэх ганцхан гарц нь фермер.

Засгийн газар фермерийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд мөнгө төсөвлөсөн ч яамны зүгээс фермер хөгжүүлэхээр төслөө бариад явж байгаа хүмүүст лав хөнгөлөлттэй санхүүжилтын бараа харуулахгүй байгаа бололтой. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд өндөр үр ашигтай гахай, үхрийн фермийн төсөл боловсруулсан ч одоогоор дэмжлэг авч чадаагүй байгаа юм билээ. Эдгээр төслийг хэрэгжүүлэх боломжийг аль хэдийнэ судлаад санхүүжилттэй л бол хөдөлгөхөд бэлэн болгочихсон хэр нь өнөөг хүртэл ямар нэгэн дэмжлэгийг салбарынхаа яамнаас авч чадаагүй байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа банхар нохойны хөшөөг 280 сая төгрөгөөр босгож дуулиан дэгдээж явсныг иргэд андахгүй. Түүний хотын төсвөөр тоглосон жишээ ганц энэ үйл явдлаар тогтохгүй. Энэ удаа хөдөө аж ахуйн салбарын хамгийн чухал асуудал болсон эрчимжүүлсэн мал аж ахуйгаа орхигдуулаад фермерийн хөгжилд төсөвлөсөн мөнгийг өмнөх шигээ огт хэрэггүй зүйлд зараад яваа юм биш байгаа. Мал аж ахуйг хөгжүүлэх нэрээр авсан мөнгө хонь угаадаг ванн гэх мэт хэрэггүй зүйлд зарцуулагдаж байна гэсэн шүүмжлэл мэр сэр сонсогдоод эхэллээ. Мал хамгаалах сангаар дамжуулан мөнгө угаадаг гэх яриа ч  дуулдаж байна. Улстөрчид, сайд нар нь мал аж ахуйгаа мөнгө угаах хэрэгсэл гэж хараад байвал эрчимжсэн мал аж ахуй мөддөө хөгжихгүй нь бараг л тодорхой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл