8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Алтансүх: Хүүхдийн фэйсбүүкт үзэж буй бүхий л мэдээллийг эцэг, эхэд нь давхар хүргэдэг болгоно

2018-05-21 08:29:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдав. Хуралдаанаар хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэн шийдвэр гаргасан юм. Статистик тоо баримтаас үзвэл өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүүхдийн үйлдсэн 950 орчим гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд хохирч, 127 хүүхэд амь насаа алдсан байна.

Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй хүүхэд байжээ. Зам тээврийн осолд 1083 хүүхэд гэмтэж, 55 хүүхэд нас барсан. Хурдан морины 394 уралдааны үеэр 629 хүүхэд мориноос унаж 159 хүүхэд бэртэж, гэмтсэнээс хоёр нь амь насаа алдаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Улсын хэмжээнд хүүхдийн асрамж, халамжийн 36 төвд 1019 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Үүнээс улс, нийслэлийн санхүүжилтээр ажилладаг гурван төв 357 хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж  байна. Олон улсын болон төрийн бус байгууллагын санхүүжилтээр ажилладаг 33 асрамж, халамжийн төвд 662 хүүхэд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Тиймээс хүүхдийн өсөх орчинг сайжруулах, эрүүл мэндийг нь дэмжих, бүхий л орчинд нь эрхийг нь хангах болон гэмт хэрэг болон бусад хүчин зүйлээс хэрхэн хамгаалахын тулд цаашид ямар ажил хийх талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс тодрууллаа. 


-Өнөөдрийн хуралдаанаас хүүхэд рүү чиглэсэн ямар ажлыг хийхээр төлөвлөв. Хуралдааны үр дүн юу байв? 

- Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны явцад 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Энэ төлөвлөгөөгөөр Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засаг дарга нараас эхлээд бүхий л шатны дарга нар болон төрийн байгууллагуудын хариуцах үүргийг зааж өгсөн. Тэгэхээр энэ удаагийн хурал богино хэдий ч маш үр дүнтэй болсон гэж дүгнэж болохоор байна. Тодруулбал, цахим орчинд хүүхдийг хамгаалах нэлээн хэдэн ажлыг урагшуулахаар боллоо. Ер нь хүүхэд хамгааллын чиглэлээр томоохон өөрчлөлтүүд гарч байгаа. Тухайлбал, зуслангуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс дэмжихээр тогтоол гаргалаа. Өнгөрсөн жил 57000 хүүхэд зусланд хамрагдсан. Энэ жил энэ тоог 100.000 хүргэх төлөвлөгөөтэй байна. Мөн асрамж халамжийн төвүүдийг цэгцлэхээр болсон. Хувь хүмүүс хүүхэд асрах төв нээгээд янз бүрийн байдлаар санхүүжилт босгож буй үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдийн хувьсах зардлыг төрөөс олгоно. Тэдний хяналт шалгалтыг сайжруулахыг шаардана. Хүүхдийнхээ тоог нарийн гаргана. Жилийн өмнө асрамж халамжийн төвд нийт 1420 хүүхэд байсан. Бид нэгдсэн бүртгэл хийгээд хурууны хээг нь бүртгэхэд 1010 хүүхэд амьдарч байсан. Эдгээрээс 615 хүүхэд нь хагас ба бүтэн өнчин.

Гэр бүлтэй хүүхэд  ч мөн асрамж халамжийн төвд амьдарч байна. Тиймээс бид тэдгээр хүүхдүүдийн эцэг, эхийнх нь судалгааг гаргаад хүлээлгэж өгөөд үүрэгжүүлэх ажлыг хийнэ. Хүүхдээ авахгүй гэвэл эцэг, эх байх эрхийг хасна. Энэ мэт тодорхой шийдвэр гаргасан үр дүнтэй хурал боллоо.

- Цахим орчинд хүүхдийг хамгаалах, хэрэглээг нь хянах ажлыг хийхээр боллоо гэж хэллээ. Энэ талаар тодруулна уу?

-Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо технологийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Засгийн газраас үүрэг өгсөн. Бид ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нийт интернэт хэрэглэдэг хүүхдийн тоо тэдгээртэй холбоотой програм хангамжийн нэлээд олон зүйлийг судалсан. Эхний ээлжинд бүх хүүхдийн утасны дугаарыг бүртгэлтэй болгож байна. Фэйсбүүкт заавал өөрийнхөө зургийг тавьж байж ашиглана гэсэн зарчмыг баримтална. Хамаагүй нэр, зураг тавьж фэйсбүүкийг ашиглахгүй гэсэн үг. Манай харилцааны чиглэлийн хүмүүс энэ асуудлаар Фэйсбүүк компанитай ярилцаж тохирсон. Мөн цахим орчин дахь хяналт шалгалтыг сайжруулахаар нэг төрлийн програм хангамжийг нэвтрүүлж байна.

Тодруулбал, хүүхдийн фэйсбүүкт үзэж буй бүхий л мэдээллийг эцэг, эхэд нь рефорт хийдэг болгох гэж байна. “Танай хүүхэд энэ сайт руу ороод 30 минут болж байна. Ийм кино үзэж байна. Анхаарна уу” гэх мэтчилэнгээр рефорт өгнө. Бүртгэлтэй утасны дугаараар мэдээлэл нь очно гэсэн үг. Ирэх есдүгээр сарын 1-ээс энэ үйлчилгээ нэвтэрнэ.

- Насны хувьд хэдэн насны хүүхдүүдийг хамруулах вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй бүх хүүхдүүдийг хянана.

-Сүүлийн үед хүүхдүүд бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэлд автах нь маш их боллоо. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвөөс үүний эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах гэж байна вэ?

-Өчигдрийн байдлаар мэдээлэл авахад, он гарснаас хойш хүчирхийллийн золиос болсон, гэмт хэргийн хохирогч болж буй мөн хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд  нийлсэн 1620 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлчихсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөр бүр асуудал гарч байна. Тэр бүхэнд бид ажиллаж байна. 108 тусламжийн төв хажуудаа яаралтай тусламжийн машинтай болчихсон. Гэмт хэргийн асуудал гарахад цагдаатай зэрэгцээд очиж байна. Он гарснаас хойш 315 хүүхдийг гэмт хэргийн газар дээрээс нь бид авсан. Энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Хамгийн чухал зүйл урьдчилан сэргийлэлт. Тиймээс бид энэ жил хүүхэд хүмүүжлийн эерэг арга гэх канад эрдэмтний зохиосон аргалчлалыг 20000 хүнд сургалтаар хүргэх гэж байна. Тэр 20.000 хүн нь хоёр ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн хүмүүс юм. Албадан сургалт авч байна гэсэн үг. Ийм арга хэмжээг аваад эхлэхээр хүүхэд хүчирхийлэх хэрэг буурна гэдэгт итгэлтэй байна.

-Орон, гэргүй хүмүүсийн дэргэд буй хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг тэнэмэл иргэдийн судалгааг хийж тэдэнд зориулсан тусгай ажлыг авч хэрэгжүүлэх юм. Улсын хэмжээнд 1035 тэнэмэл иргэн байна. Энэ хүмүүстэй хамт 215 хүүхэд бий. Энэ 215 хүүхдэд бид хуулийн ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, эцэг, эх байх чадваргүй бол хүүхдийг нь хүчээр авна. Эрхийг зөрчихөөс өөр аргагүй. Налайхын Хонхорт тэнэмэл иргэдэд зориулсан тусгайлсан үйлдвэрлэлтэй амьдрах орчин нөхцөл бүрдүүлж байгаа. Энэ жил тэнд 600 орчим хүн очих болов уу гэсэн тооцооллыг хийж байгаа юм. Энэ ажлыг Нийслэлийн Засаг дарга хариуцан ажиллаж байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэлээ. Гэтэл хүчирхийлэлд өртсөний дараа тэр дундаа олон жил хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ямар арга хэмжээ авч ажиллаж вэ?

-Бид Сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй хамтарч ажиллаж байна. Европын холбооноос зарласан хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх чиглэлийн олон улсын тендерт олон улсын байгууллагатай хамтарч оролцоод ялалт байгуулсан.

Тэгэхээр бид энэ жилийн 187, өнгөрсөн жилийн 132, үүний өмнөх жилийн 89 хүүхдэд насан туршид нь нөхөн сэргээх чиглэлийн тусгай эмнэлгийн тасаг нээж ажиллуулна. Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод.

- PC тоглоомонд  донтсон хүүхдүүдэд энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх үү?

-Өнгөрсөн жил 215 хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэхээр ирсэн. Тэгэхээр PC тоглоомыг хаах бус шат дараатай арга хэмжээг авъя гэж байгаа юм. Стандартыг нь сайжруулж ажиллах цагийг нь тодорхой болгох, тоглох хүүхдийн насны хязгаарыг тогтоох гэсэн зарчмаар ажиллая гэж байгаа юм.

Удахгүй Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдөрт зориулан танай байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллах гэж байна вэ?

-Бид 18 төрлийн арга хэмжээг энэ өдөрт зориулан зохион байгуулах гэж байна. Нийтэд зориулсан арга хэмжээнээс гадна бизнесийн чиглэлийн байгууллагууд бидний хийж буй ажлыг нэлээн дэмжиж байгаа. Мэдээж хэрэг уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд арга хэмжээ болно Мөн баярлаж чадахгүй байгаа хүүхдүүдэд очно. Гэр хороололд хүнд нөхцөлд амьдарч буй 1000 орчим хүүхдийг баярлуулахаар бэлтгэж байна. Баярлуулна гэхээр бэлэг биш юм. Сургалтанд суух эрхийн бичиг өгөх ч юм уу ямар нэгэн байдлаар илүү үр дүнтэй бэлэг өгье гэж төлөвлөж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. 

Т.Хулан 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Наран
Зөв сайн байна
2018/05/21 103.9.90.53